“Монголд ажил хийх хэрэг алга. Хурааж, хуримтлуулсан зүйлгүй, ингэж биеэ зовоохын оронд гэртээ суух нь зүгээр ч юм шиг” хэмээн дунд сургууль хамт төгссөн найз маань саяхан ярив. Тэр нэгэн дунд сургуульд биеийн тамирын багш хийж байгаад хэдэн сарын өмнө ажлаасаа гарчээ. Одоо эцэг, эхтэйгээ хамт амьдардаг тул автобус унаа, ойр зуурын хэрэглээний мөнгөөр тасардаггүй аж.
Хөдөлмөрийн яамны захиалгаар “Залуусын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г энэ онд хийжээ. Эндээс үзэхэд манай улсад ажил хийх хүсэлгүй болсон 50 орчим мянган хүн байгаа нь дэлхийн бусад улс оронтой харьцуулбал өндөр үзүүлэлт гэж дүгнэсэн байна. Ялангуяа мэргэжил боловсролтой олон сайхан залуу хийж бүтээх сонирхолгүй байгаа нь судалгааны дүнд тодорсон аж. Залуу хүн нь зорилгогүй бол улс оронд нь ирээдүй үгүй гэсэн үг бий. 20-30 насны, эрүүл чийрэг залуус эхнэр авч, өрх толгойлон, амьдралаа босгохын оронд биеэ оторлож, эцгийн гэрт толгой хоргодохыг илүүд үзэж буй нь хачирхалтай.
Энэ асуултад хариулт олохоос өмнө ер нь хүн яах гэж ажил хийдэг вэ гэдэг талаар бодъё. Хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр гардаг АНУ-ын “Journal of labor research” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, доктор Д.Лхагвасүрэнгийн тооцоогоор 2014 онд манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувийг нь цалин хөлс эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл, манай дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө тавны нэг нь л хөдөлмөрийн орлого болж, өрхүүдэд очиж байна. Гэтэл АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд энэ нь ДНБ-ий 60-70 хувийг эзэлж байгаа талаар “The Economist” сэтгүүл өнгөрсөн онд мэдээлж байв. Тухайлбал, Япон улсад 100 иений бараа үйлдвэрлэхэд үүний 70 нь цалин болдог гэсэн үг юм.
2014 онд манай улсын нийт өрхийн талаас илүү хувь нь 900 мянган төгрөгөөс доош хэмжээний орлоготой байжээ. Үүнд цалингаас гадна тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад орлого багтаж буйг ч хэлэх хэрэгтэй. Харин өнгөрсөн оны эцсийн байдлаар 900 мянган төгрөгөөс бага орлоготой айл нийт өрхийн 66 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, бага орлоготой өрхийн тоо өссөөр байна. Бид хооллох, хувцас өмсөх, тохилог дулаан байр сууцанд амьдрахаас эхлээд амарч зугаалах, аялах, хөрөнгө хураах зэрэг олон хэрэгцээгээ хангахын тулд өдрийн тодорхой цагаа ажил олгогчид “зардаг”.
Гэтэл дээрх тооцоогоор бол монгол ажилчид бялууны ганц хоёрхон зүсмийг л хүртэж буй юм. Цалин, орлого нь наад захын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй, унаа, хоолны зардлаас хэтрэхгүй бол ажил хөдөлмөр эрхлэхээс аз жаргал мэдэрч чадахгүй. Тиймээс л манай улсад хөдөлмөрлөх, сонирхолгүй хүний тоо өсөж буй бололтой.
“2015 оны эцсийн байдлаар манай улсын ажиллах хүчний оролцооны түвшин 61 хувь байгаа нь дэлхийн дунджаас мөн л доогуур үзүүлэлт болжээ. Нэг талаас хөдөлмөрийн орлого бага байгаа тул хүмүүс ажиллах сонирхолгүй байна хэмээн судлаач ярилаа. Анчин хүн чоногүй газар ан хийх гэж очдоггүйтэй адил, ажилчин хүн өөрт нь тохирсон ажил олдохгүй бол хөдөлмөрийн зах зээлд оролцож, бүртгүүлж цаг гарздах шаардлагагүй. Нэгэнт ажил олдохгүй бол гэртээ суух, эсвэл дахин суралцах зэрэг өөр сонголт хийх болно.
Тийм ч учраас судалгаагаар монголчуудын боловсролдоо зарцуулдаг цаг нь дэлхийн дунджаас дээгүүр байдаг гэнэ. Энэ нь өнгөц харахад сайн үзүүлэлт мэт боловч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, өөр чиглэлээр суралцаж буйтай нь голлон холбоотой аж. Нөгөө талаас бакалаврын боловсрол эзэмшсэн хүний мэдлэг, чадвар нь дэлгүүрийн худалдагчийн хэмжээнд үнэлэгдэх түвшинд буй нь бас үнэн. “Их, дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй хүнийг дэлгүүрт худалдагчаар ажилд авна” гэдэг зарыг бид хаа нэгтэйгээс уншиж л байсан.
“Залуусын хөдөлмөр эрхлэлт” судалгаагаар ажил хийдэггүй залуусын 80 хувь нь эцэг, эхээрээ тэжээлгэдэг гэнэ. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн залуус коллежид дэвшин суралцаж, биеэ даан амьдрахаар төрж, өссөн гэрээ орхин явж буйг бид Холливудын киноноос олонтаа үздэг. Харин манайд бол соёлын ялгаа, гэр бүлийн уламжлалт хэв маягаас шалтгаалан сургууль соёлоо дүүргэсэн залуус, бие даах цаг нь болсон ч аав, ээжтэйгээ амьдарсаар байх нь хэвийн зүйл. Гэхдээ энэ нь залуусыг эцэг, эхээсээ хэт хамааралтай болоход нөлөөлдөг бололтой.
Үүнээс гадна манай улсад хөдөлмөрийн зах зээлийг ажилгүйдлийн түвшин гэдэг утгаар л ойлгож буй нь бас нэг гажуудал хэмээн судлаач ярилаа. Хямралын үед ажилгүйдэл шүдний өвчин болдог. Уул уурхай, барилга, үйлчилгээ зэрэг эдийн засгийн олон салбарын орлого багасаж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан өнгөрсөн оны эцсийн мэдээгээр ажилгүйдэл 8.3 хувь болсон нь өмнөх оны мөн үеэсээ хоёр нэгжээр өссөн дүн гэнэ. Гэхдээ ажилгүйдлийн түвшин нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны өөрчлөлтийг харуулдаг аж. Мөн энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоогоор илэрхийлэгддэг.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, долоо хоногтоо нэг удаа ч гэсэн зарын сониноос ажлын зар хардаг идэвхтэй хүмүүсийн нийлбэр нь ажилгүйдлийн түвшин юм. Гэтэл цаана нь ажилгүй мөртлөө бүртгүүлдэггүй, юу хийж, хэрхэн амьдрал, ахуйгаа залгуулдаг нь ч тодорхойгүй олон хүн байгаа нь халагламаар. Энэ өнцгөөс нь харвал уг үзүүлэлт өсөх нь харин ч сайн. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь ажил хийх хүсэлтэй, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж буй хүний тоо өсөж байна л гэсэн үг юм. Тэгэхээр энэ зах зээлийг ажилгүйдэл бус, ажиллагсдынх нь цалингийн хэмжээ, тэдний оролцоо хэрхэн өөрчлөгдөж буйгаар нь л дүгнэх хэрэгтэй аж.
Дэлхий дахинд ажилгүйдэл, хөдөлмөрийн зах зээл нь эдийн засгийн гол сэдэв болдог. АНУ-ын Төвбанкны хамгийн эхний зорилт нь ажил эрхлэлтийг хамгийн өндөр түвшинд байлгах юм. Европын холбооны гэрээнд ч бүрэн ажил эрхлэлтийг дэмжинэ хэмээн заасан байдаг аж. Тухайлбал, АНУ-д ажилгүйдэл нь Төвбанкны бодлогын хүүг тодорхойлоход голлох үүрэгтэй байдаг тул олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь үүнд ач холбогдол өгдөг. Гэтэл манайд ам.долларын ханш, “Тавантолгой”, “Оюутолгой” төсөл зэрэг сэдэв эрэлттэй байдаг нь үнэн. Доктор Д.Лхагвасүрэн “Би ам.долларын ханш ирэх сард, улиралд хэд хүрэх талаар таамаг гаргаж, ярилцлага өгвөл олон хүн анхаарч, уншина. Харин ажилгүйдэл, ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг сэдвийг хөндвөл сонирхох хүн тун цөөн байна” хэмээн ярьсан юм.
Өнгөрсөн сард болсон Монголын эдийн чуулганы үеэр “Монгол Айдия” компанийн захирал Х.Халиунбат “Манай улсад юу хийж амьдардаг нь тодорхойгүй 70 мянган хүн байна” хэмээн ярьж байв. 15 ба түүнээс дээш буюу хөдөлмөрийн насныхны бараг тав орчим хувийг өдөр хоногийг цаг нөхцөөх байдлаар өнгөрүүлдэг хүмүүс эзэлж буй нь өндөр үзүүлэлт болно. Уг нь ажиллах хүчний оролцооны түвшин өндөр байснаар өрхүүдийн орлого нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн салбаруудыг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийн орлогыг өсгөнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээрх асуудлыг шийдвэрлэх нь мөнгөний болон төсвийн бодлогын үндсэн зорилт байх ёстой.
Эдийн засагт ажиллах хүчний оролцоо буурч, залуус нь хөдөлмөрийн зах зээлээс дүрвэх үзэгдэл чимээгүйхэн газар авч байхад улс даяараа ам.долларын ханш, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа хэзээ амь орох вэ, төмөр замын цариг гэх мэт асуудал тойрон шуурч буй нь харамсалтай. Мөн аливаа зүйл эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр л тогтдог. Манайд ажилгүйдлийг багасгахын тулд зөвхөн нийлүүлэлт буюу сайн ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийнхнийг урамшуулах талаар ярьдаг. Гэтэл цаана нь эрэлт болох ажиллах хүчин рүү чиглэсэн бодлого хэрэгтэй байгаа гэнэ.