“Эдийн засаг хүнд байна, бүсээ чангал” гэсэн уриан дор эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Тухайн үед “Өвчтэй хүмүүсийг яаж эм, тариагүй эмчлэх юм” гэж хэсэг шуугиад өнгөрсөн. Харин үүний горыг Баянзүрх дүүргийн иргэд амсаж эхэлсэн байна. Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн салбар X төв халуун, хүйтэн усгүй хоёр хоножээ. Энэ байдлыг сурвалжлахаар тус эмнэлгийг өчигдөр зорилоо.
Үүдээр нь ортол үйлчлэгч нар учир зүггүй хана, шалаа угааж байгаа харагдав. Биднийг очихоос 10 минутын өмнө буюу 10.30 цагт тус төвд халуун, хүйтэн ус ирсэн тул баяраа тэмдэглэж байгаа нь тэр гэнэ. Ус алтнаас ч илүү үнэтэйг тэнд байгаа эмч, сувилагч, өвчтөнүүд маш сайн мэдэрчээ. Уг төвд энэ сарын 26 буюу мягмар гаригийн үдээс хойш халуун, хүйтэн ус тасарсан байна. Ажил тарах дөхөж байсан тул үзүүлэхээр ирсэн хүмүүсээ “аргалаад” өнгөрсөн ч маргааш нь бүтэн өдөр ус ирээгүй аж.
Учир нь эрүүл мэндийн төвийн урсгал зардлыг 50 хувиар танаснаас болжээ. Тодруулбал, 2015 онд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн гурван төвийн халаалтын нийт мөнгө сард 8.1 сая, цахилгааны төлбөр 2.8 сая төгрөгийн төсөвтэй байсан бол энэ онд халаалтын төлбөрийг сард 4.240.000, цахилгааныхыг сард 1.8 сая төгрөгөөр тооцон төсөвлөсөн учраас сар бүр ойролцоогоор 4.8 сая төгрөг дутаж байгаа гэнэ.
Эмч нар цахилгаанаа хэмнэхийн тулд өрөө, коридорынхоо гэрлийг унтрааж, байгалийн гэрэлд ажиллаж байжээ. Өрөө барагдуулж чадахгүй явсаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх II төвд найман сая төгрөгийн өртэй болсон байна. Тиймээс тус газраас X төвийн халуун, хүйтэн усыг хязгаарласан аж. Амбулаторийн эрхлэгч Б.Доржмаа “Эмнэлгийн халуун, хүйтэн усыг бидэнд урьдчилан мэдэгдэхгүй хааж болохгүй биз дээ. Мэдэгдсэн бол ундны усаа ч болов нөөцлөх байлаа.
Эмнэлэг бол онцгой объект. Гар угаах ч усгүй болохоор эмнэлгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгалын дэглэм алдагдан халдвар гарах эрсдэл үүсэж байгаа юм. Тиймээс өчигдөр (уржигдар) үйл ажиллагаагаа зогсоосон. Гэхдээ жирэмсэн болон яаралтай тусламж хэрэгтэй хүмүүсийг эмч нар үзсэн. Лабораторийн аппарат ашиглан шинжилгээ хийхэд нэрсэн ус ашигладаг. Халуун, хүйтэн усгүйн дээр давхар цахилгаан хязгаарласан учраас бүх оношилгоо, шинжилгээг зогсоосон. Эрүүл мэндийн сайдын 187 дугаар тушаалаар эмч өвчтөнд хүрэхээсээ өмнө болон үзлэг хийсний дараа гараа угааж, эмнэлгийн дотоод халдвар тархахаас сэргийлэх ёстой. Гэтэл энэ бүх дэглэм алдагдаж эхэлсэн учраас манайх үзлэг, шинжилгээгээ нэг өдөр зогсоосон” гэв.
Эмнэлэг ажиллахыг хэдэн өдөр хүлээсэн иргэдтэй уулзахад шинжилгээ өгөхөөр хоёр дахиа ирж байгаагаа учирлав. X төвөөр Баянзүрх дүүргийн 11 хорооны 120 гаруй мянган хүн үйлчлүүлдэг юм байна. Ямартай ч Эрүүл мэндийн X төв Хэрэглэгчид үйлчлэх II төвийн удирдлагуудад учир байдлаа тайлбарлан, “10 хоногийн дотор өрөө дарна” гэж ам мөчгөө өгч байж халуун, хүйтэн устай болжээ. Харин тэр мөнгийг хэн, хэзээ төлөх нь тодорхойгүй үлдлээ.