-Зуныг худалдчихаж.
-Яасан гэнэ ээ, хэн яахаараа, юу яриад байна аа.
-Яах юу байх вэ. Улстөрчид сонгуулийн мөнгөө босгох гээд худалдчихгүй юу.
-За больж үз.
-Шороо шуураад л, хүйтрээд л, хавар дуусахгүй байгаа биз дээ. Цаадуул чинь зуныг худалдчихсанаас зайлахгүй.
Ийм нэгэн егөөгөөр яриа эхлэв.
Улстөрчид ч, сонгууль ч хол цаашаа. Болдгоороо болоод өнгөрнө. Харин байгаль ээжийн минь араншин яагаад хувираад байна вэ? Олон ааштай хүн шиг хувирамтгай хавар дуусахгүй нь. Өчигдөр нэг оронтой тоонд байсан агаарын хэм өнөөдөр 20 хэм давж, шатаачих гээд тийм гэх таамаг алга. Гол ус ширгээд, ургамлын гарц ч муудлаа. Төрөл зүйл нь ч ховорджээ. Цэцэг алаглан байдаг нуга, дэнж нарийн өвснөөс өөр ургамалгүй болсныг харахад гуниг төрнө. Мэлтэлзэн байдаг нуурын ус ширгэж, сав нь саарал лаг болон зэвхийж, хагарч хатсаныг харахад нүд халтирна.
Байгалийн ааш аяг хэрхэн өөрчлөгдөж байгаа нь хот суурин газрынхан, ялангуяа улаанбаатарынхны анхаарлыг татахгүй. Гудамжаар дүүрэн цэцэг тарьчихна. Тэгэхээр цэцэг навч ургадгаараа ургаж буй мэт мэдрэмж төрөх нь гарцаагүй. Ерөөсөө байгальтай ойр өсөөгүй хүмүүс доройтож буйг нь анзаарахгүй л дээ. Өмнө нь ямар сайхан байсан, өнөөдөр хэрхэн навсайсныг тэд харьцуулж мэдэхгүй.
“Өө мод хэзээ ногоорчихсон юм бэ. Сая л анзаарлаа” гэж нэгэн бүсгүй гудамжинд дуу хадааж байна. Орчин тойрноо анзаарах завгүй их ажилд дарагдсан байж дээ.
Ойрхи Дорнодод цас орлоо гэсэн мэдээ сонсоод хүйт даав. Цасны тухай сонсоод тэгээгүй юм шүү. Халуун салхитай, дэлхийн хамгийн бага хур тунадас унадаг газарт цас орно гэхээр жихүүдэстэй юм шиг. Естой л хүн нохойг хазжээ гэсэнтэй адил сэртхийлгэсэн мэдээ санж. Байгаль ээжийн араншин ямар хурдан өөрчлөгдөж байна вэ. Хүн төрөлхтний хамгийн том сорилт цаг уурын өөрчлөлт байх нь гарцаагүй боллоо. Өндөр настнууд биш, өчигдөр 25 хүрсэн залуу байгалийн дэлхийн сайхан үеийг өнөөдрийн муухайтай харьцуулан ярьдаг болж.
-Оройтсон ч гэсэн зун болох л байлгүй.
-Тэгэх байх. Гэхдээ олон жилийн дараа зуны улиралгүй болох байх.
-Эрдэмтэд хавар, намрын улирал уртсаад байгааг тогтоосон байна лээ. Өвөл, зуны улиралгүй болбол ямар вэ?
-Гунигтай л юм. Яриа ингэж төгсөв.