“Толгойтой хэд нь гадаадад гараад дууслаа. Хээл хахууль, танил талаар төрийн ажил явуулдаг оронд хэн ирж, засгийн толгойд байгаа усан тархитнуудад хөдөлмөрөө шулуулахыг хүсэх билээ” хэмээн халамцуу өвгөн харааж байхтай хэд хоногийн өмнө таарсан юм. Охин, хүү нь Америкт байдаг бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд үр ач нараа тойруулаад жаргаж суух ёстой тэрбээр эхнэртэйгээ хоёулхнаа аж төрдөг гэсэн. Тооцоолж үзэх нь ээ, нээрэн л өнгөрсөн найман жилийн хугацаанд 20 гаруй танил минь гадаадад сурахаар явснаас ердөө нэг нь л буцаж иржээ. Хэлтэй, хөлтэй бүхэн хилийн чанадыг зорихын мөрөөсөл болсон энэ үед юм үзэж нүд тайлсан, тархиа цэнэглэчихсэн хүмүүст тохирох ажлын байр, тааламжтай амьдрах нөхцөл олдохгүй бол хүн л болсон хойно алс ирээдүйгээ бодолгүй яах вэ, тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ эдийн засаг хямралтай, ажлын байр хомс байна, яах ч аргагүй гэсээр энэ нутгаас эх дэлхийн “татах хүч рүү” чиглэсэн нүүдлийнхнийг үдэж өгөөд л сууж байвал манай улс бахь байдгаараа, хэзээ мөдгүй хүүхэд хөгшид нийлсэн хэд нь л бууриа сахиж үлдэх вий.
Манай улс 1997 оноос сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр оюутнуудаа гадаадад магистр, докторт суралцуулдаг болж, өнгөрсөн хугацаанд 1600 гаруй хүн үүнд хамрагдсан байна. Ийм замаар гадаадад сурах оюутнуудад жилд 16 мянган ам.доллар зарцуулдаг юм билээ. ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казахстан, Куба, Вьетнам тэргүүтэй улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онд 8500 орчим оюутныг илгээсэн гэсэн. Гэхдээ хүний газар эрдэм сурч, эх орныхоо бүтээн байгуулалтад ханцуй шамлан оролцох зорилгоор иргэдийн татварын мөнгөнөөс илүүчлэн сурсан оюутнуудаас яг хэд нь буцан ирж, улсыг хохиролгүй болгосон тухай тоо баримт бүрхэг байдаг юм билээ. Гадаад хэргийн яамны Консулын газраас өгсөн мэдээллээр бол 125.500 буюу манай улсын хүн амын дөрвөн хувьтай тэнцэх иргэн харьд байгаагийн 29.640 нь оюутан бол 34.170 нь ажил эрхэлдэг байна. Хамгийн олон буюу 35 мянга орчим хүн БНСУ-д, 25 мянган гаруй иргэн АНУ-д амьдардаг аж.