Гадаадын эрчим хүчний мэргэжилтнүүд Монголыг “нарлаг орон, эрчим хүчний диваажин” гэдэг. Тэгвэл манай улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өчигдөр байгууллаа. Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барих нь.
Манай улсын аж үйлдвэрийн хоёр дахь том төвд цахилгаан станц барих ажлыг долдугаар сарын эцсээр эхлүүлэхээр төлөвлөсөн агаад энэ онд барьж дуусгана гэдгийг төслийн удирдагч Н.Энэбиш өгүүлэв. Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх гэнэ. Улмаар жилд 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх аж. Түүгээр зогсохгүй Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хамтарсан кредитийн механизмд уг төслийг (хүлэмжийн хийн ялгарал бууруулахыг харгалзан) хамруулах болсон таатай мэдээ байна.
Цахилгаан станц барих ажилд дотоодын гурван компани оролцох бөгөөд арлын орны “Sharp” корпорацын өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм байна. Мөн нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авах гэнэ. Тэдгээр нь хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллах шаардлага хангадаг аж. Ингэснээр дэлхийн стандарт хангасан нарны цахилгаан станц барьж чадна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж буй.
Н.Энэбиш “Уг станц нь Монгол Улсын нарны анхны мега цахилгаан станц болох юм. Станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжүүлэх төслүүдийн хувь заяа хамаарна. Иймээс шилдэг техник технологи ашиглан, жишиг төсөл болгохоор ажиллана. Энэ төрлийн станц байгуулахад тавьдаг олон улсын чанарын стандарт, техникийн шаардлагыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байгаа. Хэрэв энэ нарны цахилгаан станц үр ашигтай ажиллавал Монголын хаана ч ийм төрлийн эх үүсвэр үр ашигтай ажиллах боломжтойг харуулах юм.
Дарханд аж үйлдвэрээс гадна ШУТИС-ийн салбар сургууль бий. Тиймээс өндөр технологийн нарны цахилгаан станц нь тус сургуулийн сургалтын бааз болж ажиллана. Улмаар дараагийн станц барих боловсон хүчин, технологийн суурь болно гэж найдаж байгаа. Энэхүү станц ашиглалтад орсноор Дарханы 20.000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж энгийнээр ойлгож болно. Станц жилийн турш ажиллах юм.
Анхны хөрөнгө оруулалт өндөр ч ашиглалтын зардал маш бага байна” гэв. Түүнчлэн “Solar power international”-ийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр “Хуулиар баталсан тарифын дагуу эрчим хүч нийлүүлнэ” хэмээн өгүүлсэн бол “Shigemitsu shoji” компанийн ерөнхийлөгч Гэгэнтана “Манайх 2012 оноос нарны эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид нарны 2-5 мВт-ын цахилгаан станцын төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн онцоллоо.
Мөн “Sharp”-ын “Energy solution” компанийн ерөнхийлөгч Хироши Сасаока “Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженер, техникийн зааварчилгаа, барилга угсралтын ажлыг хянах үүргийг бид хүлээж байгаа” хэмээв.
Манай улсын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2013 онд “Ньюком”-ын охин компани “Клин Энержи” Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, ашиглалтад оруулж байв. Үүнээс хойш байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол бууруулахад нөлөөтэй станцыг хараахан бариагүй байгаа билээ. Тэгвэл “Aydiner Global” компани 50.4, “AB solar wind” 100, “Сайншандын салхин парк” 52, “Клинтек” 250, “Клин энержи Ази” 50 мВт-ын салхин, “Desert solar power one” 30, “Rural electrification” 10, “Мон Кореа инженеринг” найман мВт-ын нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл аваад байгаа юм. Мөн 315 мВт-ын хүчин чадалтай Эгийн голын, 300 мВт-ын Шүрэнгийн усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй.