Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг энэ өдрийн хуралдаанаар сонслоо.
Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хийв. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг 2012-2015 онд дунджаар 8.6 хувь өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбарт гарсан өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд Оюутолгойн ил уурхайн олборлолт тогтворжсон, газрын тосны олборлолт жил тутам 40 орчим хувиар өссөн, мал сүргийн тоо 56 сая толгойд хүрсэн зэрэг нь нөлөөлсөн байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсан тул макро эдийн засагт учирч болох эрсдлээс сэргийлж, төсвийн бодлогод шинэчлэл хийж, 2014 оноос төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн.
Энэ хүрээнд үр ашиг багатай, тэвчиж болох бараа, үйлчилгээний зардлыг 5-30 хувь хүртэл бууруулах, захиргааны удирдах тушаалын дэд сайд, орлогч буюу дэд дарга нарын орон тоог цомхотгох, чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн байгууллагуудад бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр төсвийн зарлагын огцом өсөлтийг хязгаарлаад байна гэлээ.
Төсвийн тогтовортой байдлын тухай хууль 2013 оноос бүрэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвийн тусгай шаардлагуудыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын бүх үе шатанд мөрдөж, мөн зарлага санхүүжилтийг төсвийн орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулан олгож төсвийн тэнцвэржүүлэх бодлого баримталж байна хэмээгээд Төсвийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, үр дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлсэн юм.