Соёлын бодлого гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа 6000 хүнд л хамаатуулж, эндүүрсээр байтал ард түмнийх нь нэг хэсэг ёс зүйн болон итгэл үнэмшлийн чиг баримжаагаа алдаж, уулгалан довтолж, уурсан бухимдаж, юунд ч дийлдэхгүй муйхарлаж мэдэхээр харанхуй зам руу цуван алхаж байна. Сонгуулийн өмнөх амлалт, иргэддээ “хайр” зарлан дотносох тэр хэдхэн хоногтоо л улстөрчид нийгмийн олонх хэрхэн амьдарч буйг анзаарах сөхөөтэй болдог.
Эргэн тойрныхон нь өндөр боловсрол, гадаадын жишиг ярьж, сэтгэж байгаа болохоор Монгол даяараа ийм байгаа мэт төсөөлж төөрөлддөг. Монголчуудыг бүгдийг нь соёлтой, боловсролтой, мэдлэг чадвартай болгох гэсэн том шаардлагыг энэ удаа тавихгүй ч тийм болохыг хүсвэл хаалга нь нээлттэй байх орчин л бий болгож өгөхийг хүсэж буй юм.
Угтаа бол СОЁЛ нь хүн төрөлхтний язгуур үнэт зүйлс, хүний хөгжил, аливаа ард түмний тогтвортой хөгжлийн үндэс, төр улс оршин тогтнох баталгаа, харилцан ойлголцох түлхүүр, хүний сайн сайхан амьдралын эх сурвалж, эх дэлхийтэйгээ идээшин зохицож ирсэн амьдрах ухаан, урлаг, уран сайхан, утга зохиол, зан заншил, ёс суртахуун, хэл соёлын тогтолцоо юм. Тиймдээ ч Дэлхийн 50 гаруй улс соёлын асуудал хариуцсан яамтай байдаг юм байна. Тэдний зарим нь спорт, соёл, урлагийн салбарыг нэгтгэн бодлого явуулдаг ч манайх шиг боловсролын салбартайгаа хавсруулсан нь үгүй.
Монгол Улсад анх 1956 онд Соёлын яам байгуулж, 1959 онд татан буулгаад 1961 онд дахин байгуулснаас хойш 29 жил эх орныхоо хөгжлийн хурдасгуур болон ажиллаж байсан юм. Үүнээс хойш хоёр жилийн дараа яамаа дахин байгуулж, Н.Энхбаяр тэргүүлж байгаад 1998 онд Гэгээрлийн яам, 2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон хувирчээ. Н.Алтанхуягийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулан жил гаруй ажилласан ч сайд Ц.Оюунгэрэл нь “Батаар” хоч авснаас өөр дорвитой ажил хийж чадаагүй. Соёлын бодлогыг хоёр жил хүрэхгүй хугацаанд цэгцлэх боломжгүй ч илүү сэтгэлтэй ажиллаж болох байсан тухай урлагийнхан ярьдаг.
УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, Богд хааны ордон музейн захирал З.Мэндсайхан нарын хэд хэдэн хүнтэй Соёлын яам байх хэрэгтэй, эсэхийг ярилцлаа. Тэд дуу нэгтэйгээр “Соёлын яам заавал байх ёстой” гэж хариулсан. Мэдээж тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгө нэмэгдэж, хариуцсан эзэнтэй болох давуу талтай учраас тэд харьяалсан яамтай л байхыг хүснэ. Энэ нь эргээд түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалж, таниулан сурталчилдаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх давуу талтай.
Богд хааны ордон музей ганцхан тайлбарлагчтай, захирал нь олсон орлогоо Төрийн санд төвлөрүүлдэг хэрнээ нэг ширхэг хадаас худалдаж авах байсан ч Сангийн яам, Төрийн сан гэх мэт байгууллагын үүд сахиж, олон хүнээс гарын үсэг “гуйх” хэрэг гардаг. Санаснаар болдог бол бие даасан яамтай, тэр нь Гадаад хэргийн яамны нэгэн адилаар бусад яамтай уялдаа холбоотой ажилладаг бол оюуны хоосрол, боловсролын салбарын зарим асуудал, хүний хүмүүжил ёсзүйн гажуудлыг нь залруулах боломжтой юм.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай ярьж байхад УИХ-ын гишүүн Л.Болд тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн улс орнууд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай байдаг төдийгүй уугуул үндэстэн бүхий улс орнууд Соёлын яамтай байдаг талаар бусдадаа хэлж, ССАЖЯ-ыг татан буулгахын эсрэг байгаагаа илэрхийлж байсан. Түүний хэлсэнчлэн Хятад, Орос, Франц, Чех, Бразил, Австрали зэрэг уугуул иргэдтэй улсууд үнэхээр соёл төдийгүй, урлагийн асуудал хариуцсан яам бас сайдтай байдаг.
Салхи өөр тийш эргэж, Монгол ардын нам УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулж, Засгийн газар бүрдүүлэхээр зэхэж байгаа энэ үед амжиж үг даймаар байна. Нэгэн үе Дэд бүтцийн яамны дайтай чухалд тооцогдож байсан Соёлын яамыг дахин байгуулж өгөөч. Энэ бол тухайн салбарынханд бус монгол хүн бүрт хамаатай, тэдний ирээдүй хойчтой холбоотой бодлого боловсруулах чухал үүрэгтэй яам юм шүү.
Саяхан сэтгэлзүйч Г.Наранбаатартай уулзаж ярилцахдаа “Хүүхдүүддээ та юу өвлүүлэх вэ, боловсрол уу?” гэж асуухад “Үгүй ээ. Яг үнэндээ боловсрол тийм ч чухал биш. Зөв төлөвшил, хандлага л өвлүүлэхийг хүсэж байна. Мэдээж боломжтой бол боловсролд нь хөрөнгө оруулна. Харин байр, машин өвлүүлэхийг хүсдэггүй” гэж ярьсан юм. Хүний амьдралын мөн чанар, утга учир нь бие биеэ хүндэлж, хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тэгвэл тийм бие хүмүүс соёлын нөлөөгөөр бий болдог.
Өнгөрсөн зууны 60-70-аад онд Соёлын яамыг Дэд бүтцийн яамны хэмжээнд чухалд тооцож, соёл, урлагаар дамжуулан үзэл суртлаа түгээж байсан. Хүн нэг бүрт хүрч, сэтгэлийг нь хөдөлгөн нөлөөлж чаддаг соёлын давуу талыг ашиглаж чадвал нийгэм даяараа илүү хурдтай төлөвших боломжтой.
Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар саяхан нэгэн ярилцлагадаа урлагийн салбар тусдаа яамтай, мэргэжлийн сайдтай болох ёстой гэж онцлоод “Театрын урлаг бол нийгмийн оюуны хөтөч, нөгөө талаас хүний сэтгэлийг эмчилдэг газар юм. Эмнэлэгтэй зүйрлэвэл театр мэс заслын өрөө нь гэсэн үг. Хүний сэтгэл эвдэрсэн энэ цаг үед театрын үзүүлэх нөлөө их. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, оюунлаг, авьяастай хүн олон байгаа ч гагцхүү зөв сэтгэл дутагдаж, хүн гэж хэлэгдэх суурь нь үгүй болжээ” гэж ярьсан байсан.
Зээл, тусламжаар өв соёлоо хамгаалж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй л бол музей нь хамгаалалтгүй болчих гээд байдаг улс манайхаас өөр үгүй биз. Соёл, урлагийн салбарыг мөнгө олдоггүй, ашиггүй гэж үздэг учраас л ингэж гадуурхдаг байх. Гэтэл гарт баригдахгүй ч хамгийн чухал эерэг нөлөөг энэ салбар үзүүлдэг. Наанадаж л үл тоож, газраас нь хумсалсаар байгаа музейнүүдэд энэ улсын ой санамж хадгалагдаж байгааг бүү март.
Бодлогоор байгуулсан соён гэгээрлийн чухал байгууллагуудынхаа үүдийг барьж, байрыг нь зарж идсэн эмгэнэлт түүх Кино үйлдвэр, Цирк, Хүүхэд залуучуудын театраар дуусаг.
Дэлхий нийтэд техник технологийн үсрэнгүй хөгжил ноёлж, нүд ирмэхийн зуур л мэдээлэл шинэчлэгдэж, өнөөдрийн нээлт маргааш хуучирч мэдэх эрин зуунд бид амьдарч байна. Тэгвэл улс орнуудыг даяаршлын хөлд үрэгдүүлэхгүй авч үлдэх ганц зүйл нь үндэсний соёл гэдгийг “Соёл ба хөгжил” чуулганы үеэр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцолж байсан.
Түүнчлэн хүчирхэг эдийн засагтай улс орнуудын эдийн засгийн хөгжлийн мөн чанар нь соёлтойгоо шууд холбоотой байдаг аж. Тухайлбал, Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2005 онд дэлхийн эдийн засагт соёлын аж үйлдвэрлэл ДНБ-ий 7.5 хувийг бүрдүүлж, 1.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулж байсан бол энэ тоо 2020 онд 3.1 их наяд ам.доллар болох аж.
Аливаа үндэстний хувьд амин дэм, дархлаажуулагч болох соёлын салбараа монголчууд мартчихаад, адуугаар зүйрлүүлбэл хөлийг нь чөдөрлөж, тушчихаад эрх чөлөөтэй давхиж байгаа эрлийз морьдыг харуулан “Түүн шиг давхи л даа” гэж шаардаж байгаа мэт төсөөлөл бууна.
Соёл, нийтийг хамарсан баяр, гамшиг, гаднын халдлага гэсэн дөрөвхөн хүчин зүйл аливаа үндэстнийг нэгтгэж байдаг хэмээн Германы философич М.Вебер хэлсэн байдаг. Зовлон гунигаар биш зол жаргалаар нэгдэж, итгэл сэтгэлээрээ ижилдэхийг хүсэж байгаа учраас ирэх дөрвөн жил төр барих эрхмүүдээс ганц л зүйл гуйя, Соёлын яам байгуулж өгөөч!