Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр өндөрлөв. Энэ сарын тэмцээн тун өрсөлдөөнтэй боллоо. Учир нь тэмцээний сүүлчийн өдөр түрүү бөх тодорсон. 15 дахь өдөр манай хоёр ёкозүна Хакүхо, Харүмафүжи нарын барилдаан ялагчийг шийдлээ. Хэрэв Хакүхо давбал, Харүмафүжи, озэки Кисэносато, маэгашира Таканоива нар ижил 12 даваа, гурван унаатай болж, түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийх байсан. Харин Харүмафүжи давсан тохиолдолд 13 даваа, хоёр унаатай болж шууд түрүүлэх байв. Хоёр аваргын барилдаанд Харүмафүжи ёрики мэхээр давж, найм дахь түрүүгээ хүртлээ. Аварга “Түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Бага зэргийн гэмтэлтэй байсан ч шүд зуун барилдаж байлаа. Сүмог дэмждэг, хайрладаг, надад зөвлөдөг олон хүний сэтгэлийн дэмээр тэмцээнд түрүүлж чадлаа. Нагоя башё надад ээлтэй байдаг. Нагоячууддаа баярлалаа” гэв. Их аварга Хакүхо 13 даваа авбал 1000 даваанд хүрэх байсан Нагоя башёг 10 даваатай дуусгалаа. Тэрбээр баруун гар болон баруун хөлдөө бэртэлтэй ч их аваргын буурь заан барилдсаар башёг өндөрлүүлсэн юм.
Япон озэки Кисэносато энэ тэмцээнд хэрвээ 13 ба түүнээс олон даваа авч, гурван аваргатай тэнцүүхэн барилдаж, тэднийг ялсан тохиолдолд ёкозүна цолны болзол сонссон. Харамсалтай нь түүний мөрөөдөл талаар болов. Тэрбээр 12 даваатай тэмцээнийг дуусгалаа. Гэхдээ мэргэжлийн сүмогийн холбооны удирдлагууд болон шүүгчдийн зөвлөл түүний энэ сарын барилдаануудыг өндрөөр үнэлжээ. Тэд “Озэки Кисэносато сүүлчийн өдөр хүртэл түрүүлэхийн төлөө өрсөлдлөө. Ирэх тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолны талаар ярилцаж болох юм” хэмээн өгүүлэв. Нагоя башёд арслан цолоо хамгаалах даалгавартай нүүр тулсан манай озэки Тэрүнофүжи сүүлчийн өдөр сэкивакэ Кайсэйг орхин цолтойгоо үлдэв. Том цолтой бөхчүүдээс ёкозүна Какүрюү, озэки Котошёогикү нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон юм. Өмнөх тэмцээнүүдэд олны хүлээлтэд төдийлэн хүрч барилдаагүй манай сүмоч А.Ичинноров энэ башёд маэгаширагийн зүүний долоогоос босож, есөн даваа авлаа. Тэмцээний дараа түүнийг магтах хүн олон байв. Тэрбээр “Өөрийн гэсэн барилдааны арга барилаа олохыг хичээж байгаа. Энэ башёд үүнээс илүү даваа авах зорилготой байсан. Ганц, хоёр барилдаанд алдаа гаргаж уналаа. Ирэх тэмцээнд алдаагаа давталгүй сайн барилдахын төлөө бэлтгэлээ хийнэ” хэмээн ярив. Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүд бүгд 50 хувийн амжилтаа үзүүлэв. Мөн маэгаширагийн зүүний 10-аас эрэмбэлэгдэн барилдсан Таканоива А.Баасандорж 12 даваа авч, дайчин барилдааны шагнал хүртлээ.
Макүүчи зиндаа
Зүүн Цол Баруун
Хакүхо 10-5 Ёкозүна Какүрюү гэмтэл
Харүмафүжи 13-2 Екозүна
Кисэносато 12-3 Озэки Котошёогикү гэмтэл
Гоэйдо 7-8 Озэки Тэрүнофүжи 8-7
Кайсэй 7-8 Сэкивакэ Точиношин 6-9
Котоюүки 2-13 Комүсүби Такаясү 11-4
Митакэүми 5-10 Маэгашира1 Точиоозан 8-7
Окиноүми 8-7 М 2 Такарафүжи 10-5
Оосүнаараши гэмтэл М 3 Миёогирюү 7-8
Шёохозан 5-10 М 4 Икиой 5-10
Шёодай 9-6 М 5 Ёшиказэ 10-5
Аойяма 8-7 М 6 Эндо 3-12
Ичиножёо 9-6 М 7 Дайшёомарү 7-8
Чиёоотори 9-6 М 8 Такэказэ 6-9
Чиёонокүни 7-3 М 9 Соококүрай 6-9
Таканоива 12-3 М 10 Саданоүми 7-8
Тоёоношима гэмтэл М 11 Дайэйшёо 5-10
Тамаваши 9-6 М 12 Токүшёорюү 6-9
Тоёохибики 7-8 М 13 Аминишики гэмтэл
Кагаяки 7-8 М 14 Нишикиги 9-6
Китахарима 6-9 М 15 Саданофүжи 4-11
Араваши 9-6 М 16