Сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд ажлын өрөөндөө согтуу янжуур татаж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгийг өчигдөр олон нийтэд дэлгэсэн. Тэдний хэлж буйгаар Т.Алтаншагайд зургаадугаар сарын 5-нд үл мэдэгдэх хаягаас "Үнэнээ хэлэх мөч" нэвтрүүлэгтээ оруулаарай хэмээх захидал, флашын хамт дугтуйд хийсэн илгээмж ирсэн бөгөөд флашыг тоглуулахад Л.Эрдэнэчимэгийн самуурч буй 26 секундын бичлэг байсан гэнэ. Тэд Л.Эрдэнэчимэгт бичлэгийг үзүүлж учрыг асуухад "хэдэн төгрөг авах гэсэн юм, дансаа өгчих" гээд данс руу нь 50 сая төгрөг шилжүүлжээ. Харин тэдний энэ мэдээллийг Л.Эрдэнэчимэг гишүүнээс тодруулахад "Надаас Х.Бат-Ялалт найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлсэн, харин тэр бичлэгийг үзээгүй учир тайлбар хийж чадахгүй нь" гэж хэлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Монгол ньюс" мэдээллийн төвд албан ёсоор мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Болж өнгөрсөн явдлыг эхнээс нь ярья. 2016 оны зургаадугаар сарын 6-нд Х.Бат-Ялалт надтай ирж уулзсан. Бичлэг үзүүлээд 200 сая төгрөгөөр зарна гэсэн. Бичлэгийг үзэхэд Уянга гишүүний гар утсаараа тоглоод бичиж байна шүү гээд бичиж байсан видео болохыг таниад Г.Уянгын устгасан гэсэн бичлэг яагаад өөрт нь байгааг тодруулж, хуулийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн юм. Би Г.Уянгаас учрыг асуухад "Би утсаа алдсан" гэж хэлсэн. Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар очиж Х.Бат-Ялалт гэдэг хүн бичлэг үзүүлж 200 сая төгрөг нэхсэн талаар гомдол гаргасан. Одоо энэ хэрэг дээр цагдаа нар ажиллаж байгаа. Х.Бат-Ялалт надаас долоо хоногийн турш мөнгө нэхсэн. Сүүлдээ шүүхээр шийдүүлнэ өгөхгүй гэхэд сонгуулийн дараа өгье зээлчих гэсэн юм. Тиймээс түүний данс руу 50 сая төгрөгийг өөрийн нэр дээрээс зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэсэн.
Ажлын байранд вино ууж, тамхи татахдаа би ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хэлсэн үг нь бол хүний эрхий асуудал гэж бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлж, хариуцлагаа хүлээнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд таван толгойн ажлын хэсгийг ахлах үеэс байнга дарамт заналхийлэлтэй тулгарч байгаа. "Аятайхан байхгүй бол ална шүү" гэж утсаар ярьдаг. Би Болгарт байхдаа тамхи татаж сурсан. 20 гаруй жил тамхи татаж буй маань үнэн. Өөрөө тамхи татдаг болохоор "Тамхины тухай хууль" санаачилсан гэж хэлж болно. Ийм ёс зүйгүй зүйл хийсэндээ ард түмнээсээ дахин уучлалт гуйя" гэлээ.