Зогс, залуу минь. Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөн хийлгүй, халуун ус, саунд тогтмол орж, компьютер, гар утсаа байнга “ухдаг” юм биш биз. Хэрэв эдгээрийн заримд нь та “Тийм” гэж хариулсан бол өөрийнхөө “нандин” эрхтэнд нэг анхаарал хандуулаадахаарай. Магадгүй, чи, чи... чи ч бас үргүйдэх өвчтэй байж мэдэх юм. Учир нь манай улсын нөхөн үржихүйн насны эрчүүдийн 20-25 хувь нь бэлгийн сулралтай, 10 эрэгтэй тутмын нэг нь үргүйдэх өвчтэй (огт үргүй гэсэн үг биш) гэсэн судалгааг Монголын урологи, андрологийн холбооноос саяхан гаргалаа. Манай улсын нийт хосын 15-20 хувь нь ийм өвчтэй гэсэн статистик ч байдаг. Судлаад үзэхэд энэ “хэргийн эзэн” нь эрчүүд юм байна. Тиймээс энэ удаа бид эрчүүдийн халаасан дахь “амьдрал”-ыг тольдохоор оролдов.
Хүн харахад эрүүл, бэлгийн харилцаанд ямар нэгэн асуудалгүй оролцдог хэрнээ хүүхэдтэй болохгүй бол яах вэ. Эрүүл хосууд жирэмснээс хамгаалах арга хэрэглээгүй байхдаа хамгийн ихдээ зургаан сарын дотор маамуутай болохгүй бол хэн нэгэнд нь асуудал байгаа гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эрчүүдийн үр тогтоох чадвар сул, үрийн шингэн доторх амьдрах чадвартай эс цөөрч буйд мэргэжилтнүүдийн санаа чилэх болжээ. Гэхдээ үргүйдэх өвчин бол огт үр тогтоох чадваргүй гэсэн үг биш.
Монголын урологи, андрологийн холбооны тэргүүн, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн “1990 он хүртэл үргүйдлийн талаар нээлттэй ярилцаж байсангүй. Одоо л дээрдэж байна. Гэсэн ч эрчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, эмгэгийг оношилж, эмчилдэг эмч, мэргэжилтэн одоо болтол хангалтгүй хэвээр. Энэ чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшсэн ганцхан монгол эмч бий. Тиймээс урологийн эмч нар хамтран, эрчүүдэд зонхилон тохиолддог бэлгийн сулрал, үргүйдэх өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарч байна. Өнөөгийн нөхцөл байдал II, III шатлалын эмнэлэгт эмч, мэргэжилтэн олноор бэлтгэх хэрэгтэйг харуулж байна” гэсэн юм.
Эрчүүдийн үргүйдлийг олон янзаар тайлбарлаж байна. Ерөнхийд нь үрийн шингэн дэх эр бэлгийн эс цөөрөн, хөдөлгөөн муутай, эсвэл амьд эс нэг ч байхгүй бол үргүйдэл гэж үздэг аж. Хэдийгээр шинжилгээний хариу хэвийн гарсан ч эр эсийн толгойн төв хэсэгт гажиг үүсвэл энэ нь үргүйдэх шалтгаан болдог байна. Өмнө нь үргүйдэх өвчин эмэгтэйчүүдээс 40, эрчүүдээс 30, хосуудын аль алинаас нь 20 хувь хамаардаг байв. Манай улсад үргүйдлийг цогцоор нь оношилж, эмчилдэг хувийн хэдхэн эмнэлэг бий. Тэдний нэг нь “Баянгол”. Саяхнаас тэд нэрээ өөрчилж, “Юнимед интернэйшнл” болжээ.
Тус эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн үр хөврөлийн эмч З.Баярцогт “Үргүйдэх өвчний талаар ярихаар эмэгтэйчүүдэд бүх бурууг тохдог байсан. Америкийн Нөхөн үржихүйн нийгэмлэг болон бусад байгууллагын судалгаанаас харахад сүүлийн үед үргүйдэх өвчин эрчүүдэд их байна. Жил гаруйн хугацаанд ийм шалтгаанаар манайд хандсан 1488 хосын 42.6 хувийнх нь нөхрүүдэд асуудал байсан нь анхаарал татлаа. Монгол эрчүүдийн дунд үргүйдэх өвчин хэр их байгааг энэ тоо харуулна. Хүүхэдтэй болохгүй байх нь аажмаар хосуудыг бие биедээ үл итгэх, хардах, эцэст нь гэр бүл салахад хүргэдэг. Тэгэхээр хосууд маань тэвчээртэй хандаж, хамтдаа өвчнөө оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй” гэж эмнэлгийнхээ пэйж хуудсаар дамжуулан хосуудад зөвлөжээ.
Тэгвэл яагаад үргүйдэх өвчтэй болдог вэ. Төмсөгний венийн хавхлаг буюу клапан өөрчлөгдсөний улмаас үрийн шингэнийг дамжуулдаг сувгийн судас өргөсөж, цусны эргэлтийн хэм алдагдвал эр бэлгийн эс бүрэлдэж чадахгүй болдог байна. Мөн эсийн суваг бөглөрөх, халдвар авах, мэс засал, варикоцеле (судас бүдүүрэх) зэргээс шалтгаалан, дархлалын системд нь эсрэг биетүүд бий болдог аж. Энэ нь эсийн хөдөлгөөнийг саармагжуулан, үйл ажиллагааг нь саатуулснаар үргүйдэлд хүргэдэг гэнэ. Дааврын өөрчлөлт ч энд голлох нөлөө үзүүлнэ. Төмсөг болон өнчин тархины нөлөөгөөр даавар ялгардаг ба тэнцвэр нь алдагдвал асуудал үүсдэг аж. Өмнө нь шээс болон бэлгийн замын халдварт өвчин тусаж байсан, одоо ийм өвчнөөр шаналж буй бол цусны цагаан бөөм их хэмжээгээр ялгарч, үргүй болгодог талаар мэргэжлийн эмч нар ярив.
Түүнээс гадна амьдралын буруу хэвшил, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь үр тогтоох чадварыг бууруулдаг юм байна. Тэр дундаа архи их хэмжээгээр уух нь төмсгийг агшаан, цусан дахь эр бэлгийн дааврын хэмжээг бууруулж, тоо, ширхэг, хөдөлгөөнд нь хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ шүү. Мөн “нууц” эрхтний төрөлхийн эмгэг, хэт халуунд ажиллах, саунд тогтмол орох нь ч үргүй болгох эрсдэлтэй. Их Британийн эрдэмтдийн хийсэн саяхны судалгаа олны гайхашрал төрүүлээд буй. Гар утсаа өмднийхөө халаасанд хийж явдаг эрчүүдийн 47 хувийнх нь эр бэлгийн эс цөөрсөн, чанар нь муудсан байсныг тэд олж тогтоосон юм. Тодруулбал, өдөрт нэг цагаас илүү хугацаагаар гар утас өмдөндөө халаасалж явах нь аюултай аж. Утаснаас ялгарч буй цахилгаан соронзон долгион бэлэг эрхтэнтэй ойрхон байх тусмаа үр тогтоох чадварыг муутгадаг юм байна. Тиймээс эдгээр эрсдэлт хүчин зүйлээс өөрсдийгөө хамгаалж, татгалзаж сурцгаая. Ирээдүйд хүүхэд “худалдаж” авахгүйн тулд.