“Зүүдэнд муу юм үзэгдэв” гээд зул, хүж асаан, лам, бөө гэж байхаар зүгээр л оройн хоолоо багасгавал яасан юм. Могойн өндөг, мөнгөн дэвсгэрт шэйрлэсэн хүмүүс “Фэйсбүүк”-ээр дүүрэн. “Аз гэж бичээд, лайк дар” ч гэх шиг. Анзаарах нь ээ, тэр пост нь арав гаруй мянган лайк, мөн тооны коммент цуглуулчихсан байх. Сүүлдээ бүр унагалж буй гүү, ботголох гэж зовсон ингэний бичлэг түгээж, “Ховор тохиол шүү, аз авчирна” гэх юм.
Би өндөр настай нэгэн биш. Гэхдээ хэдэн оймс элээхдээ могойн өндөг, мөнгөний зураг үзээд, хадгалаад, хараад баяжсан нэгний тухай дуулаа ч үгүй. Аз эзэнд найддаг монголчуудад л ийм хөгийн залхуу зан бий бололтой. Ажлыг чи оромдвол амьдрал чамайг балруулдана гэдэг дээ.
“Арга ч үгүй биз дээ” гэж өөрсдийгөө өмөөрч болох л юм. Эдийн засаг хямарсан энэ үед дунджуудын амьдрал доошилж, ядуус нь байдгаа барчихсан болохоор төрөөс “ид шид”-ийн бодлогоор ядарсан иргэддээ “өл залгуулж” буй. Иймээс бид азанд найдахаас ч яах билээ. “Найд” гэж биднээр тохуурхаад байна шүү дээ. Тиймээс л бид цэцэрлэгт хүүхдээ оруулахдаа, газар өмчлөхдөө, байр худалдан авах, түрээслэхдээ, эцэстээ дэлгүүрээс юм авахдаа хүртэл сугалаа шодож, сохор азанд найддаг юм.
Зарим нэг нь “Би азтан болчихлоо, үнэн юм байна” гэнэ. Тэгвэл НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөг хожсон “нууц ноёнтон” одоо хаана байна вэ? “Номин юнайтед”- ын “Хямдралын хар баасан гариг”, “Тэрбумтан” сугалаа, “Юнител” компанийн “Таван байр” хөтөлбөр гээд энэ бүхнээс та, таны ойр дотно хүн шар тос долоож чадсан уу.
Эцэстээ “Эх орны хишиг” нэртэйгээр иргэдэд тараасан сохор зоосны үнэд ч хүрэхгүй өнөөх хувьцааг хэдэн сая төгрөгөөр арилжиж байна гэв ээ, бурхан минь. Өчигдөрхөн л төрийн түшээдийг “Эх орон, газар шороогоо худалдсан, муусайн луйварчид” гэцгээж байсан бол өнөөдөр бид хэдэн халтар цаасны төлөө эх орон байтугай зүйлээ ч худалдахад бэлэн болжээ. Энэ чинь л өөр хаанаас ч эрээд сураад олохгүй монгол араншин. Гэхдээ бид эрх баригчдын тусламжтайгаар ийм төрмөл биш, олдмол араншинтай болсон юм шүү.
Шувуу амьд байхдаа шавьж иддэг. Харин шувууг үхэхэд шавьж түүгээр хооллоно. Нэг мод хэдэн мянган шүдэнз болдог. Харин нэг шүдэнз хэдэн мянган модыг хуйхалж дөнгөнө. Нөхцөл байдал хаашаа ч, хэзээ ч хэлбийж болдог юм шүү.