Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны эхний өрөг өнөөдөр эхэллээ.
Өнөө жилийн баяр наадмын шагайн харваанд Дундговь, Төв, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор болон Улаанбаатар хотын нийт 72, ахмад 10 багийн 728 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Нийт харваачдаас Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын дархан мэргэн 27, гарамгай мэргэн 21, мэргэн 41, дэд мэргэн 38, харшгүй мэргэн 19, аймгийн гоц мэргэн 134 оролцож байгаа юм. Нийт харваачдын 52.8 хувь нь улсын болон аймгийн цол зэрэгтэй харваачид оролцож байгаа аж.
Сонирхуулахад, энэ жилийн шагайн харваанд оролцогчдын 59 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид гэнэ.
Нийт оролцогчдоос хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат, 60 гаруй жил харвасан 75 настай н.Жийлин гуай оролцож байна.