Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээллийг тавдугаар сарын 9-нд нийтэд дэлгэхээ мэдэгдсэн. Тэд олж авсан мэдээллээ Панамын цагаар тавдугаар сарын 9-ний 13.00 цагт, Английн цагаар 18.00 цагт, Монголын цагаар 10-ны шөнийн 03.00 цагт дэлгэх байв.
Тэгвэл алдагдсан мэдээллийн талаар “Монгол HD Тв” телевиз Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран анх улаа албан ёсны эрхтэйгээр Монголын оффшор данс эзэмшигчдийн нэрсийн заримаас нь зарлалаа. Тэдэнд ирсэн 400 гаруй хуудас мэдээллээс ердөө 3-ыг л дэлгэж байгаа гэнэ. Тус мэдээлэлд Монголын 4 иргэний нэр дурдагдсан бөгөөд эхний хүн нь Үлэмж Ишжамц Дамдин, хоёр дахь нь "Петровис"-н Жанчивын Оюунгэрэл нар юм. Харин 3 дахь иргэн болох Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү. Батболд нь “Batu Mining Limited” компанитай холбогдсон байна. Мөнгөний шилжүүлэг хийгдэж байх үед тэрээр Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байжээ.
Сүүлчийн иргэн бол Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар. Тухайн үед тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын орон тооны зөвлөх байсан байна.
Эдгээр дөрвөн хүн нь Бату Майнинг Лимитед компаниар холбогдож байгаа юм. “Batu Mining Limited” компани нь Оросын тэрбумтан Олег Дерапаскагийн бүрэн эзэмшилд байдаг бөгөөд энэ нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр илэрч байжээ.