Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурлаас томилогдсон ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
2016 оны дөрөвдүгээр сарын 28-д хуралдсан Холбооны ээлжит бус их хурлыг дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд энэ хуралд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн төлөөлөл болсон 70 гаруй гишүүн оролцсон аж. Сүүлийн жилүүдэд МТХ-ноос авч байгаа арга хэмжээ, явуулж байгаа үйл ажиллагаа туйлын хангалтгүй болсон гэж ажлын хэсэг үзэж байгаа аж. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд нь хуралдаа оролцдоггүй зэрэг олон шалтгаанаас үүдэн Тэшүүрийн холбооны дүрмийн дагуу ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулсан байна.
МТХ-ны ээлжит бус их хурал хуралдах болсон шалтгааныг тэд ингэж тайлбарлав:
Монголын тэшүүрийн холбооны 12 дугаар их хурлаас сонгогдсон Ерөнхийлөгч Т.Нямдаваа 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөсөө огцрох хүсэлтээ гаргаж, цаашид ажиллаж чадахгүй гэсэн өргөдлийг Удирдах зөвлөлдөө гаргасан. Түүний дараа Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн ажиллахаас татгалзсан өргөдлөө өгчээ. Үүнтэй холбогдон тус холбооны Удирдах зөвлөлийн хурал ирцгүй болж, хуралдаж чадахгүйд хүрсэн аж. Түүнчлэн Олимпод бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн. Тухайлбал тус бүрэлдэхүүнд Монголын тэшүүрийн холбооны аж ахуйн нярав н.Оюунсүрэн, 1980-1990 онд уралдаж байсан ахмад тэшүүрчин Н.Чулуун нарыг оролцуулж, чухал асуудлыг шийдэх гэж байхад хариуцлагагүй хандлаа хэмээн онцлов. Багш, дасгалжуулагч нар 2015 оны 12 сард Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэй хийж, дасгалжуулагч нарыг оролцуулаач гэсэн хүсэлт тавихад хүлээн аваагүй байна. Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нь өөрийн охин А.Зулыг сошиал медиа ашиглан 1000 метрийн зайд олимпийн аварга болох бололцоотой хэмээн олон түмэнд худал мэдээлэл хүргэсэн. Мөн Азийн шилдэг 10 тамирчны нэгээр дөрвөн жил дараалан шалгарлаа гэсэн худал мэдээллийг Төрийн байгууллагад өгсөн гэв.
МТХ-ны нарийн бичиг асан Ч.Дагвадорж “Канадад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон ОУ-ын тэмцээнд оролцохоор очсон тамирчин Д.Дэлгэрмаад дасгалжуулагч Ж.Долгорсүрэн дэмжиж туслаагүй нь улмаас гадаадын дасгалжуулагчаар цаг бариулсан тохиолдол гарсан. Мөн Залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцох боломжтой нормативийг хангасан тамирчдын бэлтгэлд дэмжин туслаагүй бөгөөд өөрийн эх оронд зохиогддог байсан Олон улсын тэмцээнийг тасалдуулсан. Гадаадад болдог олон улсын тэмцээнд өсвөрийн тамирчид оролцохоо больсон. Удирдах зөвлөлийн хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдахаа больсон зэрэг олон үндэслэл бий” гэж ярилаа.
Ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурлаар өмнөх 12 дугаар их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дараагийн ээлжит их хурал хүртэлх тус холбоог удирдах ажиллах Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийг сонгосон байна. Тус шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2010-2014 онуудад тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг эргэн ажиллуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дэд Ерөнхийлөгчөөр Л.Мягмаржавыг томилсон бөгөөд Н.Болормаа, Б.Өвгөнхүү, Б.Гантүшиг, Г.Мөнх-Амьдрал, Л.Батцэнгэл, Б.Жамбалдорж, М.Цэцгээ нар гишүүнээр багтжээ.
Ээлжит бус их хурлаас томилогдсон ажил хүлээлцэх комиссын гишүүд ажил хүлээлцэх талаар МТХ-ны өмнөх удирдлага болох Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах нарт мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөг хүртэл өрөөгөө лацдан цоожлон, тамга тэмдгээ хүлээлгэн өгөхөөс татгалзаж, зугтааж байгаа учраас хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.