Өнгөрөгч баасан (05.27) гаригт нам, эвслүүд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн баримт, материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр 00.00 цагт дуусна. Өнөөдөр морин цагаас эхлэн намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ээлж дараалан хүргүүлж байна.
Ж.Мөнхбат: Манай нэр дэвшигчдийн тал хувь нь 45-аас доош насныхан
МАН-ын нэр дэвшигчдийн материалыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар авчирсан. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 76 нэр дэвшигчээ морин цагт амжиж, СЕХ-нд бүртгүүллээ. Манай нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 17-ны 00:00 цагаас өмнө намын бага хурлаар тодруулсан. Нэр дэвшигч бүр дээр нууцаар санал хураалт явуулсан. Сонгуулийн тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагатай материалыг хуулийн дагуу бүрдүүлж, өглөө. Манай намаас нэр дэвшиж буй 76 дэвшигчийн хувьд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Учир нь, бид бүх зүйлийг нягтлан шалгаж, хуулийн хугацаандаа багтаж өглөө. СЕХ хуулийн дагуу манай намын 76 нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгуульд өрсөлдөх эрхийг нь нээж, өгнө гэдэгт итгэлтэй байна. Ер нь 2016 оны энэ удаагийн УИХ-ын сонгууль бол хариуцлагатай сонгууль учир Монгол Ардын нам хуулийг биелүүлье, хариуцлагатай байя, төрийн байгууллагаас тавьж буй шалгуурыг мөрдөж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа. Манай 76 нэр дэвшигчийн тал хувь нь үндсэндээ 45-аас доош насны залуучууд. Монгол Ардын нам энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтэнд шинэ, залуу үедээ боломж олгож, тэднийгээ дэмжиж нэр дэвшүүлсэн. Нэр дэвшилтийн хувьд янз бүрийн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэв.
Ж.Сүхбаатар: Ямар ч байсан баримт бичгээ бүрдүүлж өгнө
Мөн энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Б.Тулга нар СЕХ-ны байранд ирсэн юм. Тэд СЕХ-ны байрны хажууханд буюу Тусгаар тогтнолын талбайд намын даргынхаа ялтайд тооцох хугацааг хүчингүй болгуулахаар нойтон өлсгөлөн зарлаад 57 цаг болж байна. Энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Манай зарим албан тушаалтанд холбогдох хэргийн ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх яриа бий. СЕХ-нд хүргүүлэх баримт материал дотор цагдаагийн байгууллагаас гаргаж өгөх тодорхойлолт бий. Манай намын удирдлагуудад энэ тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа юм. Уг нь цагдаагийн байгууллага бичилт, тэмдэглэгээ хийх л үүрэгтэй. Гэтэл улс төрийн зорилгоор тодорхойлолтыг нь гаргаж өгөхгүй байна. УИХ-ын дарга уг асуудлаар АНУ-ын парламентынханд “Цагдаагийн байгууллагын эрхээр сонгуулийн эрхийг хязгаарлана гэдэг нь буруу гэж бодож байна” гэж хэлсэн байна лээ. Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх загвар маягтад эрүүгийн хэрэг үүсгэн, гэмт хэрэгт шалгагдаж байгаа, эсэх гэсэн зүйл нэмсэн байна лээ. Үндсэн хуульд заагдсанаар Монгол Улсын иргэн шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцож болохгүй. Хүн ямар зүйлээр сэжиглэгдэж болно. Ер нь сонгуультай холбоотой бүхий л хууль, тогтоомж, журам УИХ-ынбус МАНАН-гийн сонгуульд зориулагдаж байна. Бид ямар ч байсан баримт бичгээ бүрдүүлж өгнө. Олон улсын байгууллага, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох бүх улс орнуудад уг асуудлаар хандана” гэж байр сууриа илэрхийлсэн.