УИХ-аас Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай тогтоол баталж, тус шатны ээлжит сонгуулийн санал хураах өдрийг ирэх аравдугаар сарын 19-нд байхаар тогтсон. Харин өнгөрөгч сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчид удирдлагаа сонгож, Засаг даргаа сонгох үйл явц энэ өдрүүдэд үргэлжилж байна. Сонгуулийн санал хураалтаас хойш 20 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа хийх хуультай бөгөөд тэр нь өнөөдөр дуусгавар болж буй. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, аймгуудын Засаг дарга болон ИТХ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна. Завханаас бусад аймагт ялалт байгуулсан МАН орон нутагт засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхмүүд хэн хэн байх талаар нэлээд нухацтай ярилцсан сурагтай.
Энэ дагуу өчигдөр Архангай аймгийн ИТХ-аас Ц.Мөнхнасанг Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад хандлаа. Тус аймгийн ИТХ-ын даргаар Б.Өсөхбаярыг сонгосон юм. Мөн Дорнод аймгийн ИТХ өчигдөр хуралдаж Л.Хишигтогтохийг ИТХ-ын даргаар сонгож, М.Бадамсүрэнг Засаг даргаар батламжлуулахаар Засгийн газрын тэргүүнд хандлаа. Энэ мэтээр анхдугаар хуралдаанаа хийж удирдлагуудаа сонгож, батламжлуулахад бэлэн болсон аймаг цөөнгүй. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар А.Ишдоржийг сонгож, Засаг даргаар Г.Ганболдын нэрийг дэвшүүлээд байна.
Мөн Хөвсгөл аймгийн ИТХ ч анхдугаар хуралдаанаа хийж МАН-аас Л.Төмөрбаатар, Ц.Гансүх нар даргын төлөө өрсөлдлөө. Нэг намын нөхдийн өрсөлдөөн ширүүхэн болж магадгүй гэж бодсоных уу, аймгийн намын хорооны дарга Л.Ганболд хурлаас нэг цагийн завсарлага аваад байсан нь дугаар шилжих мөчид дуусаагүй байлаа. Харин Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлэх нь тодорхой гэнэ. Түүнчлэн Орхон аймгийн ИТХ-ын даргаар П.Пүрэвлхагвыг сонгож, Засаг даргаар Д.Батлутыг томилуулахаар нэр дэвшүүллээ.
ИТХ нь хуулийн хугацаанд хуралдаж удирдлагаа сонгон, Засаг даргаа батламжлуулаад амжсан хэд хэдэн аймаг бий. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшин нарыг томилсон. С.Түмэнбаяр Дорноговь, Г.Батзам Говьсүмбэр аймгийн ИТХ-ыг удирдахаар болсон билээ.
Мөн Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар Ц.Отгонбаярыг сонгож, Засаг даргаар Г.Батжаргалыг томилоод буй. Түүнчлэн Увс аймгийн ИТХ-ын даргаар Э.Насанбатыг сонгосон бол Засаг даргаар Д.Батсайханыг томилсон. Д.Батсайхан нь 2004-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрийн алба эрхлэхгүй байх, торгох ялаар шийтгүүлж байсныг зарим эх сурвалж онцолж байна. Мөн Ерөнхий сайд Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилов. Тус аймгийн ИТХ-ын даргаар Л.Батсайханыг сонгожээ.
Харин Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх анхдугаар хуралдааныг маргааш хийхээр товлоод буй бөгөөд тус хуралдаанаас ИТХ-ын дарга болон Засаг даргад нэр дэвших хүнийг тодруулах юм. Үерийн гамшигт олон арван өрх нэрвэгдсэн тус аймагт сандал, суудал ярих сөхөөгүй байгаа ч хууль биелүүлж, засаг захиргаагаа төвхнүүлэх нь ч зайлшгүй шаардлага болоод байна. Гэхдээ Засаг даргаар А.Гылымханыг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Ш.Хавалыг сонгох нь бараг тодорхой бололтой.
Мөн өнөөдөр Говь-Алтай, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул аймгийн ИТХ хуралдах гэнэ. Дундговь аймгийн Засаг даргад О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын даргад С.Сүхбаатар нар яригдаж буй аж. Дархан-Уул аймгийн ИТХ 33 суудлын төлөө МАН 26 хүн нэр дэвшүүлж, 24 нь ялалт байгуулсан. Уг нь МАН бүх тойрогт нэр дэвшүүлсэн ч тус аймгийн Сонгуулийн хороо 26-г нь бүртгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Дарханы МАН-ынхан удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байгаа билээ.
Үүнээс гадна Завхан аймгийн ИТХ дөнгөж өчигдөр хаалтын хуралдаанаа хийж, энэ сарын 27-нд анхдугаар хуралдаанаа хийхээр товложээ. Дашрамд дурдахад, одоогийн Засаг дарга Ж.Жамъяантив цаашид улс төрийн ажил хийхгүй гэж мэдэгдсэн сурагтай. Мөн өчигдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болох байсан ч дугаар шилжих мөчид эхлээгүй байв. Тус аймгийн Цогтцэций суманд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан дөрвөн нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж, түр үнэмлэх олгохгүй байх шийдвэрийг Сонгуулийн хорооноос нь гаргаад буй бөгөөд уг шийдвэрээ цуцлахыг шаардсан албан бичгийн хариуг Ардын намынхан авч байж хуралдана гэснээс болж ийнхүү саатжээ.
Дээрх нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх хурлаас тогтоогоод буй. Өмнөговь аймгийн ИТХ-ын 33 суудлын 19-ийг МАН авсан ч ийнхүү дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, эсэх нь маргаантай буйгаас АН, МАН-ын суудлын тоо тун ойролцоо болж, аль нам засаглах вэ гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм. Сүхбаатар аймагт ч үүнтэй ойролцоо нөхцөл байдал үүсээд буй. ИТХ-ын 33 төлөөлөгчийн төлөөх “тулаан”-д ганцхан суудлаар илүүрхсэн МАН-ынхан нэг суудлаа алдсанаар АН илүүрхэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа юм. Тодруулбал, МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан төлөөлөгч Сонгуулийн хууль зөрчсөнийг анхан шатны шүүхээс тогтоогоод буй юм.
Юутай ч тэд өнөөдөр хуралдахаар товлоод буй. Нэгэнт аль нам илүүрхэх нь тодорхой бус байгаа тул хэнийг Засаг даргад нэр дэвшүүлэх нь ч эргэлзээтэй буй юм. АН олонх болвол одоогийн Засаг дарга Ж.Батсуурь, МАН илүүрхвэл тус аймгийн намын хорооны дарга З.Энхтөр нарын аль нэг нь аймгийг удирдана гэж таамаглаж байна. Мөн Ховд аймгийн ИТХ өнгөрөгч бямба гаригт шөнө дөл болтол хуралдаж, Засаг даргаар хэнийг томилохоо эцэслэж чадалгүй, арав хоногийн дараа хэлэлцэхээр болоод буй. Тус аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвгандийг сонгоод буй юм. Анхдугаар хуралдаанаа дөрвөн удаа завсарлуулан байж ИТХ-ын даргаа сонгосон Ховдын МАН-ынхны дунд Засаг даргын төлөөх ширүүхэн өрсөлдөөн өрнөж буй бололтой. Уг нь тэд ИТХ-ын 41 суудлаас 24-ийг нь авч илүүрхсэн билээ.
Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэнэ гэж таамаглаж байсан ч уг асуудлаар тодорхой зүйл яриагүй гэнэ.