Гурван хүүхэдтэй нэгэн ээж гэрээслэл бичиж үлдээжээ. Тэрбээр нэг өрөө байраа гурван хүүхдийнхээ хэнд өгөхөө удаан бодсоны эцэст дунд хүүдээ өвлүүлэхээр шийдсэн байна. Ингэхдээ “...Миний том охин сайн хүнтэй учирч, сайхан амьдарч буй болохоор ээж нь баяртай байна. Тиймээс ээжийнхээ энэ шийдвэрийг ойлгоно гэж итгэж байна. Миний бага хүү мэдлэг боловсролоороо амьдралаа аваад явж чадах учир дунд хүүдээ энэ байраа өвлүүлж байна...” гэсэн утга бүхий гэрээслэл бичиж үлдээсэн нь гурван хүүхдээ үл ойлголцохоос хамгаалж чаджээ. Энэ бол жирийн нэгэн монгол ээжийн гэрээслэл.
Монголчууд бид гэрээслэл бичнэ гэхээр муу ёр гэж үзэх нь бий. Амны билгээс ашдын билэг гэдэг учраас л тэр байх. Тийм дээ ч “Муу амлаад юу гэх вэ, жамаараа болох юм хойно. Барууны баян оронд л гэрээслэл, өв залгамжлалын тухай ярьдаг байх. Бидэнд өвлүүлэх эд хөрөнгө байгаа биш” гэх цөөнгүй хүнтэй таарсан. Тэгвэл гэрээслэл нь өв залгамжлалын харилцааны тодорхой хэсэг бөгөөд гэрээслэл бичнэ гэдэг нь тухайн өмчийн эзэн амьд сэрүүн байхдаа хөндлөнгийн нотариатч буюу төрийн гэрчээр хүсэл зоригоо илэрхийлж, холбогдох байгууллагад нь бүртгүүлэх үйлдэл юм.
Манай улсад өв залгамжлалын харилцаа өнөө цагт ид цэцэглэж буй. Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө бүх зүйл улсын өмч байсан. Харин одоо монголчууд байр, машин, газар, мал сүрэг, оюуны өмч, хувьцаа, хадгаламж зэрэг
өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж чадсан. Тиймээс өмч хөрөнгөө ямар нэгэн маргаангүй, хуулийн хүрээнд өвлүүлэн үлдээх гэрээслэл бичих соёлд суралцах цаг ирснийг хуульчид хэлдэг. Гэвч хүн хэзээ нас эцэслэхээ мэдэхгүй учир гэрээслэл бичнэ гэж бодож явсан ч зуурдаар амиа алдаж болох юм. Энэ тохиолдолд өв залгамжлалын өөр нэг хэлбэр болох хууль ёсны өв залгамжлалын харилцаа үйлчилдэг. Хууль ёсоор өв залгамжлагчид нас барагчтай ясан ба цусан төрлийн язгуур үүсвэр, уг улбаатай хүмүүс байхын сацуу хуульд зааснаар дээрх хүмүүстэй адил түвшинд тооцон, өв авах эрхтэй төрөл, садангийн биш хүн байдаг юм байна.
“Гэрээслэл бол маш чухал зүйл. Хүн энэ хорвоод төрөх, хөрөнгө бий болгох, үхэх нь үнэн. Хөрөнгө маш их маргаан хэрүүл, тэмцэл дагуулж байдаг. Тэр ч бүү хэл эд хөрөнгөнөөсөө болж аймшигтай гэмт хэрэг үйлддэг. Японы Нотариатын зөвлөлд зочлоход танхимд нь “Гэрээслэл бичсэн та гэр бүлийнхээ амар амгаланг авч үлдэж байгаа юм” гэсэн үг бичээстэй байдаг. Манайд гэрээслэл хийлгүй орхисноор ээж нь бэртэйгээ, ах дүү нь хоорондоо хөрөнгөнөөс болж элдэв асуудал үүсгэдэг.
Тиймээс гэрээслэл бичиж, зохицуулж сурах хэрэгтэй” гэж хуульч А.Оюунчимэг яриандаа онцолсон. Өв хөрөнгөтэй хүн нас эцэслэсний дараа өв залгамжлах харилцаа үүсдэг. Энэ нь манай улсын шүүхийн практикт болон нийгэмд тулгамдсан асуудал биш ч гэлээ цаашид улс орны эдийн засаг өргөжин, хүрээгээ тэлж, хүн ам нэмэгдэн, иргэд өмчтэй болж байгаа өнөө үед өв залгамжлах харилцаа өргөжих хандлагатай гэж судлаачид үзэж байна.
Гал голомтоо ууган хүүдээ өвлүүлнэ, эсвэл отгон хүүгээрээ сахиулна гэсэн уламжлал бидэнд өвлөгдөн ирсэн ч одоо нөхцөл байдал өөрчлөгдсөөр байна. Тийм ч учраас сүүлийн үед өв залгамжлалын асуудлаар төрийн нэрийн өмнөөс гэрчлэх нотариатчид хандах хүн нэмэгдэж буй аж. Өв хөрөнгөтэй нэг нь хорвоог орхисны дараа үлдсэн хүмүүс нь хаана, хэнд эхэлж хандахаа мэдэхгүй тохиолдол цөөнгүй. Тиймээс хууль ёсны өвлөгч гэж хэн болох тухай сонирхъё.
ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
А.ОЮУНЧИМЭГ: ГЭРЭЭСЛЭЛИЙГ МАШ ЗӨВ ХИЙХГҮЙ БОЛ МАРГААН ДАГУУЛДАГ
Монголын хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Өв залгамжлалын харилцааны тухай хүмүүс төдийлөн мэддэггүй. Учир нь одоогоор энэ харилцаа хүмүүст нэг их чухал биш байгаа болов уу. Та энэ харилцааг олон жил судалсан хуульчийн хувьд юу хэлэх вэ?
-Социалист нийгэмд монголчууд өөрийн гэсэн өмчгүй байлаа. Улсын мэдлийн орон сууцанд амьдарч, нийтийн тээврийн хэрэгслээр зорчоод мөнх бусыг үзчихэж байгаа учраас өв залгамжлалын харилцааны талаарх ой санамж нь түр алдагдсан. Түүнээс биш Монгол дэлхийд хүчирхэг байхдаа “Алтан Гэрэгэ”-ээр татварын тогтолцоо, Их засаг хуулиараа өв залгамжлалын харилцаагаа зохицуулан, хааны үр ямар хөрөнгө, газар нутгийг авах вэ гэдгээ тодорхойлж байсан.
Өв залгамжлал гэдэг хүчирхэг гүрний хөрөнгөтэй улс оронд хийдэг эрх зүйн харилцаа хэдий ч өв залгамжлалын харилцаа нь өнөө үед нийгмийн хэрэгцээ шаардлага болоод байна. Яагаад гэхээр монголчууд орон сууц, газраа өмчлөөд авчихлаа. Оюунлаг хүмүүс хувьцаатай болж, дэлхийн зах зээлд IPO хийж байна. Хөрөнгө ихсэх тусам өв залгамжлалын харилцааг хүн бүр мэдэх шаардлагатай болж байна. Хүн амьд байхдаа үлдээсэн оюуны өмч, хөрөнгө, эрхийг өв залгамжлалын харилцаагаар зохицуулан өвлүүлдэг.
Жишээ нь, сэтгүүлч хүн оюуны том бүтээл туурвилаа гэхэд тэрхүү оюуны өмчийн өв залгамжлал нь 50 жилийн хугацаанд үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, уг бүтээл нь хэзээ үнэд орж, өмч болж хүнд ашгаа өгөх вэ гэдэг нь хагас зуун жилийн хугацаанд үргэжилнэ гэсэн үг. Өв залгамжлалд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө гэж байдаг. 1997 оноос хойш манай иргэд үл хөдлөх хөрөнгийн талаар ойлголттой болж, Үл хөдлөх эд хөрөнгийн газар хөрөнгөө бүртгүүлэн, эргэлтэд оруулсан. Харин Хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ.
-Эрх өвлөгдөнө гэснээ тодруулахгүй юу?
-Эрх өвлөгдөнө гэхээр иргэд ойлгодоггүй. Тухайлбал, та хүнээс авлагатай байлаа гэж бодоход шүүхээс танд 100 сая төгрөг өгүүлэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл тэрхүү 100 сая төгрөгийг авах эрх өвлөгдөж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар дайнд оролцсон ахмадуудад орон сууц, түүнтэй адилтгах мөнгө олгоно гэсэн. Орон сууц нь байхгүй ч авах эрх нь бий. Энэ эрх нь өвлөгдөнө гэсэн үг.
Манай улс өв залгамжлалын харилцааг Иргэний хуулиараа нарийвчлан зохицуулсан. Бид хэзээ үхэхээ мэдэхгүй. Ойд жимс түүж яваад алга болоод удаан хугацаанд олдохгүй байж болох. Энэ тохиолдолд өвлөгчийн хүсэлтээр шүүхээс “нас барсан” гэсэн хүчин төгөлдөр шийдвэр гаргуулсан байх ёстой.
-Сүүлийн үед хамтран амьдрагч гэсэн гэр бүлийн хэв маяг гарч ирсэн. Хамтран амьдрагчдын нэг хорвоог орхилоо гэхэд нөгөөд нь өв хөрөнгө нь өвлөгдөнө биз дээ?
-Хууль ёсны эхний ээлжийн өвлөгчид нь эхнэр, нөхөр гэж Иргэний хуульд заасан. Гэтэл хамтран амьдрагчид хамтын амьдралтай байсан гэдгээ шүүхээр тогтоолгоод өв авна гэж андуураад байгаа юм. Эхнэр, нөхөр гэдэг хууль зүйн ойлголт нь Гэр бүлийн тухай хуулиар төрийн өмнө бүртгэлтэй, бие биенийхээ өмнө эрх эдэлж, үүрэг хүлээсэн байхыг хэлдэг. Мөн үрчилж авсан хүүхэд нь тухайн өвлүүлэгчээр овоглосон бол өв авах заалттай. Иргэний хуулийн 528 дугаар зүйл буюу Өв хүлээн авах тухай сайн ойлгох хэрэгтэй.
Энэ заалтад эхнэр, нөхөр, ээж, аав, хүүхэд эхний ээлжийн өвлөгч мэт боловч тухайн өвлүүлэгчтэй хамт амьдарсан өвлөгчид өөрөө өвлөн авахаас татгалзаагүй л бол авах эрх нь хэзээд нээлттэй байгаа. Гэтэл хамт амьдарсан гэдгийг нас барахынх нь л өмнө байснаар ойлгон, маргаан үүсгээд байдаг. Иргэний хуулийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан байдаг.
Тэгэхээр хамт амьдарч байсан өвлөгч ямар нэг хуульд баригдахгүйгээр өвлөх эрхтэй бол өмнө хэлсэн эхний ээлжийн өвлөгч болох эхнэр, нөхөр, ээж, аав, хүүхэд гэсэн субъектүүд бүгд нэг гэрт хамт амьдардаг уу гэвэл үгүй. Хүүхэд насанд хүрээд өрх тусгаарладаг. Тиймээс хамт амьдраагүй өвлөгчид нас барсан хүнийхээ хөрөнгийг авна гэвэл нотариат болон нотариатгүй газар сумын Засаг даргад хүсэлт гаргах үүргийг нь хуульчилж өгсөн.
-Өв залгамжлалын харилцаанд нотариат гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл өвлөгчид дурын нотариатчдаа хандаж болох уу?
-Үндсэн хуульд зааснаар төр, иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалахдаа эрх зүйн үйлчилгээ үзүүлэх замаар эрх ашгийг нь хамгаалдаг. Нотариатын тухай хуульд “Нотариат төрийн нэрийн өмнөөс гэрчлээд, хууль зүйн үр дагавар яаж гарах уу гэдгийг зөвлөн гэрчилж өгдөг ажлыг хэлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр өвлөгчдөд хамгийн түрүүнд зөвлөгөө өгөх хүн нь нотариатч. Төрөөс энэ чиг үүргийг мэргэжлийн хуульчдад даалгасан. Тиймээс нотариатаар гэрчлүүлж, шүүхэд маргаангүй байх ёстой юм байна гэдгээ иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв нотариатч буруу үйлдэл хийвэл хариуцлагын даатгал төлөхөөс гадна Иргэн, Эрүүгийн хэргийн журмаар хариуцлага хүлээдэг.
-Банкинд хадгаламжийн данстай байж байгаад зуурдаар нас барлаа гэхэд гэр бүлийнхэнд нь тухайн хөрөнгө өвлөгдөх үү?
-Төрийн нэрийн өмнөөс гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын хувьд Иргэний хуулийн 537, Нотариатын хуулийн 42 дугаар зүйлд зааснаар иргэний хөрөнгөтэй холбоотой зүйлийг хамгаалах үүргийг нотариат хүлээдэг. Нотариатын үйл ажиллагаанд судалгаа хийдэг хуульчийн хувьд надад нэг зүйл анзаарагдсан. Арилжааны банкууд хэн нэгэн хүний хадгаламжид байгаа мөнгийг Нотариатын хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хүн ийм хэмжээний мөнгөтэй, хадгаламжийн хүү нь ингэж өссөн байна” гэсэн мэдээллийг өгөх үүрэгтэй. Зарим банк энэ мэдээллийг өгөхгүй гэдэг.
Тухайн хүний мэдээллийг өгөхгүй байх нь банкинд ашигтай болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс би Монголын банкуудын холбооныхонд хичээл заасан. Тэд “Банкны тухай хуульд зааснаар энэ бол хувь хүний нууц. Тухайн иргэнтэй дансанд байгаа мөнгийг хүнд мэдээлэхгүй гэсэн нууцын гэрээ байгуулсан” гэж тайлбарладаг. Дансан дахь мэдээллийг нотариатч болон гэр бүлийнхэнд нь мэдээлэх нь тухайн хүнийг амьд байхад л нууц. Тэр хүн нас барлаа, хууль ёсны өвлөгчид нь тухайн хүний хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нотариатаар дамжуулан авах эрхтэй.
-Хэрэв банкинд хадгаламжтай гэдгийг гэр бүлийнхэн нь мэддэггүй байвал яах вэ?
-Банкуудаас өв залгамжлалын гэрчилгээ авахдаа “Энэ хүний хууль ёсны өвлөгчид нь байна, банкинд хадгаламжтай, эсэхэд мэдээлэл өгөөч” гэсэн хүсэлт гаргах хэрэгтэй.
-Гэрээслэлийн талаар ярихад монгол хүний ой тойнд төдийлөн бууж өгдөггүй. Гэвч энэ нь их хөрөнгөтэй хүний хувьд гэр бүлдээ амар тайвныг үлдээх зөв арга санагддаг.
-Гэрээслэл бичих гэж буй хүнд үйлчлэх хуульчийн мэдлэг, ур чадвар их чухал. Гэрээслэлийг маш зөв хийхгүй бол маргаан дагуулдаг. Гэр бүлийнхэн нь ерөөсөө ийм гэрээслэл хийгдээгүй гэдэг. Жишээлбэл, Улсын нэгдүгээрт төв эмнэлэгт байж байгаад нас барсан хүний гэрээслэлийн асуудал маргаан дагуулж Чингэлтэй дүүргийн шүүхэд очиж байсан. Тэгэхэд гэрээслэл бичин, гэрчлүүлсэн цаг хугацааг өвчтөний түүхээс харахад нөгөө хүн шокын байдалтай, гарын үсэг зурах ямар ч боломжгүй байсан гэсэн маргаан үүссэн. Өөр бас анхаарах зүйл нь өв нээгдэх үеэс хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ авдаг.
Ингэж хэлэхээр хүмүүс бухимдаад байдаг юм. Жишээ нь, хүүхэд ээжийнхээ гэдсэнд байхад аав нь нас барчихлаа гэхэд төрөөгүй хүүхдийн өв залгамжлалыг хангах хуулийн нарийн зохицуулалт байдгийг ойлгодоггүй. Нэг жил гэдэг нь бас өвлүүлэгчтэй хамт амьдраагүй өвлөгчид хүсэлтээ гаргах хугацаа. Хүүхэд нь гадаадад байгаад эх орондоо ирэхээс нь өмнө хөрөнгийг нь ийш тийш болгож болохгүй биз дээ. Энэ хуулийн заалт нь өв залгамжлагчдыг өөрсдийг нь л боломжтой хөрөнгөө авах нөхцөлөөр хангаж байгаа юм.
Өөр нэг маргаан дагуулдаг асуудал нь үл хөдлөх хөрөнгийн татварын тогтворгүй үнэ. Эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ цуцлуулаад хөрөнгөө хувааж авлаа гэхэд үнийг нь бодитоор үнэлж чаддаггүй.
-Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломжтой гэж туршлагатай хуульчийн хувьд та боддог вэ?
-Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллахад ийм хэрэгцээ шаардлага олж харсан юм. Хүмүүс үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхдээ ойлголт муу байгаагаас бизнес хамгийн их хийдэг хүнийхээ нэр дээр ч юм уу, хөрөнгөө бүртгүүлж байна.
Шүүхэд очихоор “Бүртгэл үнэн зөв байх ёстой, зөв бүртгүүлэхгүй яасан юм бэ” гэдэг. Ингээд иргэд хохирч байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд “Нөхрийн хуваарьт хөрөнгө юм уу, гэр бүлийн дундын хөрөнгө үү гэдгийг нэг удаа асууж байгаад бүртгэлээ хийе” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Шүүх энэ асуудлыг шийдэхэд ямар маргаан үүссэн, татвар авахад ямар асуудал гарсныг бодлогын түвшинд өргөн далайцтай шийдэх нь зөв.
Мөн нотариатын үйлчилгээг боловсронгуй болгохын тулд нотариатын байгууллага цахимжих ёстой. Сайн мэдээлэл дээр зөв ажил хийж, өөрсдөө боловсорч, ажлаа өндөр түвшинд хүргэх хэрэгцээ байна. Иргэд өөрсдөө хуульд заасан талуудын зарчим, өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд мэдлэгээ сайжруулан, нотлох баримтаа цуглуулах хэрэгтэй.