Гавьяат жүжигчин Д.Алтанхуяаг “Балетын хөгжил” сан байгуулж, дэлхийн шилдэг бүжигчдийг жил бүр эх орондоо урьж тоглуулах болсон. 2011 оноо хойш жилдээ хоёр удаа тоглолт, балетын наадам хийх болсон нь Монголын балетын урлагийн талаар нэр хүндтэй бүжигчдэд ойлголт төрүүлэхийн зэрэгцээ, Монголын үзэгчдэд ид бүжиглэж байгаа дэлхийн шилдэг бүжигчдийг үзэх завшаан олгосон юм. Тэгвэл энэ жилийн “Night of ballet” наадмын тов гарчээ. Зургадугаар сарын 4-нд Корпорэйтийн тоглолтын танхимд болох эл наадамд Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Турк, Аргентина, Испани зэрэг 10 орны бүжигчин оролцох аж.
Гурав дахь жилдээ “Night of ballet” наадам хийж буй Монголын балетын хөгжил сангийнхан олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль, тоглолт, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой ажилладаг бөгөөд энэ удаа ч бас сангийнхаа дэргэдэх балетын сургуулийн хүүхдүүдэд дэлхийн шилдэг бүжигчдээр мастер класс хичээл заалгахаар төлөвлөжээ.