Удахгүй Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад аялан тоглолт хийх гэж буй хэдэн монгол циркчин бэлтгэл хийх газар олдохгүй Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заал түрээсэлж, арай өндөр таазтай, сургуулилалт хийж болох газар бүрийг нэгжин хайж хамаг цагаа өнгөрүүлж байна. Угтаа бол тэд “Монгол Улсын циркийн жүжигчид” хэмээн зарлуулж, бахархал, омогшлоо тээн манежинд гарах хүмүүс юм шүү дээ, харамсалтай. Хориодхон хоногийн өмнө Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуайтай уулзахад Монголын үндэсний циркийн удирдлагуудаас “Төв талбайд 350 уран нугараач нэгэн зэрэг нугарч эх орноо сурталчлах гэж байна аа.
Та бүхэн бэлтгэлийн танхимаараа ивээн тэтгэж өгөөч” гэж хэдэнтээ гуйсан. Энэ жил сургууль төгссөнийх нь 40 жилийн ой тохиож буй нэг ангийн 30 орчим жүжигчин шавь нараа нэгтгэн нэг удаа тоглолт хийж, алтан манежиндаа ёсолъё хэмээн циркийн эздээс хүссэн ч цахилгааны төлбөр болох хоёр сая төгрөгийг л төлж байж боломж бүрдэхийг сонсоод мөнгөө харамласандаа бус сэтгэлээ уруулсандаа татгалзсан. Монголын циркийн урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйн хэлхээс нь тэд юм шүү дээ.
Тэртээ 1941 онд улсын бодлогоор Уран биеийн тамирын сургуулийг түшиглэн цирк байгуулж, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж, тэвчээр хатуужил, итгэл найдварын бэлгэдэл болсон циркийн урлагийг хөгжүүлж эхэлсэн түүхтэй. Зуд болсон аймагт очиж ардын сэтгэлийг өргөдөг, дайн болсон хөрш орныхоо иргэдийг ч хөгжөөн наргиан, эр бяртай үзүүлбэрээрээ тэтгэдэг байсан болохоор Монголын анхны Гавьяат жүжигчин эмэгтэй циркээс төрж, энэ урлагаар овоглосон хүмүүс л 18-хан насандаа Төрийн өндөр хүндтэй шагналыг хүртдэг байсан юм.
Хүний санаанд багтамгүйг бодит болгодог байсан болохоор итгэл найдварын галыг нь бадрааж, ихийг бүтээх тэмүүллийг цирк л хүүхдүүдэд өгдөг байсан болов уу. Үеийн үед циркийн урлагийн үнэнч үзэгч нь багачууд байсан. Зориг, тэвчээр, золбоо, хийморьтой байх сэтгэл хөх асраас ундарч, олон олон аавын охид, хөвгүүдийг ирээдүйн мөрөөдөлд нь хөтөлсөн болов уу.
Гэтэл 75 настай их урлагийн залгамж халаа болсон жүжигчид маань Үндэсний их баяр наадмын өмнө ойн баяраа даруухан тэмдэглэлээ. Сэтгэлээрээ гоёж, залуу насаа дурсаж, багачуудтайгаа мөр зэрэгцэн манежиндаа гарсан хэдэн жүжигчин маань сайн муу, сайхан муухайг нь дурдаж гомдоллохыг огт хүсээгүй ээ. Дэргэдээс нь харж, пургисан шороон дээр бэлтгэл хийж, ганц байгаа майхан цирктээ олуулаа шавсаныг нь хараад бодлогоор байгуулсан болгоноо бүтэлгүй шийдвэрээр устгаж, үгүй хийх гэж оролдож байгаад нь гомдоллон үүнийг бичлээ.
Хотын төвд байрлалтай, мэргэжлийн циркийн урлагийн зориулалттай тэр барилгыг эзэмшигч ганцхан ойн баярын өдөр нь хэдэн жүжигчинг хамтад нь цуглуулж, тоглолтыг нь хийлгэчих боломж байсангүй гэж үү. Түрээсийн байр, баар, зоогийн газар, үзэсгэлэн худалдааны танхим болж үе үеийн циркчдийн сүслэн залбирдаг манежийг хар захын дайтай болгож амжсан хэрнээ өгөөжийг нь хамгийн их хүртэх эрхтэй өнөөх циркчдийг гудамжинд гаргасан нь ямар учиртай вэ.
Циркийн сургуулийн бэлтгэлийн байр шатсаны дараа БСШУЯ-тай гэрээ байгуулж сард 15 сая төгрөгөөр циркээ түрээслүүлж байсныг нь бичсэний төлөө сэтгүүлч миний бие цагдаагийн байгууллагад очиж тайлбар өгч ч байсан удаатай. Хувийн өмчөө хэрхэн үнэлж, яаж ашиг олох нь та бүхний хувийн хэрэг учраас дахин энэ тухай дурсахыг хүсэхгүй байна.
Харин мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөхгүй галыг нь манаж, замыг нь заана гэсэн ажлаа есөн жил хийж чадаагүй явааг нь сануулж, ам асуумаар байна. Бусдын хийсэн бүтээснийг өөртөө ойртуулж, хамтран зохион байгуулагч нэр зүүж, түрээсээр шахуу бэлтгэл хийлгэдэг хэдэн жүжигчнээ өөрийнхөө байгууллагаар овоглож, оромцог ажил хийхээ болимоор байх юм. Нэг ч төгрөгийн цалин авдаггүй байгууллагынхаа нэрийг мандуулах гэж хөлсөө урсгаж, хоолны мөнгөө та бүхэнд зориулаагүй л байлтай.
Хамгийн ичгэвтэр нь, байсан бүхнээ бусдад хямдхан худалдчихаад дахиад бий болгочих юм шиг хаахалзах соёлын бодлогын гажуудал дуусахгүй нь. Өвөл болохоор л Улаанбаатарын утааг санадаг шигээ намар болохоор Циркийн сургуулийн хэдэн хүүхдээ хаана бэлтгэл хийлгэхээ БСШУЯ-ынхан бодож олох юм байлгүй. Өнгөрсөн хавар энэ сургуулийг дүүргэсэн хүүхдүүд Улаан-Үдэд болсон олон улсын циркчдийн тэмцээний гран приг хүртсэнийг сануулъя.
Хүсэл тэмүүлэлтэй, чин сэтгэлтэй, ур чадвартай жүжигчид Монголд л байдгийг дэлхий нийт андахгүй. Алдарт “Нарны цирк” монгол охидыг л сонгон уран нугаруулж, хүч тамирын үзүүлбэр болон акробатын суурь хүн сонгохдоо монгол залуусаас шилдэг нь нэгийг сануулахгүй байна гэж үү. Голоод орхисон, мартаад хувьчилчихсан, будилаад гаргуунд нь гаргасан урлагийн нэгэн салбар хахир хатууг сөрөн хөгжихөөр, өндийхөөр, Монголыг алдаршуулахаар хичээж байгаа нь энэ.
18-хан настай уран нугараач охин “Монголын жүжигчин гэж зарлуулаад манежинд гарахаар өөрийн эрхгүй омогшоод бахархах сэтгэл төрдөг. Биднийг уран нугарахыг хараад гадаадын хүмүүс үегүй юм уу гэж асуудаг” гэж ярьж байна. Дэлхийн бүх алдартай цирк, парк, театр Монголын уран нугаралтыг хүлээн зөвшөөрчихөж. Хайгаад эрээд байгаа урлагийн нэгэн брэнд нь энэ бус уу. Түрээсийн өрөө, байрны хонгилд өсөн торниж байгаа зэрлэг цэцэгс, гологдсон урлагийн тэсвэртэй ирээдүй тэд.
Хоёр жилийн өмнө циркчид нэгдэж, Монголд байсан 200 жүжигчин нь оролцож анхдугаар чуулга уулзалтаа хийж, зовлон жаргалаа ярьсан. Тухайн үед ССАЖЯ байгуулагдаад байсан ч “батаар” сайд нь тэднийг тоож ирээгүй. Харин УИХ-ын гишүүн байсан Г.Уянга ирж, тэдний ил захидлыг Ерөнхийлөгчид дамжуулна гэж хэлээд таг мартсан. Тэр чуулга уулзалтаас хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Бодлого, зорилго, нэгдэл байхгүй циркийн урлаг хуваагдан хумигдаж давжаарсаар л байна.
Урлагийн бүтээл туурвихын тулд бүхэл бүтэн баг ажиллахын зэрэгцээ тасралтгүйгээр залгамж халаагаа бэлтгэн, тэдний авьяасыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгож, чанартай туурвилын төлөө зүтгэдэг. Гэтэл өдгөө циркт Уран сайхны зөвлөл, мэргэжлийн найруулагч, багшийн аль нь ч алга. Улс хаашаа явж байна вэ. Том тоо, давсан хүсэл тэмүүллээс илүүтэй өв соёл, хүүхэд багачуудаа хүмүүжүүлэх ухаантай бодлого хэрэгтэй биш гэж үү.