Улсын их баяр наадмын хамгийн оргил мөч буюу үндэсний бөхийн наймын даваа маргаанаар өндөрлөлөө. Улсын залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс энэ даваанд улсын өсөх идэр начин, шинээр заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвагийг амлан авч, хүч үзсэн юм. Хоёр бөхийн барилдаан удааширч, засуулууд шодох цаг болсныг сануулахад залуу арсланд аз таарсан. Улмаар Бүрэнтөгс шодооны барьцнаас мордож зүтгэж, арслан, начин хоёр зэрэг шахуу газардсан юм. Гэхдээ бичлэг удаашруулж үзэхэд Пүрэвдагвагийн тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байлаа. Хөлийн цэц удтал хэлэлцсэний эцэст хоёр бөхийг дахин барилдуулахаар болсон. Өмнө нь Бүрэнтөгс барьц сонгож барилдсан тул энэ удаа Пүрэвдагва барьц сонгож, улмаар өрсөлдөгчөө тонгорч давснаар гарьд цолны болзол хангасан билээ.
Залуу арслан энэ барилдааны дараа нулимс унагаж байгаа харагдсан.