Сонгуулийн сурталчилгаа дуусахад дөрөвхөн хоног үлдлээ. 45 хоног сурталчилгаа хийдэг байсан үе ард хоцорч, сонгуулиас сонгуулийн хооронд цөөрсөөр өдгөө 17 хоног болоод буй. 1990 оноос хойших түүхэнд хамгийн богинод тооцогдох сурталчилгааны хугацаатай энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл сонгогч, иргэдэд хангалттай хүрч буй, эсэхийг сурвалжиллаа. Шинэ хуулийн дор өрнөж буй сонгуулийн талаар тэд ямар амтай байгааг сонжив.
Яармагийн гүүрийг давж, Буянт-Ухаагийн дэнж рүү өгсөв. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Монголд, нийслэлд нь хөл тавих гадаад, дотоодын зочин гийчдийг угтах энэ хэсэг өдөр, шөнийн алинд ч үзэмжтэй. Одоо замын урдуур, дундуур, хойгуур байрлуулсан нэр дэвшигчдийн элдэв өнгийн, том, жижиг зурагт хуудас, самбарууд бүр ч “чимж” байна. Зарим хэсэгт бүр бүх нэр дэвшигч, өрсөлдөгчийн зурагт самбарыг нэг дор шавааралдуулан тавьсан нь хонь, хурга нийлсэн аятай харагдах. Энэ мэт дүр зургийг энэ өдрүүдэд их хотын хаанаас ч олж харж болохоор буй. Ийнхүү явж байтал УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойргийн зургадугаар хэсгийн хорооны санал авах байр хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Улаан өнгийн дэвсгэр бүхий самбар дээр цагаанаар санал хураах өдөр, цагийг бичсэн нь “уламжлал”-аа хадгалжээ.
Тус хэсгийн хорооны зохион байгуулагч “Сонгуулийн бэлтгэл үндсэндээ хангагдсан” гэж байна. Хэсгийн хорооныхны зарим нь сонгогчдод урилга, санал өгөх зөвлөмжийн хамт тараахаар гарцгаачихаж. Харин зохион байгуулагч бүсгүй нэрээ хэлэхээс татгалзаж, сонирхсон асуултад минь “Тийм”, “Үгүй” гэж товчхон хариулан жолооч бид хоёроос илт цааргалах шинжтэй. Ер нь илүү, дутуу юм ярьж байснаас дуугүй байсан нь дээр гэх “тактик”-ийг сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагынхан ч, оролцож буй нэр дэвшигчдийн ухуулагч, сурталчлагч нар ч барьж буй бололтой. Иргэд, сонгогчид ч бидэнд дөлсөн, тандаж сонжсон байдлаар хандаж, аль тойргийн сонгогч болох, нэр, усаа хэлэхээс түвэгшээх нь элбэг. Шалтгаан нь Сонгуулийн тухай хуульд бий гэнэ. Тодруулбал, шинэ хууль тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй, их хэмжээний мөнгөн торгууль ногдуулна, тийм ч хариуцлага хүлээлгэнэ гэсэн “харгис” заалтуудтай аж.
Ширээ, сейф хоёрын хооронд хавтастай юм барин холхих зохион байгуулагч бүсгүйгээс хэдэн үг унагах санаатай түүнийг дагах зуур залуу эрэгтэй, эмэгтэй хоёр хаяг дээр нь элдэв хүн нэмэгдсэн, эсэхийг нягтлахаар орж ирэв. “Хүн царцааны нүүдэл” идэвхжиж буй үед боддог л бодол. Хаяг дээр нь байх ёстой хүмүүс нь л буйг мэдсэн хоёр “Баярлалаа” гээд гарч одсон. Тус хэсгийн хороонд 2384 сонгогч бүртгэлтэй аж. Энэчлэн сонгогчдын нэрийн жагсаалтад санаачилгаараа хяналт тавих иргэдийн тоо энэ жил нэмэгдсэн гэсэн.
Сонгуулийн бэлтгэл хангах, зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанууд ч хуулиар цаг хугацааны давчуу хуваарьт шахагдаж буй нь хүндрэл учруулж байгаа, эсэхийг тодруулахад, “Гайгүй дээ, ямар ч гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хийх ёстойгоо хийгээд л явж байна. Зарим үед 23.00 цаг өнгөртөл ажиллаж байгаа” гэв. Энэ жилийн хувьд сонгуулийн хэсгийн хороод дарга, нарийн бичгийн даргагүйгээр ажиллаж буй аж. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулиудаар наад зах нь 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн хэсгийн хороод одоо зөвхөн ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч бүхий 6-7 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.
Яармагийн гэр хорооллын гудамж ч тэр чигээрээ нэр дэвшигчдийн зургаар “гоёчихож”. Уулзсан эмээ, өвөө, ах, эгч нарын дийлэнх нь сурталчилгааны материал тавих газар, байршлыг нарийн тогтоож өгснийг олзуурхаж байна. Энэ нь сурталчилгааг илүү соёлтой болгож буйг ч хэлэх хүн байв. Сурталчилгааны хугацаа багассанд бүр ч талархалтай байх шиг. Цаашид сурталчилгааны хугацааг бүр ч багасгах ёстой гэх нэг бус хүнтэй таарсан. Харин тэд ухуулагч нарын гэрт нь хүргэх сонин, сэтгүүл, танилцуулгыг түвэгшээж буй нь илт. 57 дугаар тойргийн хувьд УИХ-ын сонгуульд 11 хүн өрсөлдөж буй.
Үүний зэрэгцээ нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт болно. Нийт дүнгээр нь харвал энэ жилийн УИХ-ын сонгуулиар 76 суудлын төлөө 500 орчим, нийслэлийн ИТХ-ын 45 мандатын төлөө 240 гаруй хүн өрсөлдөж буй. УИХ-ын сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог нь 14, бага нь зургаан нэр дэвшигчтэй бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог тус бүрт 3-6 хүн өрсөлдөж буй. Өөрөөр хэлбэл, УИХ, ИТХ-д нэр дэвшигчдээс хамгийн багадаа сурталчилгааны арван материал хүлээж авах нь. Нэг нэр дэвшигч нэг сонин, сэтгүүл, эсвэл танилцуулга тараагаад орхих нь юу л бол. Ийнхүү энэ өдрүүдэд эрээн мяраан цаасанд дарагдаж суугаагаа тэд учирласан.
Гэхдээ түмнийг төлөөлж төрд очих хүнийг сонгоход тань шаардлагатай мэдээллийг тэр цааснууд, нэр дэвшигчид өгч чадаж байна уу. Энэ асуултад тэд их л булзааруулсан хариулт өгөх аж. “Бичиг үсэг тайлагдсан юм болохоор тараасан материалтай нь танилцчихаж л байна. Хэнийг сонгох нь миний хэрэг. Надад бодсон юм бий” хэмээн хэгжүүрхэх нэгэн байхад “Цаасан дээр юу бичих нь яах вэ. Юу юу гэж ярьж гарч ирчихээд яаж ажилладаг билээ. Хэнд нь ч итгэх арга алга. Адилхан хүмүүс дээ” гэх хүмүүстэй нэлээд таарлаа. Сонгогчид дан ганц цааснаас зугтааж буй биш бололтой.
“Аль ч нам, бие даан нэр дэвшигчийн уулзалтад цөөн хэдэн иргэн л ирдэг, ер нь сонгогчид идэвхгүй байна” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ухуулагч хэлсэн. “Яармагийн шинэ, хуучин эцэс” гэгддэг түм түжигнэж, бум бужигнасан, гол гудамжинд бараг бүх намаас нэр дэвшигчийн ухуулах төв байр хаяа хаяагаа дэрлэн, өөд өөдөөсөө харан ажиллах. Зэрэгцээд таван хүн суухтай, үгүйтэй умгар байр байхад лед дэлгэц суурилуулж, 40-50 хүн суух сандал зэрэгцүүлчихсэн том танхим ч байна. Гэлээ гэхдээ том гээд хүн ихтэй, бага гээд хоосон байр алга. Нэрээ нууцлахыг хүссэн ухуулагчийн хэлсэнчлэн ухуулах байрыг зорьж ирэн асууж, шалгаадаг хүний тоо эрс цөөрчээ.
Нэр дэвшигчийн танилцуулга, уулзалт цөөдсөн нь юу л бол. Гагцхүү иргэд, сонгогчдын улс төрийн идэвх, оролцоо тун чамлалттай байх шиг. Тэд эдгээр цаас, нэр дэвшигчдийн ярианд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна уу даа гэж бодлоо. Сурталчилгааны богино хугацаанд ар араасаа хүргэгдэх хэвлэмэл материал тэднийг залхаасан байж мэднэ. Жижигсгэсэн тойрог, бага орон зай, цөөн сонгогчтой өөрийн биеэр ярилцах гэсэн нэр дэвшигчдийн өглөөнөөс үдшийн бүрийн болтол үргэлжлэх уулзалтаас уйдсан ч байж болох. Хоёр ч шатны сонгууль хамт зохион байгуулж буй нь нэрмээс болж байж мэдэх талтай.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу өнөөдөр Улаанбаатарынхаар 12.00 цагт бүх 1998 санал авах байранд туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан, саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа, эсэхийг шалгаж, бэлэн байдлыг тогтоох аж. Сонгуулийн бэлтгэл үндсэндээ хангагдчихаж. Одоо гагцхүү сонгогчид төр түшилцэхээр горилж яваа эрхмүүдийн танилцуулга, сурталчилгааг тээршаалгүй, тогтож сайтар хараад, санал хураалтад идэвхтэй оролцох л үлдэж байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилдэг болсон нь ямар санагдаж байна вэ? Та нэр дэвшигчдийн тухай мэдээллийг бүрэн авч чадаж байна уу?
Л.Оргил (Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо):
-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа цөөн хоногт болж байгаа нь их зүгээр санагдаж байна. Олон хоног хаалга нүдэж дараа болохгүй. Ер нь байнга энэ маягаар зохион байгуулбал сайн байна. Нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хаанаас л бол хаанаас авч болж байна шүү дээ. Яг үнэндээ хэнд санал өгөхөө шийдчихсэн болохоор ухуулга, сурталчилгаанаас хол байхыг хүсэж байна. Би уг нь сонгуульд нэг их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энэ удаа заавал саналаа өгч, зөв хүнийг төрд гаргахыг хүсэж байна. Ганц хүний санал ч том нөлөө үзүүлнэ.
Ц.Оюунтуяа (Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо)
Сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг багасгасан нь их зүгээр санагдаж байна. Нэр дэвшигчдийн тухай мэдээллийг бүрэн авч чадаж байгаа.
Г.Оюунбилэг (Сонгинохайрхан дүүрэг)
-Сурталчилгааны хугацааг багасгасан нь учир дутагдалтай. Хэн хэн нэр дэвшиж байгааг ч мэдэхгүй байсаар сонгуулийн сурталчилгаа дуусах нь. Сонгуулийн штабууд иргэдийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулсан. Нэр дэвшигчдийнхээ зүсийг нь ч хараагүй байж хэрхэн сонголтоо хийхээ мэдэхгүй байна. Таньдаг хүнээ л дэмжинэ дээ.
Б.Энхцэцэг (Баянзүрх дүүрэг):
-Орон даяар сонгуулийн уур амьсгал орчихсон, хүн бүр улс төр, нам засаг ярьж байна. Сурталчилгааны хугацаа урт байх тусам иргэд залхаад, дөжирчихдөг юм шиг ээ. Харин 2016 оны сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног үргэлжилж буй нь богино хугацаанд олон нийтийг идэвхтэй санал өгөхийг уриалж чадаж байна. Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчид бие биенээ гүтгэх, нэр хүндэд нь халдах зэрэг үйлдэл ихээр гаргаж байх шиг ээ.
Д.Буянзаяа (Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо)
Сонгуулийн сурталчилгааг 17 өдөр хийдэг болсон нь олон хоног хаалга нүдэж, түвэг болохгүй амар санагдаж байна. Гэвч нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа. Зарим нэгийх нь нэрийг ч сонсоогүй л явна.
О.Ууганбаяр (Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо)
-Сонгуулийн сурталчилгааг 17 хоногт хийдэг болсон нь сайн хэрэг. Нэр дэвшигчдийг багасгасан тойрогт хуваарилсан нь зөв. Манай хүү сурталчилгааны зурагнуудыг хараад “Ааваа, юун үхсэн хүмүүсийн зураг вэ” гэсэн нь бас нэгийг бодогдуулж байгаа биз. Сонгуулийн ерөнхий хороо сайн ажиллахгүй байна.