Улаанбаатарын 23 хэмийн дулаан агаараас холдож, Инчоны нисэх буудалд зургадугаар сарын 19-нд хөл тавихад зөөлөн чийглэг юм шиг хэрнээ цаанаа л бүгчим уур амьсгал пүн хийтэл бэгнээд авав. Уг нь тэр өдөр Инчон хотод 26 градусын л дулаан байсан юм билээ. Хүн төрөлхтний он удаан жилийн хөгжлийнхөө явцад бодож олсон зохиомол “салхи” энд хаа сайгүй үлээж байдаг тулдаа л болдог гэлтэй.
Сөүлд бидний зорьж очих ёстой танил маань хот хоорондын автобусны амралтын өдрийн хуваарийг андуурч хэлснээс болоод цагаасаа хоцорчихож. Азаар эдний автобусны буудал дээрх мэдээллийн самбарыг хэн ч хараад түвэггүй ойлгохоор хачин ухаалаг аж. 6010 гэсэн дугаартай дараагийн автобус 06.30 цагаас явна гэдгийг тэндээс мэдчихсэн учраас санаа амар унаагаа хүлээж байгаа юм чинь. Ер нь Солонгосын бүх автобусны буудал дээр ийм мэдээллийн самбар байх агаад хажуугаар нь дэлгэцээр “Тэр чиглэлийн төдөн номерын автобус төчнөөн минутын дараа ирнэ” гэдгийг англи, солонгос хэлээр давхар зарладаг аж.
Хэр удаан хүлээх вэ гэдэг цагийн баримжаатай болсон хүмүүс сандалд тухлан хүссэн зүйлээ хийдэг юм билээ. Хаашаа л харна мэдээллийн технологийн хөгжил дэвшлээрээ гайхуулах ухаалаг хотын тав тухыг хүн ингэж эдэлдэг байх нь.
Танилынхаа явуулсан мессежийг автобусны жолоочид үзүүлчихээд, “Буудал зарлахыг нь сонсолгүй очих газраасаа өнгөрчих вий дээ” гэсэн битүүхэн айдастай Сөүлийг зорилоо. Цаг орчмын дараа “Hannam-dong” гэж автобусны чанга яригчаар зарлахтай зэрэгцэн жолооч ах бидэн рүү гараараа даллан буух газар минь болсныг сануулав. Солонгосчууд үнэхээр хариуцлагатай хүмүүс гэдэг нь юухнаас ч анзаарагдаж байлаа.
“10 мянга гаруй ажилтантай Сөүл хотын захиргааныхнаас юм лавлах гээд утасдахаар “Энэ асуудлыг холбогдох газар, хэлтсээс нь асуучихаад төдөн минутын дараа танд хариу хэлье” гэдэг. Тэгээд яг тэр хугацаандаа эргээд заавал хариу өгдөг. Айхтар яс хүмүүс шүү” хэмээн бидэнд хэлмэрч хийж өгсөн Даваа ах ярьсан юм. Дайны хор уршгийг хангалттай амсаж зүдэрсэн буурай орон өдгөө дэлхийд цойлсон үсрэнгүй хөгжилд хүрэхэд ийм хариуцлагатай иргэд л асаалттай танк шиг ард нь хүч нэмэн зогсож байсан болов уу.
Энэ удаа бид ухаалаг, найрсаг хотын ухаалаг, хариуцлагатай иргэдийг хайж, эрэлд гарав.
ТӨРИЙН ТҮМЭН НҮД ШИРТЭЭСТЭЙ
10 сая хол гарсан хүн амтай их хотын замын хөдөлгөөнд оролцож буй метро, автобус, трамвай, такси, автомашинууд хаана, хэдэн км цагийн хурдтай явж байгааг болон аль замууд дээр осол гарсныг алган дээр тавьсан юм шиг нэвт шувт хараад, хянаад сууж байдаг “Топис” хэмээх байгууллага Сөүлийн төвд байх. Тэд зүгээр ч нэг ажиглаад суух бус, замын хөдөлгөөний тухай мэдээллийг байгууллагынхаа твиттер хуудсаар дамжуулан цаг, минут тутам хүргэж байдаг учраас иргэд нь аль замаар явбал түгжрэхгүй байх вэ гэдгээ урьдчилаад мэдэж болдог нь тун догь юм.
Дөрвөн жилийн өмнө байгуулагдсан, жилд 900 сая вонны төсөвтэй энэ газар Сөүл хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хянах ажлаа 817 мянган камер, мэдээллийн 3200 самбарын тусламжтайгаар түвэггүй гүйцэтгэдэг аж. Төрийн түмэн нүд тас ширтээстэй учраас энд хэрэг төвөг ч бага гардаг гэлцэнэ. Манайхаар бол Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гэсэн үг. Одоохондоо Улаанбаатарын замын хөдөлгөөний ачааллыг зөвхөн FM радиогоор мэдээлж байгаа ч удахгүй энэ дэвшлийг гүйцэж очно гэдэгт үл эргэлзнэм. Учир нь манайд гар утсаараа интернэтэд ордог хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж буй. Тэгээд ч автобус, троллейбусыг хотын төвийн гол замуудын нэгдүгээр эгнээгээр явуулах, нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зэрэг ажилд солонгосчууд биднийг үлгэрлэн дагуулж, хуримтлуулсан туршлагаа харамгүй хуваалцсан.
Солонгост тухайн автобусаар өдөрт хэдэн хүн зорчиж байгааг смарт картаар нь дамжуулан мэдэж болдог бөгөөд ингэснээр нийтийн тээврийн компаниудын аль нь энэ сард ашигтай ажилласан, ямар нь алдагдалтай байсныг хэн нэгний “арын хаалгагүйгээр” мэдээд, хот нь татаас өгөх, эсэхээ шийддэгийг Сөүл хотын захиргааны Тээврийн мэдээллийн төвийн дарга Ян Юн Гэ ярилаа. Харин манайхан нийтийн тээврийн смарт картны ид шидийг одоохондоо гүйцэд таньж, хэрэглээндээ бүрэн нэвтрүүлээгүй байгаа бол Солонгост үүнийг дэлгүүр болон зарим үйлчилгээний газарт ч ашигладаг аж.
ЦАЙНЫ ЦАГААР ЦАХИЛГААН ТАСАЛДАГ
Ногоон барилгын хамгийн сүүлийн үеийн технологиор босгосон гэдгээрээ дэлхийд алдаршсан Сөүл хотын захиргааны байр дээврээ нарны зайн дэлгэцээр өвч “зэвсэглэжээ”. Тус хотын Ногоон эрчим хүчний газрын дарга Квон Минтэй уулзахад атомын цахилгаан станцыг нэгээр бууруулах гэж буй талаараа онцлоод, эрчим хүчний төслүүдийг нийслэл, Засгийн газраас нь байнга дэмждэгийг нэмж хэллээ. Энэ нүсэр хотод судалгаа, төлөвлөлт ямар сайн хийгдсэн байдгийн ганц жишээ нь дөрвөн сая айл өрхийн 3000 нь л нүүрс хэрэглэдэг тул тэднийг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахад хийн шугам тавих асуудал хүндрэлтэй байгаа тухай Квон Мин даргын ярианаас шууд харагдана.
Биднийг ийн ярилцаж суутал гэнэт цахилгаан тасарчихав. Тэгсэн тэр нь манай Улаанбаатарт байнга тохиолддог шиг цахилгааны саатал бус, “Хоолны цаг болсон тул гэрлээ унтраагаад гарцгаана уу” гэсэн зориудын “дохио” аж. Ажилтнууд нь ч үүнийг эрчим хүч хэмнэх ухаалаг үйлдэл гээд найрсгаар хүлээн авдаг бололтой. Сөүлийг ногоон хот болоход иргэдийнх нь оролцоо ч мөн их байсан гэнэ. Хотын төсөв, төлөвлөлт, хөгжлийн чиг хандлага гээд бүгдэд иргэд нь хошуу ч, хуруу ч нэмэх эрх мэдэлтэй юм билээ.
Сөүл дэх “Мөрөөдлийн эрчим хүчний төв”-ийг үлгэр жишээ ногоон барилга болгохын зэрэгцээ ирээдүй хойч үедээ ногоон хөгжлийн талаарх ойлголтыг бодитоор харуулж, танилцуулах сургалтын баазын зориулалтаар 2008 онд ашиглалтад оруулжээ. Солонгосчууд 2020 он гэхэд дэлхийн долоон том ногоон эрчим хүч үйлдвэрлэгчийн нэг болохыг зорьж буй тул энэхүү мөрөөдлийн төвд өдөр бүр таван сургуулийн хүүхдүүдийг багш нартай нь аваачиж, эко аялал хийлгэх хөтөлбөрт зориулж хотын захиргаанаас нь тодорхой хэмжээний хөрөнгө тусгадаг аж.
Биднийг очих үеэр “Сонсан” бага сургуулийн нэгдүгээр ангийн жаалууд “Мөрөөдлийн эрчим хүчний төв”-өөр аялахаар ирээд байв. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа хойш одоогийн хөгжилд хүрэх явцдаа байгаль дэлхийгээ хэрхэн сүйтгэж, тэр нь уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд олон сөрөг үр дагавар дагуулж буйг багачуудад зурган хэлбэрээр үзүүлээд, “Энэ бүхнийг өөрчлөх хүмүүс нь хэн бэ” гэж тус төвийн мэргэжилтэн Чон Ён Ми асуухад “Бид. Бид өөрчилнө” хэмээн тэд дуу нэгтэй хэлж байлаа. Эдийн засаг нь тэлэхийн хэрээр эрчим хүчний эрэлт нь өсөн нэмэгдэж буй тул иргэддээ энэ талын мэдээлэл өгөхийг зорин, бага наснаас нь ийн бэлтгэж байна.
“БУРХАН УЛСЫГ БҮТЭЭСЭН. ХҮН ХОТЫГ БҮТЭЭДЭГ”
Энэ үг Инчоны Сунду дүүрэгт цоо шинээр сүндэрлэж буй “G-tower” хэмээх цамхгийн 33 давхарт бичээстэй бий. 10 жилийн өмнө далайн ёроол байсан энэ газарт өдгөө “Сундугийн зүрх” гэгдэж буй ухаалаг, ногоон хот босож байгаа бөгөөд 2022 он гэхэд “хогны машингүй хот” гэдгээрээ анхдагч болох зорилт тавьжээ. Оршин суугчид нь өвдсөн үедээ заавал эмнэлэг явалгүй, гэрээсээ цахимаар эмчтэйгээ холбогдон, зовиураа “үзүүлээд”, заавар зөвлөгөө авах боломжтой гэхчилэн иргэнийхээ амар тайван амьдралын төлөө бүхнийг бодолцож шийдсэн энэ бүс цаашид Инчон хотын нүүр царайг улам тод томруунаар илэрхийлнэ гэдгийг төслийн багийнхан бардам хэлж байна.
Хаана, юу байгаа нь бүгд тодорхой, системд бүртгэгдсэн байдаг тул “Google map” байхад Өмнөд Солонгосын хаана ч алзахааргүй юм билээ. Аюулгүй, цэвэрхэн, ухаалаг хотыг бий болгосноор иргэд нь цаг хугацаа, зардлаа хэмнэхийн зэрэгцээ сэтгэл тайван амьдрах баталгаа улам бүр нэмэгддэг аж. Ухаалаг хотын унац энэ буюу.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг хоёр жилийн өмнө УИХ-аар батлуулахаас өмнө үнэндээ манай Улаанбаатарт хот төлөвлөлт гэдэг зүйл ор нэр төдий байсан. Хэн хүссэн нь хаа дуртай газартаа ямар ч хамаагүй барилга босгочихдог гаж тогтолцоог цэгцлэх чухал баримт бичиг энэ яах аргагүй мөн. Жуулчдад таатай, иргэндээ ээлтэй хот болгох ажлууд ч эхнээсээ төлөвлөгөө ёсоор хийгдэж буй. Харин засаг, төр солигдох тоолонд хөгжлийн бодлогоо гуйвуулан савлуулдгаа одоо болих хэрэгтэй байна. Хот гэдэг ямар эвлүүлж өрдөг хүүхдийн тоглоом биш. Тийм сэн бол хэд нураагаад, хэд эвлүүлчих хугацаа өнгөрсөн шүү дээ.