Монголчууд тал дүүрэн бэлчсэн таван хошуу мал, байгалийн унаган төрх, агуу гайхамшигт түүх, соёл, өв уламжлалаараа АСЕМ-ын өндөр дээд хэмжээний зочдын нүдийг бүлтийлгэж байсан цаг ердөө саяхан. Монголыг Монголоор нь дэлхий нийтийн анхаарлын төвд аваачиж чадсан таримал бус, төрмөл ийм сайхан имижтэйдээ бид өөрсдөө хүртэл омогшиж, огшиж байв. Гэтэл түүнээс тавхан хоногийн дараа Монгол урагшилсан орон зайгаа хэд үржүүлээд ухарчихлаа. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.
Долдугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “ногоон хөгжил” гэдэг үгийг “сугалж” хаясан даа. Энэ бол манайхны хувьд дүүжлүүрийн олсоо өөрсдөө зэхсэнтэй дүйцэхүйц маш том ухралт гэдгийг сандал, ширээний төлөө орондоо унтах завгүй “олзлон булаалдаж” яваа хүмүүс анзаараагүй байж мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хэн томилогдсон, түүний юу хийх, эсэх нь энд хамаагүй. Гагцхүү “ногоон хөгжил” хэмээх энэ хоёр үг яагаад тийм чухал гэдгийг л онцолмоор байна. Яагаад гэвэл өнөөгийн дэлхий ертөнцийн чиг хандлага тэр чигээрээ тогтвортой ирээдүй буюу ногоон хөгжил рүү зорьж байгаа учраас тэр.
АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийнх нь болох Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бүхэл бүтэн салбар хуралдаан “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдэвтэй байсан нь жирийн хэрэг огт биш билээ. Аливаа улс, хотын хөгжлийг хэмжихдээ байгаль орчинд ээлтэй байна уу, үгүй юү гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон өнөө цагт хөрөнгө оруулагчид ч үүнийг ихээхэн анхаарч буйн тод жишээ энэ. Ийм алтан агшинд томоохон улс гүрнүүдийн удирдагчид сая манайд үдэлсэн юм.
“Бидний хайгаад буй тогтвортой хөгжлийн үзэл баримтлал чинь Монголоос эхтэй юм биш үү. Монголчууд байгаль дэлхийтэйгээ маш сайн дасан зохицож амьдардаг юм байна” гэсэн бодол зочдодоо төрүүлж ч чадсан болов уу. Энэ утгаараа хүн төрөлхтний хөгжлийн буухиа уралдааныг урдаас нь амдаж тосон, гүйцэх таатай боломж монголчуудад нээгдсэн гэхэд хилсдэхгүй. Харин тэднийг онгоцонд суулгаж үдэнгүүтээ “Уучлаарай, бид өөр замаар явахаас аргагүй боллоо” гэж мурьсан нь үнэхээр тоогүй.
Төр, засаг солигдох тоолонд яамд, агентлагийн нэр ёс юм шиг өөрчлөгдөж л байдаг. Тэр болгонд “Эд нар ингэдэг байхгүй юү” гээд манайхан хээв нэг хүлээж авдаг.
Харин энэ удаа арай биш ээ. 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэс Байгаль орчны яамтай үргэлж “хүзүү, сээрээрээ хэлхээтэй” явж ирсэн аялал жуулчлалын салбарыг салгаж, түүний оронд ногоон хөгжлийн асуудлыг анхаарлын төвд авчран, яамыг нь үндсэн чиг үүргийнх болгосонд олон хүн ам сайтай байсан. Дөрвөн жилийн хугацаанд гурван сайдын нүүр үзсэн “үйлийн үртэй” яам энэ байсан боловч ногоон хөгжлийн үзэл баримтлал, бодлого, стандарт, хууль дүрэм, хийх ажлын төлөвлөгөөнүүд батлагдаж, бүхий л салбарт ахиц гараад байв.
2012 онд ногоон хөгжлийн концепцоо гаргаж, энэ оны эхээр Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болоод Ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулсан. Тэр болгонд ногоон хөгжлийн гол зорилтуудыг шигтгэж, хэрэгжүүлэх ажлаа хийх эзэнтэй нь зааж өгснөөрөө эргээд буух эзэн, буцах хаягтай болсон юм. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний яам гэхэд л Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиа батлуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжсэн бодлогуудаа тодорхойлж, ажил хэрэг болгох арга замаа эрэлхийлж эхлээд буй.
Барилгын салбарынхан ч мөн адил ногоон барилгын стандарт батлуулахаар тал талд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа бол Сангийн яам гэхэд л ногоон худалдан авалтын бодлого, хөтөлбөрөө боловсруулж байлаа. Тав, зургаахан жилийн өмнө ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй байна гэдгийг салбарын яамны хүрээнд л ярьдаг байсан бол өдгөө энэ асуудлыг төр, засгийн хэмжээнд өргөн хүрээнд даацтай авч үздэг болоод байв. Улсын хэмжээний ажилтай зэрэгцээд Монголын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө УИХ-аар анх удаа батлуулж амжсан билээ. Харин одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ бүх ажлыг бодлогоор нэгтгэн зангидаж чадах болов уу. “Ногоон хөгжил” гэсэн малгайгаа авч хаясан тэдний үгэнд бусад нь орох болов уу.
Учир мэдэх хүмүүс байгаль орчин, аялал жуулчлал гэсэн хоёр салбар үйл ажиллагааны чиг үүргийн хувьд хоорондоо зөрчилдөх нь элбэг тул эднийг нэгтгэн хамтад нь удирдаж буй хүнд хэт их эрх мэдэл очдог тухай ярьдаг юм билээ. Гэтэл энэ Засгийн газар ногоон хөгжлийн асуудлыг дахиад л “дайвар бүтээгдэхүүн” болгож орхиод, байгаль орчин, аялал жуулчлал хоёрыг эвцэлдүүлээд наачихлаа. МҮХАҮТ-ын болон ШУА-ийн цэвэр технологийн мэргэжилтнүүд “Үндсэн чиг үүргийн яамны нэрэнд ногоон хөгжил гэсэн үг байснаараа олон хүнийг энэ зүгт уриалан дуудах хөшүүрэг болсон. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө гараад бүх шатанд ажил амжилттай урагшилж байтал одоо нэрийг нь авчихлаа. Энэ бол ухралт” хэмээн онцолсон нь учиртай биз.
Харин БОАЖЯ-ны нэгэн эрхмээс энэ талаар асуухад “Яамны нэрийг өөрчилсөн ч Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрыг татан буулгахгүй, Цэвэр технологийн хэлтсийн орон тоог харин ч нэмнэ гэсэн болохоор санаа зовохгүй байгаа” гэв. Нэр солигдсон ч агуулга нь өөрчлөгдөхгүй байвал үнэхээр сайн л байна. Дэлхий дээр өөр хаана ч байхгүй олон гайхамшигтай зүйл Монголд бий. Түүнийгээ давуу тал болгон хөгжүүлж чадахгүй бол бидний хохь л болно. Тиймээс ногоон хөгжил гэдэг нэрийг санаатай, санамсаргүй авч хаяснаас болоод амжилттай хэрэгжиж буй бодлого нь бүү ухраасай хэмээн шинэ сайдаас чин сэтгэлээсээ хүсэх байна.
Монгол Улс ногоон хөгжлийн бодлоготой орон юм байна, нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, өндөр үр ашигтай орчин үеийн технологиор үйлдвэрлэлээ дэмжвэл тогтвортой хөгжих боломжтой гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсний илэрхийлэл нь 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдыг нь НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон явдал гэхэд буруудахгүй.
Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын ногоон индэр дээрээс манай Төрийн тэргүүн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн асуудлаар илтгэл тавьсан. Дараа нь арванхоёрдугаар сард Парис хотноо 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар чуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх үүрэг, амлалт авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнд жинтэй үг хэлж байв. Энэ бол монголчууд ногоон хөгжлийн салбарт хэр амжилттай манлайлж яваагийн жишээ мөн.
Хэдхэн хоногийн дараа Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт гурав дахиа чуулах гэж буй. Тэд ногоон эдийн засгийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ. Гэтэл монголчууд өмнөх ажлын үр дүнгээсээ ухарчихаад урвайж суумааргүй байна. Тиймээс өнгөрсөн оны сүүлчээр Парист болсон хотуудын дарга нарын чуулганд танилцуулсан Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлээрэй, хотын дарга аа.
“Үндсэн чиг үүргийн яамнаас нь ногоон хөгжил гэдэг нэрийг Засгийн газар өөрөө авч хаясан юм чинь тэдний шийдвэрийг дагана” гэвэл түүн шиг харамсалтай зүйл үгүй билээ. Монголын хүн амын тал нь амьдарч буй нийслэл хотоо ногоон хөгжилд хүргэхийн тулд өмнөх удирдлагууд ихээхэн хичээл зүтгэл гаргасны ачаар “Ногоон хөгжил бол монголчуудад тун ойр энгийн ойлголт юм байна” гэдгийг нэг үеэ бодоход иргэд ойлгож эхлээд буй.
Дулаан, цахилгаан, усаа хэмнэж, шаардлагагүй хоол хүнс, хувцаснаас татгалзаж сурах нь өрхийн эдийн засагт ч, ногоон амьдралын хэв маягт ч тустайг гадарлах хүн улаанбаатарчуудын дунд цөөнгүй болсон. Тиймээс одоо материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан манай нүүдлийн соёл иргэншил тэр чигээрээ үнэт зүйл гэдгийг олон хүнд ойлгуулах нь чухал юм шүү.