Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхийн өмнө Францын Нийс хотод өчигдөр орой болсон террорист халдлагатай холбогдуулан Францын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, хуралд оролцож буй төр засгийн тэргүүн нар нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүллээ.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлсэн. Мөн АСЕМ-ын дагалдах хурлууд болох Ази-Европын Парламентчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ази-Европын Парламентчдын уулзалтын дүгнэлтийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцууллаа.
Дээд түвшний уулзалтыг нээж, зочдоос хамгийн эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн бөгөөд дараа нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян, Европын Гадаад харилцааны албаны төлөөлөгч Федерика Могерини нар үг хэлжээ. Төлөөлөгчид Францад болсон халдлагад эмгэнэл илэрхийлж, сүүлийн 20 жил Ази-Европын хооронд гүүр болсон АСЕМ гэх байгууллагын хийж гүйцэтгэсэн үүрэг, ролийг өндрөөр үнэлэн, ирээдүйн 10 жилээ тодорхойлох, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд хоёр салбараар хуралдаж байна.