Хэзээ ч үл дуусах, дөрвөн улирал тойрсон хэрүүл, мэтгэлцээн зөвхөн газар тариалангийн салбарт л өрнөдөг мэт. Маргаангүй тариалалт, ургац хураалт байхаа больчихсон. Ийм жишгээр энэ хаврын тариалалт ч хэрүүлтэй эхэллээ. Гол сэдэв нь үрийн буудайн чанар. Юу ч байсан хойш тавьж, хаврынхаа гол ажилд анхаарах нь энэ цаг үеийн том үүрэг байлтай, уг нь. Гэтэл импортолсон үрийн буудай чанаргүй, тэр ч байтугай хортой гэх шуугиан олонд түгж, дөнгөж эхэлж байсан ажлын эрч сулраад явчихав. Өнгөрсөн зун ургацаа алдсан учир ихэнх аж ахуйн нэгж мөнгө муутай байна. Гэхдээ ирэх жил ч гэсэн ийм царайтай сууж байхгүйн тулд бэлтгэлээ сайн базааж, ирэх намар, өвөл, хаврын талхны буудайтай үлдэхийн тулд эрвийх дэрвийхээрээ хичээж буй. Салбарын яамны мэдээлж буйгаар зарим аж ахуйн нэгж энэ сарын 3-наас тариалалтаа эхэлсэн. Мөн цөөнгүй компани тавдугаар сарын 9-нөөс ажлаа эхлээд буй юм байна. Өнөөдөр, маргаашаас эхлээд жигдрэх төлөвтэй гэнэ.
Импортоор оруулж ирсэн үрийн талаарх мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бүхий цаас энэ хаврын үймээний эхлэлийг тавилаа
Тариаланчдын олонх нь өдгөө ажилдаа хэдийнэ гарчихсан. Харин цөөхөн нь л хотод сууж, үрийн буудай “шинжилж” байна. Импортоор оруулж ирсэн үрийн талаарх мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бүхий цаас энэ хаврын үймээний эхлэлийг тавилаа. Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үргүй болсон. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үр ОХУ-аас импортлох эрх гурван компанид олгосон. Тэдний нэг нь хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод гараа татсан гэнэ лээ. Үлдсэн хоёрын нэг болох “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская жница” сортын үрнээс өдгөө дэгдээд буй дуулиан эхтэй. Уг сорт чанарын шаардлага хангаагүй, тэр байтугай хортой гэж Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон мэдэгдсэн.
Тэдний ярьж буй зүйл үндэслэлгүй болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан саяхан мэдээлсэн. Гэвч үүнийг нь “Газар тариалан” холбооныхон бас л эсэргүүцэв. Олон нийтэд эргэлзээ, заримд нь бүр айдас ч төрүүлсэн байж болох энэ үйл явц эцэстээ цагдаагийн байгууллагын хаалга “татаж”, өдгөө зөв, бурууг тогтоолгохоор хүлээгдэж байна.