"Рио-2016" олимпийн наадамд оролцох монголын баг тамирчид Рио де Жанейро хотод очиж эхэллээ. Монголын баг тамирчид Volta Redonda хотын спортын төвд төвхнөх аж. МҮОХ болон Спортын бэлтгэлийн төвийн албаны хүмүүс тус хотын спортын төвд очин баг бүрэлдэхүүнээ угтан авах бэлтгэл ажлаа хангаад байна. Монголын спортын байгууллагууд энэхүү спортын төвтэй гэрээ хийсэн юм. Манай тамирчид энд бэлтгэлээ хангаж, жүдогийн 24, боксын 16, байт харвааны гурав, таэквондогийн дөрөв, чөлөөт бөхийн 28 тамирчин (эрх авсан болон бэлтгэл хангагчид) болон дасгалжуулагч, эмч, илээч нарыг өнөөдрөөс хүлээж авах юм. Мөн манай баг анх удаа олимпийн наадамд тогоочоо дагуулан очжээ. Монголын багийн тамирчдын хоолыг хоол зүй, шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн тогооч Ц.Байгальмаа хийхээр Риод очоод байна.