Метрополис хотын иргэд бид Улаанбаатарынхаа гудамж, талбай, өргөн чөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Уг нь хотын соёлд сургах гээд “Авто радио 96.3”-аар гудамж талбайн нэршлийг хэлээд байдаг ч тэр бүр тогтоосон нь ховор. Аль нэг томоохон байгууллага, кино театр, төв талбай, хэдэн автобусныхаа буудлаар л багцаалж хүрэх газартаа арайхийж очдог. Такси хөлөглөөд очих газрынхаа нэр, хаягийг хэлэхэд өөдөөс “Хаана байдаг юм” гэдэг жолооч олон болсон. Хотын наад захын соёл энэ мэтээс эхэлнэ.
Байр байшингийн хаягаа томоор бичиж хадах, албан байгууллагын хаяг монгол хэл, бичгээр байх гээд баахан журам өдий болтол хэрэгжихгүй л байна. Латин үсгээр галиглан бичсэн, хятад, солонгос ханзаар арзайлгасан хаяг харьцангуй цөөрсөн ч, бүр арилаагүй. Эрээнд явна уу, Сөүлд яваа юм уу гэдгээ ойлгохгүй хэдэн жил болж байснаа бодвол ч хаягийн стандартыг хэвшүүлэх гэж хичээж л байна.
Хаягийн стандарт нэг ийн хэвшмэр аядаж байтал нийслэл маань гадаадын хотуудын нэртэй гудамжаар дүүрэх нь.
Олны хөлийн газар “Нарантуул”-аас гараад Намъянжугийн гудамжаар өгсөн Зүүн дөрвөн замд хүрлээ. Гэрэл дохиогоор зүүн гар тийш эргэж, Бөхийн өргөөний уулзвараар хойшоо чиглэсэн замаар орвол Токиогийн гудамж болчих юм. “Чингис хаан” зочид буудлын гэрэл дохиогоор эргэхээр Бээжинд “хүрчихнэ”.
Бээжинтэй Эрхүү, Денвер хотууд “холбогдоно”. Хөгжим бүжгийн коллежийн зүүн талаар Их тойруу хүрэх гудамжийг Эрхүүгийнх гэж байгаа юм. Харин Сэлбэ голын эрэг дагуу явсан шинэ замыг Денвер гэж нэрийдэх тогтоол НИТХ 2006 онд баталсан аж. Бээжингийн гудамжнаас Сүхбаатарын гудамж өнгөрөөд дараа нь Анкара. “Хүнсний 1”-ийн уулзвараас хойш СУИС хүрэх өргөн чөлөөг 10-аад жилийн өмнөөс Туркийн нийслэлийн нэрэмжит болгосон.
Энэ мэтээр ах дүү хотууд, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх үүднээс гадаадын хотуудаар нэрлэсэн гудамж талбай байж бололгүй л яах вэ.
Харамсалтай нь, тэдгээр гудамж тухайн улс, орны өнгө төрхийг илэрхийлэх зүйл бараг үгүй гэхэд буруудахгүй. Бээжингийн гудамж хятад ханзтай хаалга, сүүдрэвчүүдийг эс тооцвол шүү дээ. Хамгийн гол нь Москваг, Анкараг, Сөүлийг, Денверийг санагдуулсан онцлог, бэлгэ тэмдэг, эсвэл тэдгээр хотын хамгийн алдартай зүйлүүдийг хараад л танихаар тийм бүтээн байгуулалтыг хийвэл зүгээр санагдах юм. Тэгж байж л нүүр бардам нэршил болох бус уу.
Ер нь үүнээс үүдээд гадаадын орнуудад манай улсын нийслэлээр нэрлэсэн гудамж хэр олон байдаг бол. Эрхүүд байдгийг нь мэдэх юм байна. Өөр хаана байдаг бол доо.