Цагдаагийн “Сүлд” чуулга эргэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. Эгнээсээ олон алдартан төрүүлсэн 80 жилийн түүхтэй тус чуулгынхан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан урлагийн алдартнуудыг оролцуулж, баяр наадамд өнгө нэмдэг “ТВ5” телевизийн “Оддын бэсрэг наадам” нэвтрүүлгийг энэ жил хамтран зохион байгуулсан байна. “Сүүж-Уул” амралтад болсон бэсрэг наадамд Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав, цагдаагийн “Дурсамж” хамтлаг, зохиолын дууны залуу уран бүтээлчид оролцжээ.
“Сүлд” чуулгын дуучин, ахлах ахлагч Ц.Амарболд найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр гэдгээ батлан “Оддын бэсрэг наадам”-ын бөхийн түрүү, сур харвааны дэд байрын шагналыг хүртжээ. Түүнчлэн эмэгтэй харваачдыг дуучин Ж.Үржинханд, эрчүүдийг Э.Нямхүү, хурдан морины уралдааны айргийн гуравдугаарт дуучин Г.Дарханбаатарын "хүлэг" давхисан байна.