Оффшор бүсэд данстай эрхмүүдийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын цахим хуудсанд Монголын цагаар энэ сарын 10-ны 03.00 цагт зарласан нь өчигдөр өрнөсөн олны анхаарал татсан үйл явдал боллоо. Эдгээр хүмүүсийн дунд олны танил хүн ч байна, танихгүй бизнесмэнүүдийн нэр ч дурдагдаж. Харин манайхны хүсэн хүлээсэн улстөрчдийн нэр тийм ч олон байсангүй. Эрх барьж буй АН-ын угшилтай, сөрөг хүчин МАН-ын гишүүнчлэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдэнтэй хамаарал бүхий ганц нэг хүний нэр бол цохиж явсан.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц данс Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэйг нийтэд дэлгэснээр монголчуудын дунд харь хэлний энэ үг нэлээд анхаарал татах болсон. Оффшор бол хууль бус үйлдэл биш. Ямар ч улсын иргэн бичиг баримтаа барьж очоод компани байгуулах, данс нээлгэх эрх нээлттэй, амархан байдаг аж. Зардал чирэгдэл багатай, олон улсад татварын нэн таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж, бизнес эрхэлж болдог орчныг Кайманы арал, Люксембург, Кипр, Хонконг, Британийн Виржинийн арал зэрэг бүс нутаг бүрдүүлсэн байдаг юм билээ. Албан бус мэдээллээр татварын ийм таатай бүс 50 гаруй байдаг гэсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч “Оффшор данс бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хувьд сонгож болох сонголт. Татвар багатай, бизнес эрхлэх орчин нь таатай, мөнгөтэй газраас баялаг бүтээгчид зээл авч, өөрсдийн бизнесийг эрхэлдэг. Харин ч тэд өндөр татвар, төрийн дарамтаас зугтаж ухаалаг бизнес эрхлэх гэж оролдож байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байгаа
Оффшор бүсэд данс эзэмшдэг 49 хүний нэрийг олонд ил болгосноор тэд хөрөнгө, орлого, татвараа нуусан гэмт хэрэгтэн болчихгүй. Бизнес эрхлэгчид татварын аль л таатай нөхцөл бүхий газрыг эрэлхийлэн, тэндээ пүүс, компаниа бүртгүүлж, өөрт ашигтай орчинд үйл ажиллагаа явуулахыг хүсдэг. Тиймээс манай 49 иргэн Панамын оффшор бүсийг сонгосон биз гэх бизнес эрхлэгч нэг хэсэг хүн өмөөрөнгүй хандлагатай. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч “Оффшор данс бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хувьд сонгож болох сонголт. Татвар багатай, бизнес эрхлэх орчин нь таатай, мөнгөтэй газраас баялаг бүтээгчид зээл авч, өөрсдийн бизнесийг эрхэлдэг. Харин ч тэд өндөр татвар, төрийн дарамтаас зугтаж ухаалаг бизнес эрхлэх гэж оролдож байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байгаа.
Иргэдийн зарим нь оффшор бүсэд данстай эрхмүүдийг илт эсэргүүцлээ. Эх нутагтаа татвараа шингээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахгүй, гадаадад данс нээж байгаа нь улсаасаа урвасан хэрэг гэж үзэх хүн ч буй юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа улстөрчид болон төрийн албан тушаалтнуудыг оффшор дансгүй байхыг уриалсаар байгаа ганц хүн болоод байна. Тэрбээр “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсэж байна” гэх нийтлэлдээ “Улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй, эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхаа эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулахын оронд Монгол эх орондоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, улс орон, ард түмнээ элдэв эрсдэлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай” хэмээн дурдсан.