Өргөн талын ерхөг бөхөлзүүлж гийнгоо хадаах нь монгол наадам.
Өвдөг шалбархай нусгай жаал гэр тойрч дэвэх нь монгол наадам.
Уул толгодыг алдлан ороож уртын дуу шуранхайлах нь монгол наадам.
Уяан дээр хусран даага эхийгээ харуулдан үүрсэх нь монгол наадам.
2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан монгол наадам маань маргааш болно. Наадмаар “Би монгол хүн шүү” гэх бахархал омогшил эр эм, хөгшин залуу, баян ядуу, дарга цэрэг гэж ялгалгүй хүн болгонд төрдөг биз ээ. Тэгээд ч “Эрийн гурван наадам” хэмээх нэр нь хүртэл өдгөө даяаршиж, сур харваанаас эхлээд жендерийн хатуу “хориг” нь тавигдаад буй.
Эмэгтэй хүн сурын алтан зурхайд уухай хадаалган, цэц мэргэнээ сорьж байхад гайхаж цочирдох наадамчин одоо үгүй. Мөдхөн эмэгтэй хүн Монгол Улсын тод манлай уяач болчихоод, хурдан хүлгийнхээ сүүлийг боож зогсохыг хэн байг гэх вэ. Тэглээ гээд монгол наадмын сүр хүч гундахгүй болов уу. Энэ бол эрчүүдтэй барьцаж байгаа хэрэг биш шүү. Угаасаа тэгэхгүй байсан ч манай бүсгүйчүүд “Биднийг алагчилж үздэг” хэмээн наадамдаа сүжиггүй болохгүй нь ойлгомжтой.
Наадам бол эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн үндэсний их баяр цэнгүүн билээ. Ямар сайндаа л хөмсөг зангидсан улаанбаатарчууд хүртэл энэ өдрүүдэд төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, эелдэг, найрсаг харилцдаг билээ дээ. Болдог бол жилийн 365 хоногийг наадмын өдөр болгочихмоор...
Үүр цүүрээр эртлэн босож, наадмын тасалбараа авахаар урт дараалалд дугаарлан зогсох Улаанбаатарчуудын тэвчээрээс монгол хүний сэтгэл үнэртдэг. Үдэш зэхсэн дээлээрээ ижилсэн гоёж, үгний ерөөлтэйг шилэн байж нөхдөдөө мэнд хүргэх залуусын намбанаас монгол наадмын хүндэтгэл харагддаг юм.