Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар үлдсэн 49 хувийг Оросын төрийн өмчит “Ростех” компани эзэмшдэг.
Тэгвэл өнөөдөр Оросын Interfax.ru сайтад "Төрийн өмчит Ростех корпораци "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компаниудад эзэмшдэг 49 хувиа Монголын талд худалдаалахаар боллоо" гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр би нэгэн сайн мэдээ дуулгах гэж байна. Гэхдээ үүнийг улс төрийн сонгуулиас хол байлгахыг зорьсон. Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр өнөөдрөөс эхлэн 100 хувь Монгол Улсын үйлдвэр болж байгааг албан ёсоор зарлах гэсэн юм. Энэ талаарх мэдээллийг дөнгөж сая ОХУ-ын Интерфакс олон нийтэд цацаж эхэлсэн гэдгийг дуулгамаар байна. Улс төрийн эрх ашгаас илүүтэйгээр улс орны эрх ашиг гэж байдаг. Монголоо боддог ямар ч хүнд ойлгомжтой.
ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь Худалдаа хөгжлийн банк болон түүний төлөөний компани болох "Монголын зэс" компани юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын хуулиас дээгүүр Олон Улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо Монгол Улсын хуулиар, манай улсын компанийн тухай хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм.
Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн албан ёсны мэдэгдлийг хиймээр байна.
- Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Тиймээс Засгийн газар яг энэ хэвээр нь үргэлжлүүлэн авч явна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дансыг хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашдаа ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.
- Зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ.
- Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн болно.
- "Ростех" компани зөвхөн энэ хэлбэрээр хэлэлцээрийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт энд байгаа. Энд Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй.
- Хэн нэг гуравдагч этгээд энэ хэлэлцээрт оролцохыг хориглосон гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гуравдагч этгээдийн санхүүгийн төлбөр тооцоо энэ асуудалд оролцохгүй.
- Хэрвээ Монгол Улсын компани худалдан авсан 49 хувиа зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна.
- Энэ хэлэлцээр дуусахад Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д албан ёсоор оруулж танилцуулах болно" гэв.
Мөн “Ийнхүү үе үеийн Засгийн газар болон Монголын ард түмний хүсч мөрөөдөж байсан том асуудал биелэгдэх боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Мөн хамгийн сүүлийн зээлийн төлбөрийг Засгийн газар төлж барагдуулсан болно” гэлээ.