Хэдхэн жилийн өмнө халаасны хулгайч нар ёстой л дураараа авирлаж байсан сан. Автобусны буудал, худалдааны төвүүд, сургууль, цэцэрлэг орчим гээд хаана олон хүн бужигнаж байна тэнд ажлаа хийдэг байв. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулбал тэдний хууль бус үйл ажиллагаа хумигдсан. Энэ оны эхний дөрвөн сард Улаанбаатар хотод 256 халаасны хулгайн хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ л халаасны хулгайч нарт “тэмтрүүлээгүй” хүн нийслэлд ховор. Хэдхэн сарын өмнө би “Монтел” төвийн орчим гар утас, хэтэвчээ суйлуулж, “ховор” хүмүүсийн тооноос хасагдсан юм. Энд тэндгүй хяналтын камертай болчихсон, эд зүйлээ алдсан ч олох боломжтой хэмээн хайнга явдаг байснаас ийм хэрэг болсон байх. Тухайн үед “Монтелын ойролцоо хяналтын камерууд бий. Чиний цүнх рүү зөвшөөрөлгүй гараа шургуулсан хулгайчийг олох боломжтой” гэж хэд хэдэн хүн хэлж байсан удаатай. Гэвч цагдаа нар өнөөх урт гартыг илрүүлж чадаагүй. Камерын бичлэгт хүмүүсийн ерөнхий дүрс л харагдаж байсан юм. Дүрсийг томруулж, хүний царайны төрхийг тодотгож харах боломж байгаагүй. Уг нь сүүлийн жилүүдэд нийслэл хотын бараг л булан тохой бүр камертай болсон гэдэг. Төрийн захиргааны, хувийн хэвшлийн гээд байгууллага бүр хяналтын камертай болов. Бүр орц, цахилгаан шатыг ч камертай болгосон. Гэвч авто замын уулзварууд дээрхээс бусад нь хэрэггүй “чимэглэл” гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй.
2013 оны арваннэгдүгээр сарын 28- нд Стандартчиллын үндэсний зөвлөл тогтоол гаргаж, MNS 6423:2013 камерын стандарт баталж, 2014 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн мөрдөхийг үүрэг болгосон. Уг стандарт нь барилга, орон сууц, гудамж талбай, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, шаардлага хангасан хяналтын камеруудыг суурилуулах, техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх доод хэмжээг тогтоох зорилготой батлагдсан юм. Өөрөөр хэл бэл, өдөр, шөнийн алинд ч дүрсийг өнгөтөөр бичдэг, хүйтэн нөхцөлд өөрийгөө халаадаг, сүлжээний утсанд гэмтэл гарсан тохиолдолд ч камер дүрсээ бичиж, санах ойдоо хадгалдаг байх шаардлагатай гэсэн үг. Гэвч уг стандартыг мөрдөж, хяналтын камер суурилуулж буй тохиолдол цөөн. Дүүргүүд жил бүр өөрсдийн хөрөнгөөрөө орон сууц, гэр хорооллын гудамжийг камержуулдаг. Ингэхдээ тендер зарлаж, аль болох хямд, үзүүлэлт сайтай камер суурилуулах санал тавьсан компанийг шалгаруулдаг ажээ.
2010 оноос эхлэлтэй камержуулах аяны үр дүнд нийслэл хот өдгөө 1000 гаруй хяналтын камертай болсон байна. Баянгол дүүрэг 415 буюу хамгийн олон камертай гэнэ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Манай дүүрэг 272 камертай. Гэмт хэрэг хамгийн их гардаг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудаа камержуулсан. Камерын нэгдсэн стандарт гэж байдаггүй юм билээ. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газрынхантай хамтарч, тэднээс санал авч, өгсөн зөвлөгөөнийх нь дагуу камер суурилуулсан. Өнгөрсөн хугацаанд камержуулах ажилд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Гудамжныхаа онцлогоос шалтгаалаад камерын үнэ янз бүр байдаг. Харин энэ онд мөнгө төсөвлөөгүй” гэсэн юм.
Хэдийгээр албаны хүмүүсээс санал авч, камер суурилуулж буй ч хотын хэмжээнд суурилуулсан камеруудын дийлэнх нь чанаргүй. Харанхуйд хүний царай байтугай амрах сүүдрэвчний дүрсийг ч тод харагдуулдаггүй аж. Зарим нь цаг агаарын эрс тэс нөхцөлд бичлэг хийх чадваргүй гэнэ. Гадаадын орнуудын камер нэг километрийн радиус доторх эргэн тойрныхоо дүрсийг бичдэг гэнэ. Бүр хүний биеийн дулаан, хөдөлгөөнийг мэдэрч, тэр зүг рүү эргэж бичлэг хийдэг аж. Харин манай улсад ийм камер тун ховор. Хамгийн чухалд тооцогдох авто замын уулзварууд дээрх камер зөвхөн харсан зүгийнхээ дүрсийг бичдэг байх жишээтэй. Хэрэв камерын дор машин мөргөлдвөл тэр дүрсийг бичихгүй гэсэн үг. Үүнээс дүгнэхэд хяналтын камер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх боломж хомс байна. Нийслэлийн удирдлагууд нэгдсэн стандарт гаргаагүй, байгууллага бүрийг тус тусын дүрмээр камер суурилуулах боломж олгож буй нь төсвийн мөнгийг “хог” болгож байгаа юм. суурилуулсан камер нь эвдэрвэл дахиад л тендер зарлах нь хэвийн үзэгдэл. Энэ үйлдэл газар авсаар СӨХ-д ч сүүлийн үед камер суурилуулах нэрээр оршин суугчдаасаа мөнгө татах болж. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Б.Ганзориг “Манай СӨХ гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ гэж 49 сая төгрөгөөр камер тавиулсан. Байр бүрийн булан, цахилгаан шатанд нэг камер суурилуулсан байсан. Мөнгийг нь биднээс ямар хэлбэрээр авах юм, бүү мэд. СӨХ-ны төлбөр гэж сар бүр 18 мянган төгрөг авдаг юм. Бодвол тэндээсээ авч байгаа юм байлгүй. Харуулын байранд орох үеэрээ камер нь хэрхэн бичиж байгааг хааяа хардаг. Шөнө орцны үүдэн дэх болон машины гэрэл л гэхээс өөр дүрс харагддаггүй юм билээ. Зарим лифтний камер эвдэрчихсэн байсан. Засахгүй л юм байна шүү дээ” гэв.
Суурилуулсан камеруудаар хотын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хянах боломжтой. Гэвч ингэх нэгдсэн төв байхгүй. Энэ талаар НЗДТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Байгууллагууд камерыг тийм стандартаар, тэгж тавина гэсэн тус тусын дүрэмтэй. Түүнээс биш нэгтгэсэн стандарт гэж байхгүй. Тэдний тавьсан камерын хяналтыг Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Нийслэлийн гудамж талбай бүрийг камержуулж, алган дээрхээ харж буй мэтээр тольдохыг хүсэж уг ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Гэвч энэ хугацаанд төсвийн мөнгийг ажилладаг, эсэх нь эргэлзээтэй камер болгосноос өөр ажил хийсэнгүй. Камеруудыг бичлэгийг нэг дор төвлөрүүлж, хотыг бүхэлд нь хардаг болтол дахиад олон тэрбум төгрөг камер болох байх. Тэгэхээр камержуулах нэрээр би ч мөнгө завших боломжтой юм байна шүү дээ. Харин та над шиг камерт итгэн хулгайч нарт “нигжүүлж”, хохирох магадлалтай.