"Хааны эрэлд-2016 сургуулийн хүрээнд гадаадын орнуудын цэргийн алба хаагчид Монголын хүүхэд, багачуудад дотуур байр барьж өглөө.
Монгол Улсын Зэвсэгт хүчин “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд анх удаа хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж, 2006 онд олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болон зохион байгуулж байна.
Сургуулийн хүрээнд болдог барилгын хамтарсан ажиллагаа энэ жил Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 4 дүгээр сургуулийн дотуур байр шинээр барих байв. Дотуур байрны барилгыг АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны 3 дугаар сараас ажлаа эхлүүлсэн. Сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд АНУ, БНЭУ болон Сингапур Улсын цэргийн инженер, барилгачид мөр зэрэгцэн хамтран ажиллаж барилгын ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа нь энэ.
Тус сургуулийн захирал Ө.Уртнасан "Манай сургуульд дотуур байр огт байгаагүй. Аймгийн маань захын сумдын хүүхдүүд суралцдаг болохоор дотуур байргүй байсан нь хамгийн том хүндрэл байлаа. Гэтэл аз таарч гэмээр "Хааны эрэлд" сургуулийн хүрээнд ийм сайхан дотуур байр барьж өгч байгаад үнэхээр их талархаж байна. Одоо ах, дүү хамаатан садан, айлд байдаг сурагчид маань орчин үеийн шаардлага хангасан байрандаа орохдоо баяртай байна. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ажилтан алба хаагчдынх нь хүүхдүүд манай сургуульд суралцдаг. Тэр талаас нь энгийн малчин ард иргэд төдийгүй алба хаагчдынхаа үр хүүхдүүдийн сурч боловсрох ая тухай орчинд нь анхаарч ажилласан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад талархаж байна. Манай дотуур байрны хоёр өрөөг Зэвсэгт хүчний 016 дугаар баригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр тохижуулж өгсөнд мөн талархал илэрхийлье" гэсэн юм.
Шинэ баригдсан дотуур байр нь сурагчдын байр, гал тогоо, номын сантай төдийгүй бохир, халуун устай холбогдсон орчин үеийн барилга юм.