Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр УМБГ-ыг бие даасан статустай байгуулсан, тухайн цаг үедээ олны анхаарал татсан хэргүүдийг шалгаж байсан хүн юм.
-Цагдаагийн байгууллагыг хүчгүйдүүлэх бодлого төрөөс явуулж байна гэдэгтэй та санал нийлэх үү гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. Болох уу?
-Цагдаагийн байгууллагад үүргээ бүрэн биелүүлэх боломжийг нь хангалттай өгөх ёстой. Хүний нөөцийн хувьд маш сайн бэлтгэгдсэн, бүтэц зохион байгуулалт нь ихээхэн боловсронгуй байх учиртай. Тэгж байж л гэмт хэрэг гэдэг нийгмийн сөрөг, том үзэгдэлтэй тэмцэх боломжтой бий болно. Үүн дээр нэмээд техник хэрэгсэл хангалттай, бүрэн бүтэн байх ёстой. Өнөөдөр цагдаагийн байгууллага ямар техник хэрэгсэлтэй байгааг ард түмэн мэднэ. Долдугаар сарын 1-ний гэх үймээний үед ямар техник хэрэгсэлтэйгээр тийш нь оруулж, тэд ямар хүнд байдалд орсон билээ. Эндээс цагдаагийн байгууллагад техник хэрэгсэл хангалттай өгөөгүйн үр дагавар харагдаж байсан. Цагдаагийн ажил хүнд. Шаардлагатай бол амиа зориулахад бэлэн гэсэн тангараг өргөж байж үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагыг бэхжүүлэхэд төрийн бодлого дутуу байна.
-Цагдаагийн байгууллагыг хүчтэй болгохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ?
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу, зөв, шударга, бодитой явуулна гэвэл гэмт хэрэг илрүүлэхэд хэрэглэдэг орчин үеийн багаж, лабораторийг сайжруулах ёстой. Өнөөдөр манайд тийм бүлгийн цустай гэсэн тойм төдий байдлаар ажиллаж байгаа шүү дээ. Энэ лабораториудын хүчин чадал сул, тодорхой асуудал шийдэх түвшинд хүрээгүй учраас хэрэг илрүүлэхийн тулд хүмүүсийг байцаах, шалгах арга байсаар байгаа юм. Цагдаагийн байгууллагын гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбоотой шинэ техник хэрэгсэл нэвтрүүлэх талаар төр чухалчлан бодох ёстой. Хэрэг шалгах, мөрдөх ажил зөвхөн байцаалт боллоо гэж ярьдаг. Бусад боломж нь байхгүй учраас ийм байх нь аргагүй, энэ бол үнэн.
Ямар ч улсад төр гүйцэтгэх ажлаа хянах ёсгүй. Их хэлмэгдүүлэлтийн үед гүйцэтгэх ажил улс төрийн тоглоом болсон. Тиймээс улс төрийн хяналтад өгөх нь буруу
-Улстөрчид хэрэгт их нөлөөлж байгаатай та санал нийлэх үү?
-Би чамд судалгаа танилцуулъя, Цолмоон. 1930-1940-өөд оны үед хүмүүсийг олноор нь хэлмэгдүүлж байсан. Түүнээс хойш ч хүмүүс хэлмэгдэж байв. Хэлмэгдүүлэлтийн үеийн 1000-гаад хэрэгтэй би биечлэн танилцсан. Шалтгаан нь юу вэ, яагаад ийм явдал болов, шалгасан хүмүүс нь хэн байсан, хэн хянасан, хэрэг шалгах, шийдэх ажиллагаанд бүрэн оролцсон уу, улстөрчид хэр оролцсоныг судалж үзлээ. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд улс төр хутгалдах ёсгүй. Улс төрийн харалган бодлого шүүх эрх мэдлийн ажиллагаанд хутгалдаад ирвэл хэлмэгдүүлэлт бий болно. Нөгөө талаас, улс төрийн хөндлөнгийн нөлөө, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хутгалдахад маш ноцтой гажуудал үүсгэнэ. 1940-өөд оноос үүдэлтэй энэ байдал 1990-ээд он гартал үргэлжилсэн.
Сүүлийн үед улс төрийн нөлөө илүү сонин хэлбэртэй болж эхэллээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд оролцож болохгүй гээд хуулиар хорьчихсон байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ноцтойхон хэрэг шалгах гэхээр улс төр хутгалдаад байх юм. Улс төрийн албан тушаалтай байсан, байгаа хүнийг ажлын шаардлагаар дуудаад байцааж чадахаа болилоо. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үед нэг минут ч алдахгүй байх шаардлагатай байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаярт 5-6 удаа зарлан дуудах хуудас өглөө, нөгөө хүн нь ирэхгүй, байцаах ажил хойшлогдоод байх юм. Төрийн тэргүүн байсан, учир мэдэх хүн хэрэг шалгаж байгаа хүний өмнөөс салаавч үзүүлж байв.
Улстөрч оролцсон хэрэг шалгалаа гэхэд зэрэгцээд зохиомол хэрэг бий болгож байна. Шалгаж байгаа хүмүүст нь ч хүчтэй нөлөөлж байна. Энэ байдал даамжирвал их хэлмэгдүүлэлтийн үе эргэн ирэхийг үгүйсгэхгүй. Ингэж улс төр хөндлөнгөөс нөлөөлж болдоггүй учраас хуулиар хорьсон байдаг юм. УИХ-ын гишүүний эзэмшлийн компанийн байранд нэгжлэг хийх үеэр өчнөөн олон хүн цуглуулаад бужигнуулж байна. Дээр нь УИХ-ын Байнгын хорооны дарга, гишүүд, Улаанбаатар хотын захирагч нь тийшээ давхиад орж байгаа юм. Энэ ноцтой шүү.
Бас УИХ-ын нэг эмэгтэй гишүүн нь хорих ангид очоод хөлөө жийгээд сууж байх юм. Улс төрийн нөлөө эвгүй байна даа. Ингэхээр л мөрдөн байцаах ажил цааш явуулахгүйд хүрнэ.
-Хууль зүйн сайд нь ЦЕГ-ын даргыг өөрчлөх саналаа Засгийн газрын тэргүүндээ хүргүүлсэн. Ингэж болох уу?
-Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шалгалаа гээд цагдаагийн даргыг солиод байж огт болохгүй. Хууль зүйн сайд Д.Дорлигжав алдаа гаргалаа. Өөрөө хуульч, прокурор байсан хүн шүү дээ. Хэн нэгний хүсэлт, шаардлагаар ЦЕГ-ын даргаа өөрчлөх санал хүргүүлэхээсээ өмнө нягталж үзэх хэрэгтэй. Түүнээс биш улс төрийн албан тушаалтны хүсэлтээр цагдаагийн юм уу, хуулийн байгууллагын удирдлагыг сорчлон унагаад байх юм бол энэ ажлыг хэн хийх вэ.
Д.Дорлигжав уг нь олон ажил хийж байсан хүн дээ. Гэвч системээ хамгаалахгүй байна. ЦЕГ-ын даргыг өөрчлөх үндэслэл байхгүй гэж цагдаагийн байгууллагад удирдах ажил олон жил хашсан, хуульч хүний хувьд бодож байгаа. Цагдаагийн байгууллагын даргыг их зөв сонгож томилох ёстой. Аль ч талаасаа халдлагад өртөөд байхааргүй, зангарагтай хүн байх хэрэгтэй.
Улстөрчид хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог одоогийн энэ байдал МАХН-ын Төв хорооны гишүүд дуудаж хавтаст хэрэгтэй танилцдагтай адил хортой байна.
-Гүйцэтгэх ажлын болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа өөрчлөлт олны анхааралд байна. Тухайлбал, гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллийг Хууль зүйн сайд хянах заалт оруулж байгаа нь болохгүй гэж зарим хуульч, тагнуулын байгууллагын ахмад ажилтнууд, ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, АТГ-ын дэд дарга нар Ерөнхий сайдад хандлаа шүү дээ.
-Гүйцэтгэх ажлыг 1990-ээд оны эх хүртэл заавраар зохицуулж байсан юм. Заавраар бус, хуулиар үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гээд Гүйцэтгэх ажлын хууль баталсан. Хэрэгжүүлээд хэдэн жил болж байна. Энэ хуулиар хүний эрхтэй холбоотой гол ажлыг прокурорын хяналтад байхаар зохицуулж өгсөн. Тэр нь ч зөв болсон. Хэрэв одоогийн яриад байгаа шиг байцаан шийтгэх ажиллагаа, хэрэг шалгах, илрүүлэхтэй холбоотой, ялангуяа, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хяналтыг улстөрчдийн гарт өгвөл буруудна.
-Хэрэв энэ хуулийг баталбал таны яриад байгаа хэлмэгдүүлэлт эхэлнэ гэж үзэж болох уу?
-Үүнийг үгүйсгэхгүй аргагүй. Ямар ч улсад төр гүйцэтгэх ажлаа хянах ёсгүй. Их хэлмэгдүүлэлтийн үед гүйцэтгэх ажил улс төрийн тоглоом болсон. Тиймээс улс төрийн хяналтад өгөх нь буруу. Улс төр хөндлөнгөөс нөлөөлбөл шүүх эрх мэдлийн байгууллагуудын бие даасан, хараат бус байдал алдагдаж эхэлдэг. Их хэлмэгдүүлэлтээс хойш МАХН-ын нөлөө бүхий удирдлагууд, Засгийн газрын зарим гишүүн эрүүгийн хэрэгтэй танилцдаг практик тогтсон байсан. Тэгээд “Энийг хорь” ч гэх юм уу, заавал мөрдүүлэх чиглэл өгнө. Ийм байдал нэлээд хугацаанд үргэлжилсэн. УЦСЕГ-ын дарга ч мөрдөн байцаалтад байгаа хэрэгтэй танилцаж, заавар чиглэл өгдөг байлаа. Харин үүнийг 1990-ээд оны эхээр зогсоосон.
Би Мөрдөн байцаах газрын дарга болсны дараа цагдаагийн удирдлагуудад энэ асуудлыг тавьсан юм. Танд эрүүгийн хэрэгтэй танилцаж, заавар чиглэл өгнө гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөрдөн байцаах ажилтай Мөрдөн байцаах газрын дарга танилцан, чиглэл өгнө гэсэн заалттай. Тиймээс энэ байдлыг больж, хуулиа хэрэгжүүлье гэсэн. Тухайн үед хошууч генерал С.Дамдинсүрэн УЦСЕГ-ын дарга байв. 2-3 удаа нэлээд ширүүхэн ярилцаж, хэлж, хэлэлцэж байж цагдаагийн дарга хэрэгт хяналт тавьдгийг зогсоосон.
Мөн МАХН-ын Төв хорооны гишүүдийг мөрдөн байцаалтад байгаа хэрэгтэй танилцах явдлыг болиулах талаар ч асуудал тавьж байв. 1990-ээд он гарснаас хойш Ерөнхийлөгч П.Очирбаттай хэд хэдэн удаа уулзсанаар зарлиг гарган, энэ байдлыг зогсоосон. Улстөрчид хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог одоогийн энэ байдал МАХН-ын Төв хорооны гишүүд дуудаж хавтаст хэрэгтэй танилцдагтай адил хортой байна.
-Гадаад орныхон онц ноцтой хэрэг шалгаж буй мөрдөн байцаагчдаа хэрхэн хамгаалдаг юм бол?
-Тэр жил бидний хэдэн хүн Бельгиэс туршлага судалсан юм. Тухайн үед тэнд 10-аас дээш настай зургаан охиныг хүчирхийлсэн хэрэг 3-4 жил дараалан гарч, гэмт этгээд нь ор сураггүй алга болсныг цагдаагийнхан нь илрүүлсэн юм. Яаж шалгаж байгааг нь үзэхэд цөөхөн, чадварлаг хүнээ хамгаалтад авсан байгаа юм. Хамгаалалттай машинаар гэрт нь хүргэж өгөх, ар гэрийнхнийг нь хамгаалах зэргээр ажиллаж байсан. Цагдаагийн даргаас нь “Цаашид энэ хэргийг шалгаж байгаа хүнээ яах вэ” гэсэн чинь “Амь насанд нь аюулгүй байлгахын тулд Шведэд амьдруулна” гэж байв. Сэтгэл санааны хувьд тайван байх нөхцөлийг ингэж бүрдүүлж өгч байж л ноцтой хэрэг дээр ажиллуулдаг.
АНУ-д ноцтой хэргийг илрүүлэн шалгасан хүнээ хэд хоног амраадаг. Ингэх нь мөрдөн байцаагчийн ажилд сайнаар нөлөөлж, тархийг нь цэвэр байлгах нөхцлийг бүрдүүлж өгч байна. Манайхан бол тэгж чадахгүй, нэг хэрэг шалгаад дуусахад маргааш нь ахиад өөр хэрэг нэмж өгөх жишээтэй. Үүнээс болж гэр бүл нь хүртэл санаа зовж, нойр, хоолгүй хонодог.
Тухайлбал, манай оронд хамгийн анх “Казино”-гийн гэх цагаан захтнуудын оролцсон хэрэг олны төдийгүй, төр засгийн түшээдийн анхаарал татаж, дуулиан шуугиан тарьж байлаа. Уг хэргийг шалгахад маш хүнд байсан. Түүний гороор ч би ажлаасаа халагдсан. Тухайн үед уг хэргийг шалгаж байгаа ажилтнуудыг хамгаалтад аваач гэж иргэд хэлдэг байсан. Гэхдээ бид хамгаалалт аваагүй.
-Ажлаас чинь халсныг хэрхэн хүлээн авч байв?
-Нэг өдөр зөвлөлийн хурлаа дуусгаад өрөөндөө орж ирэхэд хошууч генерал Ч.Амарболдын гарын үсэгтэй “Ажлаа маргааш өг” гэсэн бичиг ирсэн байсан. Тухайн үед би ажлаа хүлээлгэж өгөөгүй. Тэр үед цагдаагийн ажилтан хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй байсан. Ажлаас халах тушаал нэгэнт хууль бус учраас би зөвшөөрөөгүй. Удалгүй Төрийн албаны зөвлөл миний ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг авч хэлэлцээд “Халах үндэслэлгүй юм, улс төрийн шалтгаантай байна” гээд буцааж ажилд маань оруулсан л даа. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаад гэнэт халагдахад сайхан санагдаагүй ээ. Ажилгүй болоод 3-4 хонож байтал байрны мөнгө нэхэгдэж байна шүү. Эхнэр ажилгүй. Манайх гэдэг айл хоолны ч мөнгөгүй болж байна. Тэр үед ээж минь амьд байсан юм. Нэг өдөр өөхөн тосонд хайрсан боорцог уутлаад ирлээ. Тэр боорцог өмнө нь идэж байсан бүх хоолноос хамгийн амттай нь байсан.
Ээж минь надад “Миний энэ хар боорцог чамд ийм амттай байгаа юм чинь миний хүү сайн хүн байна. Ээж нь сэтгэл амар үхнэ ээ” гэсэн. Энэ их сайхан үг. Тэр боорцогны амт одоо ч надад санагддаг. Намайг нэлээд их хөрөнгөтэй болоод цагдаагаас гарсан гэж хүмүүс боддог байх. Үнэндээ надад тийм юм байгаагүй. Цагдаагийн дүрэмт хувцаснаас гадна солих хоёр ээлжийн пиджактай л байж. Би тэтгэвэрт гарахгүй гэж шийдвэрийг нь эсэргүүцээд явж байсан болохоор тэтгэврийн мөнгө авалгүй жил гаруй явсан.
Ажлаас халагдах үед юу бодогдож байсан гээч. Хөдөөний, боловсрол муутай нэг залуу хотод орж ирээд энд тэнд зогсож байдаг нэг янхан хүүхэн авч хоноод, дараа нь түүнийгээ хаяад явж байгаатай адилхан мэдрэмж төрж байсан шүү. Надад төр яг л тийм залуу шиг хандсан.
-Долдугаар сарын 1-ний гэх хэрэгт цагдаагийн удирдлагыг буруутган шүүх шийтгэсэн. Хэрэгт холбогдсон хүмүүс хурлаас гарч ирээд “Төр шударга ажилласан хүндээ хатуу ханддаг” гэж үнэн юм байна” гэж байсан. Та энэ үгтэй санал нийлэх үү?
-Шударга бус явдал зонхилж байгаа газарт шударга нь золиос болно. Бодит үнэн бол энэ. Харин шударга зүйл зонхилж байгаа бол аливаа зүйл ханатай л байна. Дээрээ ингээд л эсэн бусын юм булаалдаад байхаар ард түмэн их л ядарч байна даа. Долдугаар сарын 1-ний хэрэг явдалд бол яг хэн буудсан бэ гэдгийг тогтоосны дараа шийдэх ёстой байсан. Дөрвөн хүн буудаад алчихсан хүн өнөөдөр наранд сайхан инээгээд л явж байгаа болов уу.
-Таныг УМБГ-ын даргаар ажиллаж байх үед олны анхаарал татсан шуугиантай олон хэрэг гарсан. Таны сая цухас дурдсан “Казино”-гийн, “Алт дилерийн”, Багш нарын хөдөлгөөнийг тагнаж, чагнасан, С.Зоригийг хөнөөсөн гээд...
-Тийм ээ. Багш нарын хөдөлгөөнийг чагнасан, тагнасан асуудлыг шалгахаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн асан, доктор Ц.Дашцэрэн, яамдын зүгээс шалгах ажлын хэсгийн ахлагч нь М.Энхсайхан, хуулийн байгууллагын ажлын хэсгийн ахлагч нь би байв. Бид гурав гурвуулаа нэг сарын дотор зам тээврийн осолд орсон. Гурван ослыг бүгдийг нь нэг хэлбэрээр хийсэн байдаг. Дээр өгүүлсэн, ноцтой хэрэг мөрдөж буй мөрдөгчдийг хамгаалах хэрэгтэйн жишээ энэ л дээ. Биднийг дандаа машинаар дайрсан юм. Гэхдээ одоо энийг яриад ч яах вэ дээ.
-Алт дилерийн хэргийг шалгахад хэн нэгэн нөлөөлж байв уу?
Үргэлжлэлийг эндээс уншина уу