МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалт, Эрчим хүч, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр бүхий дөрвөн хүнийг дэвшүүлээд байгаа. Харамсалтай нь нэр дэвшсэн хүмүүст иргэд тийм ч таатай хандахгүй, зарим нь ашиг сонирхолын зөрчилтэй байж мэдэхээр байгаа юм. Хэдийгээр дээрх дөрвөн хүний хөрөнгө орлого, ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянах хуультай, ямар дүгнэлт гаргах нь эргэлзээтэй байгаа.
Арьсны өвчин судлалын төвийн дарга А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэнд тус төвийн эмч ажилчид нь ихэд баяртай байгаа. 10 гаруй жил энэ эмнэлгийг удирдсан түүнийг дэвшүүлэн “зайлуулах” болсонд нь магнай нь тэнийж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн, Төв аймгаас удаа дараа сонгогдож төрийн түшээ болсон Н.Энхболдтой худ ургийн барилдлагатай тэрбээр МАН олонх болсон үеэс л Эрүүл мэндийн сайд болно хэмээн хөөрцөглөж явсан гэж таньж мэдэх хүмүүс нь хэлж байв.
Тэрбээр ХӨСҮТ-ийн даргаар ажиллахын зэрэгцээ хувьдаа 10 давхар барилгатай арьс, харшилын “Аллерги мед” гэдэг эмнэлэг 2014 онд нээсэн, бас эмийн сан байгуулсан гээд ашиг сонирхолын зөрчил үүсэж болохоор байгаа юм. Тэндээ өндөр эмчилж чадаагүй өвчтөнүүдээ улсынхаа эмнэлэг рүү шилжүүлэн туршлагатай эмч нарынхаа гарт даатгачихдаг гэсэн мэдээлэл ч бий.
Ийм ашиг сонирхолын зөрчилтэй хүн Эрүүл мэндийн сайдад нэр дэвшив. АТГ урьдчилсан мэдүүлгийг нь хянаад ямар дүгнэлт гаргахыг харъя. Өмнө нь тус салбарын сайдад нэр дэвшсэн Ж.Цолмонгоосоо дордуулчих шиг л боллоо гэх хүмүүс МАН-ын гишүүд дунд олон байна.
Бусад нэр дэвшигчийн хувьд ч ялгаагүй олны дунд нэр хүнд муу байна. Г.Мөнхбаяр хотын захирагчаар ажиллаж байхдаа нийслэлийг хөгжүүлээгүй, газрыг нь зарсан, Т.Энхтайван яамныхаа залуу охидыг зүгээр байлгадаггүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч П.Сэргэлэн нь төрд ажиллаж байсан түүх нь бүрхэг, УИХ-ын даргын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг хүн хэмээн таагүй хандаж байгаа юм.