Хүүгээ, охиноо энгэртээ тэвэрч, нялх үнэрийг нь мэдэрч, амьсгалахыг нь, унтахыг нь, үнэгчлэн мишээхийг нь харах юутай ч зүйрлэмгүй аз жаргал. Ээж бүхэн энэ аз жаргалыг мэдэрсэн байдаг болов уу. Гэхдээ бидний зарим нь энэ аз жаргалыг мэдрэхийн зэрэгцээ гэнэтийн цочролд орж, сэтгэл гутрах нь бий. Үүнийг мэргэжлийн хүмүүс postnatal depression PND буюу төрсний дараах сэтгэл гутрал гэж тайлбарладаг юм байна.
Анхны төрж байгаа зургаан ээжийн нэг нь, арван аавын нэг нь ийм сэтгэл гутралд өртдөг тухай “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн ярилаа. Манай сонинд хаягласан зарим захидалд энэ тухай мэргэжлийн сэтгүүлзүйчээс асууж өгөхийг хүссэн юм. Тиймээс бид уншигчдадаа зориулан сэтгэлзүйч Х.Хандсүрэнтэй хамтран зөвлөгөө бэлтгэлээ.
САНАА АМАР АМЬДРАХ САН
Сайн байна уу. Та бүхэнтэй өөрийнхөө зовлонг хуваалцмаар байна. Ээж болоод жил гаруй болж байна. Охиноо төрүүлснээсээ хойш л төрсний дараах сэтгэл гутрал гэдэг өвчинд “дарлуулж” байна. Зүгээр болох байх гэж удаан хүлээлээ. Өмнөх шигээ сэтгэл зовохгүй, санаа амар, тайван амгалан баймаар байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг үнэхээр их хүсэж байна. З.Э 27 настай
Би төрсний дараах хямралд өртөж байсан. Хүүхдээ цонхоор унаж байна, бэртвэл яах вэ гээд л хүн төсөөлөхөөргүй муухай зүйлс байнга бодогддог байлаа. Тухайн үедээ бодлоосоо айгаад хүнд юу ч ярьдаггүй сонин болчихно. Амьдралын хэв маягаа өөрчилбөл ийм асуудлыг даван туулж болох юм шиг санагдсан. Хөдөө аялж, өөртөө цаг гаргаж, сургууль, дугуйланд явбал эдгэрэх байх гэж бодож байна. Миний туршлага бусад бүсгүйчүүдэд нэмэр болоосой гээд бичлээ. Н.Г 32 настай
Манай эгч бага охиноо төрүүлээд сэтгэл гутралд орсон. Ёстой хэцүү байдаг юм билээ. Сүнс, сүлдгүй хүн унжийчихаад л охиноо ч тоохгүй. Бүр амиа хорломоор байна. Амьдрал утгагүй байна гэж ярина гээч. Сэтгэл заслын эмчид хандаад эрүүл болсон. Б.Ж 23 настай
Яагаад ч юм муухай бодол орж ирээд, шөнө нойр хүрээд унтах гэхээр сэтгэл тогтохгүй олигтой амарч чадахаа болилоо. Охин минь том болохоор энэ бүх муу зөн арилах юм уу бүү мэд. Яах гэж ч хүүхэд төрүүлэв дээ гэж ч бодсон. Охиноо харахаар тэр гэнэн цайлган амьтанд ямар ч буруу байхгүйг ойлгоно. Тэгчихээд л нөгөө муухай бодолдоо ээрэгдэнэ. Энэ бүхэн хэзээ дуусах юм бол доо. Г.Ц 29 настай
100 ЭМЭГТЭЙН 10-15 НЬ ИЙМ ГУТРАЛЫГ МЭДЭРДЭГ
Анх ээж болж байгаа бүсгүйчүүдийн 80 хувьд нь төрсний дараах эхний долоо хоногт “baby blues” хэмээх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь сэтгэл гутралтай ойролцоо боловч илүү хөнгөн. Харин төрсний дараах сэтгэл гутрал нь ерөнхий сэтгэл гутралын эмгэгийн шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг. Ийм гутрал багадаа хоёр долоо хоног үргэлжилдэг. Тухайн хүний онцлогоос хамааран шинж тэмдэг нь янз бүр байдаг ч өөртөө болон хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй, өдөр тутмын энгийн зүйлүүдийг ч зохицуулахад бэрхшээлтэй болдог. Зарим хүн тодорхой шалтгаантай гутардаг бол нөгөө хэсэгт нь тийм гэх учир утга байдаггүй. Тэр ч бүү хэл хүүхэдтэй болоод аз жаргалтай болно гэж төсөөлж байтал илүү тээртэй, бухимдалтай санагдах нь бий. Сэтгэл гутралын хэмжээ дунд зэрэг байгаа бол гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр эдгэх боломжтой. Хэрэв хүндэрсэн эсвэл удаан хугацаанд үргэлжилсэн бол сэтгэл зүйн эмчилгээ хийх хэрэгтэй.
Төрсний дараах сэтгэл гутралын шалтгаан
Төрсний дараах сэтгэл гутралыг бий болгодог онцгой шалтгаан өнөө хэр нь тодорхой болоогүй ч дорх хүчин зүйлс нөлөөлдөг.
• Нойр хулжих, нойрны алдагдал
• Нийгмийн болон сэтгэл санааны дэмжлэг хангалтгүй
• Хүүхдийн эрүүл мэнд сайнгүй байх
• D витамины дутагдал
• Жирэмсний үед болон төрсний дараа сэтгэл зүйн цочролд орсон
• Өмнө нь сэтгэл гутралтай байсан, эсвэл жирэмсний үеийн сэтгэл гутрал үргэлжилсэн
• Гармоны өөрчлөлт, амьдралын шинэ хэв маяг
ТА МУУ ЭЦЭГ, ЭХ БИШ, ЭНЭ БҮХЭН ДУУСНА
Зарим тохиолдолд кесар хагалгаагаар төрсөн, үргүйдлийн эмчилгээ хийлгэсэн, үр шилжүүлэн суулгуулсан зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Гэр бүл, найз нөхдөөсөө хол байгаа, хүүхэдтэйгээ бага харилцдаг ээж, аавууд, бамбай булчирхайн өвчлөлтэй хүмүүс сэтгэл гутралд өртөх нь элбэг. Дээрх хүчин зүйлийн улмаас төрсний дараах сэтгэл гутралд өртсөн хүмүүст дорх шинж тэмдэг илэрдэг.
• Эцэг, эх байж үүрэг хариуцлага хүлээж чадахгүй юм шиг мэдрэмж төрнө.
• Ойр ойрхон уцаарлаж, сэтгэл санаагаар унана.
• Хүүхдэдээ байнга санаа зовж, түгшинэ
• “Муу эцэг эх” байгаадаа өөрийгөө буруутгана.
• Хүүхэдтэйгээ ганцаараа байхаас айна.
• Хүүхэд нь унтаж байсан ч өөрөө унтаж чадахгүй байх нь бий.
• Хоолны дуршил өөрчлөгдөнө.
• Өдөр тутмын ажлаа хийж чадахгүй болно.
• Ямар ч шалтгаангүй уйлна.
ӨӨРТӨӨ ӨДӨРТ ЯДАЖ ХАГАС ЦАГ ЗОРИУЛ
Энэ бол эмчлэгдэх боломжтой өвчин. Учир шалтгааныг нь түргэн олж, сэтгэлзүйчид хандан гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө дэмжлэг авбал та бүхнийг даван туулж байна. Өөртөө анхаарал хандуулж, бусад хүнтэй өөрийгөө, айлын хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхдийг харьцуулалгүй эерэг сэтгэлгээтэй болохыг хичээгээрэй. Өдөрт хагас цагийг өөртөө зориулж, амарч, тайвшран, зугаатай зүйл хий. Гэрийн ажлаа хааяа ч гэсэн хойш тавьж дуртай номоо уншаад үз.
Хамгийн их итгэдэг хүнтэйгээ ярилцах ч бас эмчилгээний нэг хэлбэр болно. Бодож байгаагаа бичиж, бусдад ярьж илэрхийл. Гар утсаа түр унтрааж, дасгал хийгээд үз. Сөрөг бодлуудаа эерэгээр сольж, өөрчлөлт гарах бүрт тэмдэглэл хөтлөн, өөрийгөө урамшуулаарай.
Бас дуртай зүйлээ хийж завгүй байх нь нэг гарц. Таагүй бодол толгойноос салахгүй бол “Энэ тийм чухал гэж үү” гээд нэг удаа хэлээд үзээрэй. Өөдрөг, тайван, талархалтай амьдрахыг хичээвэл та энэ бүхнийг давна.
Хэрэв танд мэргэжлийн хүнтэй уулзах шаардлага байгаа гэж үзэж байвал bichita@mongolnews.mn хаягаар захидал бичиж, “Сэтгэлийн толь” төвтэй холбогдоорой.