9000 орчим хүний амийг авч одсон Балбын газар хөдлөлтөөс хойш нэг жил өнгөрчээ. Гамшигт өртсөн ихэнх газар нь одоо ч нурангид дарагдсан хэвээр байгаа нь хүчтэй чичиргээний үеэр чанар муутай олон мянган барилга нурж сүйдсэнтэй, тэр бүхнийг сэргээн босгоход үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаатай холбоотой юм.
Сүүлийн 20-иод жилийн хугацаанд газар хөдлөлт болоод түүнээс үүдсэн гамшиг, ослоос болж дэлхийн хэмжээнд сая гаруй хүн амиа алджээ. Хохирогсдын дийлэнх нь хот суурин газрын, тэр дундаа байшин барилга нь шигүү байрласан их хотын иргэд байв. Жилийн өмнө Балбад болсон, сүүлд Япон, Эквадорт болсон хүчтэй газар хөдлөлтүүдэд амь үрэгдсэн хүмүүсийн олонх ньч мөн барилгын нурангид дарагдан амиа алдсан билээ.
Гэтэл болзошгүй аюулыг нь мэдсээр байж том хотод шилжин суурьшигчид нэмэгдэж, барилгын чанарыг хянах нь олон оронд хүндхэн ажил хэвээр байгаа нь шинжээчдийн санааг зовоож байна. Их, бага ялгаагүй аливаа хот сууринг газар хөдлөлтийн аюулаас бүрэн сэргийлэхүйц, “ухаалаг” бөгөөд найдвартай болгох арга зам бий юү?
Энэ сэдвээр BBC-гийн “World Service” нэвтрүүлэгт өгсөн салбартаа тэргүүлэгч дөрвөн мэргэжилтний яриаг орчуулан хүргэж байна.
Эмили Со (Кэмбрижийн их сургуулийн Хотын орчин ба эрсдэл судлалын төвийн тэргүүн, иргэний байгууламж судлаач, инженер, доктор):
Түүхээс суралцах хэрэгтэй
- Барилга олон янз. Тухайн газар орны уур амьсгал, эдийн засгийн чадамжаас шалтгаалан дээвэр, хана нь өөр өөр, янз бүрийн барилга байшин баригдах болж. Тэр болгон нь нурж, сүйдэхдээ ч өөр хоорондоо адилгүй. Хуурай уур амьсгалтай оронд, жишээ нь Перуд, барилгын дээврийг маш хөнгөн, нимгэн материалаар хийдэг. Тэгэхээр газар хүчтэй хөдөлсөн ч хүмүүс дээвэрт дарагдаж, амь үрэгдэх эрсдэл бага байна. 1999 онд Тайваньд Рихтерийн шаталбараар 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 2000-аад хүн нас барсан.
Гэтэл 2005 онд Пакистанд яг ийм хэмжээний газар хөдлөхөд 86 мянга гаруй хүн амиа алдсан байдаг. Энэ бол барилгын чанартай шууд холбоотой. Пакистан, Балба, Гаити зэрэг оронд цементен хавтан, бэлэн цутгамлаар байшин барих нь их байдаг. Эдгээр улсад газар хөдлөлтийн аюулаас сэргийлэн, тэр бүхнийг стандартын дагуу ашиглах ур чадвар ч, мөнгө санхүү ч дутмаг байна. Өөрөөр хэлбэл хүнд, том хавтангуудыг зүгээр л эгнүүлээд байдаг гэсэн үг.
Хүн амын шигүү суурьшил, хот төлөвлөлтийн алдаа гажуудал мөн аюул, эрсдэлийг улам нэмж байна. Бидэнд хангалттай мэдээлэл, гашуун сургамж бэлээхэн байна. Тиймээс зөвхөн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг гэлтгүй, хот суурин бүрийг болзошгүй аюулд тэсвэртэй болгох боломж бүрэн бий. Барилга яаж сүйдэхээрээ хүний аминд хүрдэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэхийг ч бид мэдэж байгаа. Түүхээс суралцах нь чухал шүү дээ.
Гэвч барилгын чанар, боловсрол мэдлэг, эдийн засгийн өсөлт, улстөрчдийн хүсэл бодол зэрэг зүйлс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудал дээр нэг л нэгдэж өгөхгүй байна. Газар хөдлөлт байнга болдоггүй болохоор эрх баригчид тоохгүй байна л даа. Уг нь аюулаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллар тутамд аливаа ослын дараа сэргээн босголтод зориулах долоон ам.доллар хэмнэдэг гэдэг.
Дэвид Мэлотт (Дэлхийн хамгийн өндөр арван барилгын гурвынх нь загварыг гаргасан нэрт уран барилгач):
Дэвшилт технологиос өөр сонголт үгүй
- Стандартын дагуу баригдсан л бол тэнгэр баганадсан өндөр барилгууд хүчтэй газар хөдлөлтөд ердийн барилгаас илүү тэсвэртэй байх тал бий. Бараг зөөлөн эдээр хийгдсэн юм шиг хоёр тийш нумарч, найгаж байгаад тогтдог. Ялангуяа 100 ба түүнээс олон давхар барилга анхнаасаа сайтар тооцоолсон суурь бэхлэлттэй байдаг учир хүмүүсийн төсөөлдөг шиг хурдан нурдаггүй. Би 15 дахь жилдээ өндөр барилгын зураг төсөл дээр ажиллаж байна. Миний гүйцэтгэсэн анхны тэнгэр баганадсан барилга гэхэд 492 метр өндөр Шанхайн Дэлхийн санхүүгийн төвийн барилга байсан. 2008 онд болсон Сычуаний газар хөдлөлтийн үеэр Шанхайд хүчтэй чичиргээн мэдрэгдэхэд тэр барилга бараг хөдлөөгүй.
Бид орой дээр нь чичиргээн мэдрэгч байрлуулаад байсан юм. Энэ бол стандартын дагуу баригдсан, орчин үеийн дэвшилт технологи ашигласан барилга хэчнээн ч өндөр байсан хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байдгийн наад захын нотолгоо. Өндөр барилгын өөр нэг давуу тал нь газар хөдлөлтийн болзошгүй аюулыг тооцоолсон ч бай, үгүй ч бай өндөр байгууламжид шаардлагатай байдаг “хөдөлдөг ширээ” гэдэг технологи юм. Хүрээ төмөр, ган бэхэлгээнүүд нь гэнэтийн хөдөлгөөн, чичиргээний үеэр их биеэ тулж түших суурь сайтай байхыг ингэж нэрлэдэг.
Хэдийгээр өртөг ихтэй ч ийм технологиор баригдсан өндөр барилгууд наанадаж 100 жил, цаашилбал бүр 200 жилийн баталгаатай байдаг. Ингэж үзвэл хотын барилга байгууламжийг газар хөдлөлт, байгалийн бусад гамшигт тэсвэртэй болгоё гэвэл дэвшилт технологиос өөр сонголт байхгүй. Бид хүн амын шигүү суурьшлаас шалтгаалж Хятад, Япон, Индонез зэрэг улсад тэнгэр баганадсан барилга их барьж байгаа. Гэтэл эдгээр улс газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. Энэ нь бидэнд хүндхэн сорилт болохоос гадна технологио сайжруулах боломж олгож байна.
Мартин Шейлдкамп (Хямд, аюулгүй сууц барьдаг “Ухаалаг байр” байгууллагын тэргүүн, Балбад газар хөдлөлтөд тэсвэртэй олон арван сургуулийн байр барьж өгсөн буяны үйлстэн):
Байр сууц энгийн тусмаа аюулгүй
- Хөгжиж буй орнуудад барилга байшинг илүү бат бөх болгох боломж бий. Гэхдээ зөвхөн хөрөнгө, санхүүжилт хангалттай байвал шүү дээ. Гамшгаас сэргийлэх ажилд хөрөнгө оруулах нь ихэнх тохиолдолд өөрсдөд нь ашиггүй байдаг болохоор эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс энэ асуудлыг тоодоггүй. Тиймээс хуучирсан барилга байшингуудаа тордох, шинээр байшин барих бол энгийн мод, чулуу, тоосго ашиглахаас өөр найдвартай арга бидэнд одоогоор алга.
Тэгж байж л олон хүний амь эрсдэхээс сэргийлж чадна. Орчин цагийн дэвшилт технологи гэж хошуурахаасаа илүү модон бэлдэц, тоосго, шохой зуурмаг зэрэг барилгын үндсэн материалуудын чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн газруудыг дараа нь ажиглахад ханын бэхэлгээ муу барилгууд хамгийн ихээр сүйдэж, олон хүний аминд хүрсэн байдаг. Ханын бэхэлгээг сайжруулах, энэ энгийн аргыг барилгын салбар нь хөгжөөгүй орнуудад нэвтрүүлэх, тухай бүрт хянаж шалгадаг болбол байдал дээрдэнэ.
Люси Жонс (АНУ-ын Геологийн судалгааны агентлагийн Эрсдэл, байгалийн гамшигтай тэмцэх хэлтсийн шинжлэх ухааны зөвлөх, доктор):
Иргэдийн боловсролыг сайжруулах нь чухал
- Хотыг бүхлээр нь газар хөдлөлтөд тэсвэртэй болгох боломж бараг байхгүй. Харин аюул, эрсдэлийг бууруулах нэн чухал, ганц арга бий. Тэр бол иргэдийн байгалийн гамшгийн талаарх мэдлэг боловсролыг сайжруулах, гамшгаас сэргийлэх асуудалд албаны хүмүүсийн анхаарлыг хандуулах юм. АНУ-ын Геологийн судалгааны агентлаг энэ чиглэлээр олон ажил явуулсны дотор Калифорни мужийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлбөл юу болохыг тооцоолж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан.
Тэгэхэд 5.5 сая хүн газар хөдлөлтийн үеэр хэрхэх, дараа нь ямар арга хэмжээ авах зэрэгт суралцаж, гамшгаас урьдчилан сэргийлэхээр албаныхны хийж байгаа ажилтай танилцах олон хөтөлбөрт хамрагдсан. 5.5 сая гэдэг бол Өмнөд Калифорнийн хүн амын бараг дөрөвний нэг хувь шүү дээ. Энэ бол наад захын жишээ. Хөгжингүй гэгдэх оронд л байгалийн гамшгийн талаарх мэдлэг дутмаг, энэ чиглэлийн хөтөлбөр, сургалтад хамрагдах хүн ийм олон байхад бусад улсад бүр ч олон байгаа нь тодорхой.