Хүүхэд ямар эрхтэй вэ. Хүүхэд бүр амьд явах, сурч боловсрон хөгжих, хайрлан хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэйг мэднэ л дээ. Гэхдээ Монголд хүүхдийн эрхийг хамгаалах тухай ярихаар ихэвчлэн хэсэг бүлэг хүний ашиг сонирхол цаана нь давхар яваад байдаг учраас одоо ч энэ асуулт шинэхнээрээ, манай нийгэмд дахин дахин тавигдсаар байгаа мэт санагддаг. Хурдан морь унадаг багачуудын, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн эрхийг хамгаална гэж ам хуурайгүй ярьдаг хүмүүс угтаа тэдний тусын тулд юу хийсэн бэ, зорилгынхоо төлөө тууштай явсан уу гэдэг асуултын хариулт эргэлзээ дагуулсан хэвээр. Хүүхдийн эрх гэсэн ойлголт уг нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй билээ.
“Халуун тогооны хүүхэд”, “Индүүний хүүхэд”, “Цоожны хүүхэд”, “Тавиул хүүхэд” гэсэн нэр томъёо хэдийнэ бий болсон нь Монгол хүүхдийн эрхийг хэрхэн “хамгаалдаг” улс вэ гэдгийг харуулах бодит жишээ юм. Гэтэл эдгээр гэмгүй хүүхдийн эрхийг хамгаалах тухай хэн, хэзээ ярьсныг санаж байгаа хүн байна уу. ГССҮТ-д өдөр болгон бага насны 10-15 хүүхэд халуун тогоотой цай, хоолонд түлэгдэж ирдэг. Дээрээс нь үсний болон ахуйн зориулалттай индүүнд хайрагдсан хүүхдүүд түүнээс дутахгүй олон байсаар буйг эцэг, эхийн хариуцлагагүй, арчаагүй байдалтай холбон тайлбарлаж, өөрсдөөсөө холдуулаад өнгөрч болох. Харин сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас мянга мянган монгол хүүхэд өнөөдөр сурч боловсрох үндсэн суурь эрхээ ч эдэлж чадахгүй “цоожны”, “тавиул” гэх мэт тодотголтой, нийгмээс тусгаарлагдан амьдарч байгаагийн бурууг хэнд тохох вэ.