Гудамжинд өөрийнх нь нэрээр дуудвал эргэж харахгүй хүн цөөн. Сайн, муугийн аль нэгэнд мөн л ижил нэр дурдагдвал чих сортолзохгүй байхын аргагүй. Иймэрхүү явдал эрхэм гишүүн Ё.Отгонбаярт тохиолджээ. Зарим хүнийг өөрийнх нь нэрээс илүү овгоор, эсвэл овгийн эхний үсгээр ялгаж дууддаг. Эрхэм гишүүнийг “Ёо” хэмээн дууддаг бололтой аж.
Твиттерт нэг сэтгүүлч “Ёо...” гэж эхлээд хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг сураглажээ. Гишүүн түүнийг нь өөртөө ойрхон хүлээн авч, “Ёо гэж эхлэхээ болиоч. Дуудаад байгаа юм шиг ккк” хэмээн жиргэжээ. Ингэж маазрахаас гадна тэрбээр УИХ-ын даргад нэгэн ажил хэрэгч санал хүргүүлсэн ч тусыг эс олж буй бололтой. Мандатын хуваарилалтаар Булган аймагт нэг квот ногдсоныг тэрбээр эсэргүүцэж, “Уламжлалаас харвал Булган аймаг ямагт хоёр мандаттай явж ирсэн. Төсөлд Булганаас хүн ам цөөн Сүхбаатар аймагт хоёр мандат олгохоор тусгасан байна” гэх мэтээр жишээ дурдсан байв.