Хаврын хавсарга нүдсэн энэ өдрүүдэд зэвсэгт хүчин, хилийн цэргийн Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбарууд ажил ихтэй байна. Хэдэн бор цэрэг ангийнхаа хамаг юмыг цэвэрлэж, тохижуулаад сүйд. Түүний зэрэгцээ хөл гараа нийлүүлэн сүртэй гэгч нь алхаж, хорвоогийн нэг өдрийг барна. Яагаад ингэж хавсарга салхи, халуун нар, хүйтэн жаврыг үл ажран, хөл гарын сургуулилалт хийж байна вэ гэхээр ангийнхаа захирагчийг байртай болгохоор зүтгэж буй юм, тэд.
Хөөрхий захирагч нь орох орон, оочих аягагүй болохоор хэдэн цэргээ өдөр шөнөгүй жагсаалын бэлтгэл хийлгэж, офицер, ахлагч нарынхаа цалингаас хэдэн төгрөг “саан” ангиа тордож байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудын дунд тэргүүний жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулдаг болоод хэдэн жил болж байна. 2013 оноос эхэлсэн эл уралдаанаар тэргүүний жагсаалч ангийг шалгаруулж байсан бол өнгөрсөн жилээс жагсаалч гэх үзүүлэлт дээр нэмээд шилдэг тэргүүний тохижилтыг шалгаруулдаг болов.
2013 онд тэргүүн байрт зэвсэгт хүчний 032 дугаар анги шалгарч, хоёрдугаар байрт зэвсэгт хүчний 150 дугаар анги орон, захирагч нар нь хоёр өрөө орон сууцаар, анги нь мөнгөн шагнал тус тус хүртсэн. Үүнээс хойш жил бүр эхний хоёр байрт шалгарсан ангийн захирагч нар нь л байртай болж, биеэ зовоож өдөржин, шөнөжин бэлтгэсэн офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар нь жагсаалын өмнө нэг удаа нэрээ дуудуулж магтуулаад л өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.
“Монгол цэргийн жавхаа” уралдааны болзол нь цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартын биелэлт, жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн алба хаагчид дүрэмт хувцас, хэрэглэл, анги, салбарын жагсаалын жигдрэлт зэргийг тусгасан байдаг юм.
...Уралдааны болзолд заасан үзүүлэлтүүдийг биелүүлэхийн тулд захирагч нар ёстой л улайран зүтгэж байгаа гэсэн. Төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болохоор алба хаагчдынхаа саналыг үл асуун, цалингаас нь мөнгө татаж зарцуулах тохиолдол ч гарах болжээ...
Аливаа байгууллага, хүний ажлыг эрчимжүүлэх, идэвх санаачилга өрнүүлэх, урамшуулахын тулд янз бүрийн болзолт уралдаан зарлаж бай шагнал амлах нь байдаг л үзэгдэл. Гагцхүү тэрхүү шагналыг авахыг зорилгоо болгон, ямар ч аргаар хамаагүй зүтгэх нь дэндүү увайгүй хэрэг. Тийм ч учраас жирийн офицер, ахлагч нар “Монгол цэргийн жавхаа”-д бэлтгэн үйлээ үзэж, үхэр цамаа харайж байна хэмээн их л дургүй байгаа юм.
Эл уралдаан зохион байгуулагдах бүрт цэргийн ангиудын захирагч нар нь өөрийн удирдлага дор ажилладаг офицер, ахлагч нарынхаа ар гэр, ахуй амьдралын зовлон бэрхшээлийг юман чинээ үл тоон, тэднийг ажлын өдрүүдэд цагт нь тараахгүй, амралтын өдрүүдэд ажиллуулах зэргээр дур зоргоороо авирладаг. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтын үеэр анги, байгууллагуудын эгэл офицер, ахлагч нар нь “Битгий л шалгараасай, хэрэв шалгарчих юм бол захирагч дахиад л эрт тараахгүй, амралтын өдрүүдэд амраахгүй биднийг зовооно” хэмээн илтэд залхсан шинжтэй ярьж байна.
Цэргийн алба хаагчид, анги, байгууллагуудыг шалгадаг уламжлал хуучин нийгмийн үед ч байсан. XXI зуун гарснаас хойш бол 2009 оноос эхтэй гэж хэлж болно. УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа салбарынхаа хэмжээнд “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдаан зарласан юм. Ингээд уралдаан яван чангарч, байраар шагнах болзолтой болсноор захирагч нарын шуналыг өдөөсөн гэхэд хилсдэхгүй. Уралдааны болзолд заасан үзүүлэлтүүдийг биелүүлэхийн тулд захирагч нар ёстой л улайран зүтгэж байгаа гэсэн. Төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болохоор алба хаагчдынхаа саналыг үл асуун, цалингаас нь мөнгө татаж зарцуулах тохиолдол ч гарах болжээ.
Тухайлбал, зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хүн ангийнхаа офицер, ахлагч бүрээс 50.000 төгрөг татаж, ангиа тохижуулсан аж. Гэтэл мөнгө “саасан” тухай хов дээд командлал, хууль хяналтын байгууллагад хүрч, захирагч нь хүний эрх зөрчсөн хэргээр буруудан, албан тушаалдаа арай гэж үлдсэн гэдэг. Өнгөрсөн онд “Монгол цэргийн жавхаа”-д шалгарсан ангиуд ч офицер, ахлагч нарынхаа цалингаас зулгааж байж эзэлснээ дарга нар нь нуугаагүй. Энэ жил ч мөн адил нөгөө л офицер, ахлагч нарынхаа цалингаас хумсалж байна.
Хугацаат цэрэгтэй ангиуд дээд байгууллагынхаа шийдвэрээр урин дулааны улиралд цэр гүүдээ элдвийн хар бор ажилд дайчилдаг. Ийм байдлаар мөнгө олдог боловч тэр нь томилсон дээд байгууллагынх нь дансанд ордог. Ядаж тэр мөнгөнийхөө талыг нь ч болов өгвөл ангийнхаа тохижилтод толгой өвдөхгүй оролцмоор байна гэж зарим ангийн захирагч, удирдлага нь бухимдан хоорондоо шивнэлдэж байна.
Өнгөрсөн жилүүдэд батлан хамгаалах салбарын хэмжээнд болон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд болсон “Монгол цэргийн жавхаа” уралдаанаар ангиудын дунд хэт хүч тэнцвэргүй тулаан өрнөсөн гэж ярих хүн ч байна. Төр засгаас төсөв, хөрөнгө зарцуулж, шинээр байгуулсан зэвсэгт хүчний 340, 330, 353 дугаар ангитай олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн ангиудыг өрсөлдүүлсэн. Хуучин ангиуд тохижилтын үзүүлэлтийг бүрэн хангаж чадахгүй. Байшин, барилга эд хэрэглэл нь илт хуучирч муудсан хуучин ангиуд шинэ ангиудыг давж гарахгүй нь ойлгомжтой.
Давж гарахын тулд хууль зөрчиж, офицер, ахлагч нарынхаа амьдралд нь хүрдэггүй цалингаас нь зулгааж, цэрэг дайчдаа албадан хөдөлмөр хийлгэж олсон мөнгөөрөө ангиа тохижуулахаас өөр аргагүй. Мөн жагсаалын үзүүлэлтээр шалгаруулахад өөрсдийн үндсэн ажил үүрэг болох төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд байнга бэлэн байдаг 032, 150 зэрэг анги түрүүлж байсан. Холбоо, хими, инженерийн зэрэг өөр үүрэг, зориулалттай ангиудаасаа дээрх хоёр анги тасархай түрүүлэх нь ойлгомжтой шүү дээ.
Үндсэн ажил үүрэг нь болсон ангиуд болон төр, засгийн шийдвэрээр цоо шинээр байгуулагдаж, төсөв хөрөнгөө хангалттай авсан ангиуд түрүүлсэнд бусад анги, байгууллагын офицер, ахлагч нар ихэд зэвүүцэж дургүйцэх хандлага өмнөх жилүүдэд ажиглагдаж байв. Тэд энэ уралдаанд түрүүлэхийн тулд нойр, хоолоо умартан зүтгэсний үр дүн гарахгүй байгаад урам нь хугаралгүй яах вэ.
Хил хамгаалах байгууллага харьяа ангиудаа уралдаанд бэлтгэхэд зориулж нэмэлт санхүүжилт гарган дэмжиж тусалсан. Гэтэл манай БХЯ, ЗХЖШ төсөв хөрөнгөөр туслахгүй хэрнээ харьяа ангиуддаа ямар ч үнээр хамаагүй бэлтгэж түрүүлэхийг үүрэг болгосон хэмээн бухимдан ярих цэргийн алба хаагч олон байна.
Эцэст нь нийслэлийн Засаг даргад хандаж хэлэхэд “Ялихгүй зусар баяжихад саад” гэдэг дээ. Улсын нэгдсэн төсвөөс санхүүжин, үйл ажиллагаагаа явуулдаг цэргийн ангиудад өгдөг үлээвэр хөгжмийн зэмсэг, байр авдаг тэр мөнгөө дүүргүүдийнхээ Цагдаагийн хэлтсүүдэд өгч, байгаль, цаг уурын ямар ч хүнд үед гадаа эргүүлд явж, хүн ардынхаа амар амгалангийн төлөө зүтгэж яваа эгэл жирийн цагдаа нарынхаа ажиллах нөхцөлийг сайжруулж, цалинг нь нэмж, амьдралыг нь дээшлүүлэхэд зарцуулаач. Ангиудын захирагч, нар бүгд л хувьдаа байртай. Байргүй нэг нь албан тушаалын орон сууцанд амьдардаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэвч байртай болох зорилгодоо хүрэхийн тулд захирагдагсдынхаа үйл тамыг үзэн байж түрүүлдэг захирагч дарга нарын увайгүй арга нь эгэл жирийн олон офицер, ахлагчийг цэргийн албанаасаа залхаж, халагдах өргөдлөө бичихэд хүргэх нь. Манай төрийн мэргэжлийн цэрэгт суурилсан, цомхон чадварлаг зэвсэгт хүчинтэй болох зорилт иймхэн зүйлээс болж зангууны үлгэр болон замхрах вий.