Өөртэй нь хамт нинжа энэ ертөнцөөс үүрд явна гэдэгт 63 настай Жинши Каваками итгэлтэй явдаг юм байна. Учир нь тэр бол Японы хамгийн сүүлчийн нинжа. Нинжагийн музейн захирлаар ажилладаг тэр нэг ч шавь бэлтгээгүй, нэг ч хүнд нинжагийн эрдэм ухааныг зааж сургаагүй, өөртэй нь адил нинжа одоо энэ хорвоод байхгүй тул өөрийгөө сүүлчийнх гэж байгаа аж. Харин Монголд нинжа шиг олон юм алга. Мөнгөгүй, ажилгүй, боловсролгүй, итгэлгүй... үгүй бүхнээр дүүрчихээд байгаа өнөөгийн манай оронд ердөө хоёрхон зүйл байгаа нь популист улстөрчид болоод нинжа. 2007 оны дөрөвдүгээр сарын 23-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн уснаас уусан хоёр үхэр, нэг хонь үхсэнээр Монголыг хэрсэн мөнгөний усны тор ил болсон юм.
...Япон нинжа хөлсөөр хүн алдаг бол монгол нинжа амин зуулгынхаа мөнгийг олох зорилгоор байгаль орчин сүйтгэдэг. Адилхан тал нь гэвэл хоёулаа сүйтгэгч, бусниулагч...
Тэнд монгол, хятад иргэд натрийн цианид, мөнгөн ус ашиглан алт ялгаж байсныг хууль хяналтынхан илрүүлж, хонгорынхон сумаараа хордсоныг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан даа. Ингээд Засгийн газар 201 тоот тогтоол гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын болон Үйлдвэр, худалдааны яам, ЦЕГ, ОБЕГ, Улсын мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг илгээж, улсын хэмжээнд хоёр жил дамнасан үзлэг шалгалт хийн, гар аргаар алт олборлоход ашигладаг баахан төхөөрөмж хураан авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү ачуулсан.
10 аймгийн 120 гаруй газрын 53 га талбай, хэдэн арван худаг мөнгөн ус, цианидаар бохирдсоныг тогтоон, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Япон, Швейцарийн Засгийн газрын шинжээчдээс бүрдсэн олон улсын шинжээчид Монголд ирж ажилласан.
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянхонгорын Баян-Овоо, Өмнөговьд долоон удаа судалгаа хийж, 358 хүний цус, үс, шээсийг шинжлэхэд 21.5 хувь нь хоёрдугаар, таван хувь нь гуравдугаар зэргийн хордлоготой байв.
Үүнийг түгшүүр төрүүлэх хэмжээ гэж үздэг. Японы Минамата өвчин судлалын үндэсний хүрээлэн, Хор судлалын төвд хийсэн шинжилгээгээр ч олон хүн түгшүүр төрүүлэх, арга хэмжээ авах шаардлагатай түвшинд хордсоныг илрүүлсэн юм.
Хүн хордчихоод байхад байгаль эрүүл үлдэнэ гэж үгүй. Химийн бодисоор бохирдсон газруудыг 2008-2010 онд цэвэрлэсэн. Гэвч өнөөдөр эргээд Монгол орон нинжад эзлэгдчихлээ. 3.8 тэрбум төгрөг зарцуулсан тэр их ажлын дараагаас нинжа нар цагаан цамц өмсөн, хар зангиа зүүгээд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажилд орж, цалингаараа сайхан амьдрахаар зүтгэж эхэлсэн сэн. Харамсалтай нь монголчуудын дээрээс мандсан нар тийм ч удаан гийгүүлээгүй. Улс төр гэгч хар үүл наагуур нь татаж орхисон. Гадаадын хөрөнгө оруулагчид урдах замаа олж харахаа байгаад нутаг буцсан. Нинжа нар эргээд цагаан цамц, хар зангиагаа тайлж, ногоон төмпөн, төмөр хүрзээ бариад газар ухаж эхэлсэн.
Үргэлжлэлийг уншина уу