Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэх өвөг дээдсийн сургаал үеийн үед хүн бүрийн сэтгэл зүрхэнд бат бэх хоногшин цаг ямагт хадаатай байгаасай билээ. Эхэлсэн ажлаа чанартай сайн дуусгадаг хөдлөшгүй дадал зуршилтай хүн амжилт ололтын тэргүүнд явж, алдар гавьяаны эзэн суух нь тодорхой. Эхэлснээ дуусгалгүй дутуу шүүрхий орхидог хүн амжилтын эзэн байх тавилангүй, хоосон санаа, хөндий цээж төдий үлдэнэ. Дуусгаагүй уран зураг бүтээл биш. Дуусгаагүй орхисон зохиол ном болон хэвлэгдэхгүй.
Түүхий хоолыг хүн идэхгүй, барьж дуусаагүй байшинд байнга амьдрах аргагүй. Дуусгалгүй орхисон ажил, хийгээгүй ажил хоёр адилдаа адил. Их, бага ямар ч ажлыг эхэлсэн л бол заавал дуусга. Дуусгаж гүйцээж чадахгүй ажлаа бүү эхэл. Цэцгийн үр суулгачихаад усалж тордохгүй орхичихвол ургаж цэцэглэхгүйн адил дуусгалгүй хаясан ажлаас ямар ч үр шим хүртэхгүй. Сайн дуусгасан ажлынхаа үр дүнг харж, үр шимийг нь хүртвэл урам зориг орж, бүр илүү сайн хийх хүсэл, тэмүүлэл оргилно.
Хийж бүтээснээ сэтгэл бахдан харах нь бүтээгчийн урам онгодыг хөглөн, эрч хүч өгөн зоригжуулсан үлэмжийн сайхан мэдрэмж. Амжилтад хүрсэн хүний туулсан замнал бахархах үйлс, гэгээн дурсамжаар дүүрэн.
Ямар нэг ажил хийхээр зорьсон бол хийж чадна, үр дүнг нь үзнэ гэсэн бат итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл бол хийж бүтээж, өсөж өөдлөхөд тусалж дэмнэх өөрт чинь байгаа дуусаж дундрашгүй, нөхөн сэлбэгдэж байдаг үнэт баялгийн нөөц. Итгэл түнэр харанхуйд гэрэлт бамбар болон гэрэлтүүлж, амжилтын оргилд хүрэхэд хөтлөн газарчлах сэтгэлийн их хүч. Аливаа зүйлийг хийж чадна гэсэн итгэл төрөөгүй цагт сайн үр дүнгийн талаар мөрөөдөх ч хэрэггүй. Итгэлээр дүүрэн сэтгэл бартаа саад, бэрхшээл хүндрэлийг даван туулах зориг хүчийг булгилан ундрах булгийн ус мэт байнга ундруулна.
Итгэл сулрах хэрээр хүрэх үр дүн бүдгэрэн бүүдийж, алсран холдсоор байх вий. Миний чадал тэнхээ, боловсрол чадавх энэ ажлыг хийж дөнгөхгүй байх гэсэн итгэлгүй бодол эзэмдсээр байх аваас ажлыг эхлэхгүй хойшлуулах нь өлзийтэй. Харин би чадна гэсэн итгэл төрсөн үедээ хойшлуулсан ажлаа эхлэн хийж, заавал дуусгаж үр дүнг нь үзэхийг чармай. Хэчнээн доош уналаа ч би өсөж өндийн хөл дээрээ дахин босно гэсэн бат итгэлтэй хүн өөрийн үснээсээ татаж унасан нүхнээсээ гаргах сэтгэлийн тэнхээтэй байдаг юм. Өөрийн итгэлийг бүү бөхөө, бусдын итгэлийг битгий мохоо.
Итгэлийн галаа өрдөн асаахын зэрэгцээ хүмүүст итгэл хайрла. Хөрж хөшсөн итгэлийг нь сэргээх чин сэтгэлийн үнэн үгийг цагийг нь олж хэлэн, сэтгэлийн нандин хөвчийг нь цочоон доргиож чадвал бөхөж унтарсан итгэл өчүүхэн жижиг очноос дүрэлзэн асах түүдэг галын дөл мэт бадарна. Итгэлийн гал руу ус цацах нь хахир хатуу үгээр хайр найргүй балбах доромжлол, тохуурхлаас ч долоон дор хор уршигтай гэдгийг мэдээрэй. Хичээн чармайх сэтгэлээ тордон зоригжиж, өөртөө итгэх итгэлээ олж чадвал их ялалтад хүрэх нь дамжиггүй.
Өөрийн хүч чадалдаа эргэлзээгүй итгэ. Чи бусдаас дутуу биш. Хүч чадалдаа итгэж чадсан хүн л өөрийнхөө аяганаас цай уух, өөрийн хөдөлмөрөөр талхаа төвөггүй олж идэх аргад сурдаг юм. “ Итгэл, хүсэл байхгүй бол юу ч бүтэхгүй”.
Аливаа ажлыг амжилттай дуусгахад хоёр янзын бэрхшээл өмнө хөндөлсөнө. Нэг нь гаднаас учруулах бодит бэрхшээл, нөгөөх нь өөрөө өөртөө бий болгодог хиймэл саад тотгор. Хөндлөнгөөс учруулах бэрхшээл тодорхой. Бэрхшээлгүй бүтдэг ажил нэгээхэн ч байхгүй. Бие амар, хангалуун тансаг амьдрал бэрхшээл зовлонг сөрөн зогсож, даван туулах эр зориг, эрч хүч өгдөггүй. Ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал насан туршийн золгүй байдал, зовлон гуниг хараахан биш. Зовлон бэрхшээлтэй тулалдах тусам хүн хатуужин хэрсүүжиж, өсөж өндийн илүү хүнд бэрхийг туулах зориг хүч, сэтгэлийн хатыг шингээж авдаг юм.
Цөөнгүй хүн бодит бэрхшээлийг давж чадалгүй сөхрөн зорилгоосоо няцдаг нь ирээдүйн амжилтаа өөрөө бусниулан сүйтгэж байгаа ухаангүй үйлдэл. Зарим нь зорилгоо ор тас мартдагаас ажлын үр дүнгээ үзэх хувьгүй хоцордог. Олон хүн эхэлсэн ажлаа дуусгалгүй шантран дундаас нь орхидог. “Амжилтад хүрээгүй хүмүүсийн зууны ерэн хувь нь ялагдаагүй, зөвхөн дундаас нь орхисон байдаг”.
Эхэлснээ дуусгалгүй орхисон хүмүүсийн олонх нь зориг дутаж, бууж өгөмгүй аар саархан бэрхшээлд үг дуугүй бууж өгч, өөртөө саад хаалт босгон, болох зүйлийг болохгүй, бүтэх үйлсийг бүтэхгүй болгон үрэн таран хийдэг. Хувь заяа, ажлын бүтээл ямагт зоригтны талд байдаг. Зориг дутвал үр дүн дутна. Эр зоригтой хүн хэлсэн үгэндээ ч хийсэн ажилдаа ч үнэнч. Ажил хийж, үйл бүтээхээр барьж авсан бол зүрх зориг алдан, айж хулчийх хэрэггүй.
Зориг мохолт нь өчүүхэн амьтсын заяа төөрөг юм. Зүрх зоригтой, үйлдэл нь хүн чанартайгаа нийцдэг хүн бүтээлч үйлсийн эзэн байх нь эргэлзээгүй. Бүтээлч санааг унтраах бас нэгэн хаалт саад нь залхуу зан. Эхэлснээ дуусгалгүй орхих буюу хийсэн дүр эсгэж цаг нөгцөөх нь залхуучуудын байж байгаа дүр төрх, нүүр царай. Залхуурал шинэ шинэ бэрхшээлийг ар араас нь төрүүлдэг. Залхуурал ухааныг муутган, авьяасыг зэврээж, аж амьдралыг доройтуулна.
Залхуу хүн мэддэг байснаа умартаж, чаддаг байснаа мартаж, чаддаггүй зүйлдээ суралцалгүй, урагш ахихын оронд арагш ухарч байдаг золгүй амьтан болж хоцрогдоно. Залхууралтайгаа эрс тууштай тэмц. Залхууралдаа ялагдвал үзэх байсан сайн сайхныг үзэхгүй, эдлэх байсан жаргалыг мэдрэхгүй, харамсалтайгаар алдагдсан хайран он жилүүд урсан одно. Ажил хөдөлмөрт шимтэн дурлаж, уйгагүй махран хөдөлмөрлөх аргаар л залхуурлыг ялах болно. Залхуурлыг ялж чадвал хамгийн том ялалт, эхэлснээ дуусгадаг эрч хүчийг тэр ялалт чамд авчирна.
Амжилтад хүрч чаддаггүй хоёр шалтгаан бий. Нэг нь бодож төлөвлөлгүй эхэлсэн ажил. Нөгөөх нь бодож төлөвлөсөн ч биелүүлж чадаагүй ажил. Бодож төлөвлөөгүй эхэлсэн ажил анхны бэрхшээлтэй тулгармагц зорилтоо өөрчлөх буюу хойш тавин хойшлогдох, аль эсвэл дуусгалгүй орхигдох болдог. Зорилтоо өөрчлөх бол бүр эхнээс нь өөрчлөх шаардлагатай. Хийж эхэлсэн ажлаа дуусгалгүй өөр ажил эхлэн хүчээ тарамдаад байвал нөгөө сахил ч үгүй туулай ч үгүй гэдэг шиг хоосон хоцорч, зорьсондоо хэзээ ч хүрч чадахгүй.
Бага цагт их ажил амжуулаад байгаа хүмүүсийг гайхамшигтай авьяастай, онцгой заяатай мэт ойлгодог. Үнэндээ тэдэнд ойр байж, сайтар ажиглах юм бол жирийн биднээс онцгойрон ялгарах юмгүй мэт. Гэвч зарим нэг ялгааг яваандаа олж харна. Тэд хүнд хөнгөн, амар хэцүү ямар ч ажил байсан ялгаагүй хийж байгаа зүйлээ машид нямбай, ихэд чухалчилж дуусан дуустал үйлдэж гүйцэтгэнэ. Хойш тавина, алгуурч назгайрна гэх ойлголт тэдний хувьд байхгүй, бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлэн цагийн юмыг цагт нь яс хийнэ.
Цаг алдвал бүхнийг алдана, хурдтай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс гэх зарчмыг ажил, амьдралдаа тууштай мөрдөнө. Ажлаа мэргэжлийн түвшинд, бусдын шахалт шаардлагагүйгээр, сэтгэлээ шингээн үйлдэнэ. Илүү амжилтад хүрэх эхний нөхцөл бол эрхэлсэн ажлаа сэтгэлдээ ургуулан бодож, гарын алган дээр байгаа мэт харж, зүрх сэтгэлээрээ мэдрэн, маш сайн үйлдэх мэргэжлийн өндөр түвшний урлагийг эзэмших явдал юм. Хийж чадахгүй гэж бодож явсан ажлаа хийж, хүрч чадахгүй байх гэж бодож байсан амжилтдаа хүрч, үр дүнг нь харвал сэтгэлийн таашаал эдлэн, баяр цэнгэлд умбана. Хүн амжилтад хүрч чадахаа мэдрэх нь өөрийнх нь хувьд алт эрдэнэстэй орд газрыг нээж олохоос илүү үнэ цэнэтэй.
Ямар нэг үйл бүтээхээр шийдэж зорьсон бол дуустал нь биелүүлэх хэрэгтэй. Эхэлсэн бүхнээ чанартай сайн дуусгаж сурвал амьдрал чинь хоосон өнгөрнө гэж зовохгүй байж болно. Маш сайн хийж байсан ажлаа дуусгалгүй орхивол хэнд ч хэрэггүй, үр дүнгүй, тоос шороонд дарагдан хаягдана. Амжилтад хичээнгүй хөдөлмөр, санаачилга оролдлого, хөлсөө дуслуулсан хичээл зүтгэлээр хүрнэ. Хүсэж мөрөөдөж явдаг ирээдүй чинь гэрэл гэгээтэй баяр жаргалтай байх эсэхийг чи өөрөө л шийднэ. Амжилт бүтээл нь өдөр тутам давтагдах хичээл зүтгэлийн нийлбэр байдгийг санаж, хичээн зүтгээд байгаарай. Амжилт чамайг амдан угтах болно.