Үндэсний компаниуд эцсийн бүтээгдэхүүн экспортолж буй сайхан мэдээ ар араасаа хөвөрсөөр байна. Тэд гадаадын зах зээлд хөл тавьж эхлэв. Хэрэглэгчийн сэтгэлгээтэй явсан монголчууд үйлдвэрлэгч, бүтээгч болж төлөвшиж буй нь энэ. Үйлдвэрлэхгүйгээр хөгжихгүй, экспортлохгүйгээр томрохгүй гэдгийг ойлгосон цаг үе тохиож байна. Ийнхүү томоохон аж ахуйн нэгжүүд эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн экспортолж байгаа бол Засгийн газар дотоодод зах зээлийг тэлэх ажиллагааг татварын бодлогоор дамжуулан хийж буй юм.
Импортын зарим барааны гаалийн албан татварыг нэмсэн Засгийн газрын шийдвэрийг тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ удаад 13 нэр төрлийн 50 гаруй барааны гаалийн татварыг 6.5-20 хувь болгон өсгөжээ (Хүснэгтээс харна уу). Сүү, цөцгий, хүнсний ногоо, цонх, модон тавилга, ээрмэл утас, тоосго, блок гээд эх орондоо тариалж, үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний гаалийн татвар нэмэгдэх юм.
Хаалга, цонхныхыг 6.5 хувь болгож, багахан нэмснийг эс тооцвол бусдынх нь татварыг 10-аас дээш процентоор өсгөв. Аж үйлдвэрийн яамныхан “Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, эдгээр барааны татварыг нэмсэн” гэсэн тайлбар дайж байна.
Импортын барааны татварыг нэмснээр үнэ нь өсдөг. Ингэхээр үндэсний үйлдвэрийн ижил төрлийн барааны өрсөлдөх чадварыг автоматаар сайжруулж, харийн бүтээгдэхүүнийг зах зээлээс шахдаг жамтай. Өөрөөр хэлбэл, энэ нь гадаадын бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд хаалт болдог гэсэн үг. Уг хаалт нь дотоодын үйлдвэрлэгчдэд зах зээлээ тэлэх нээлт болдог юм. Өрсөлдөх чадвар нь сайжирсан учраас дотоодын үйлдвэрлэгчдэд хүчин чадлаа тэлж, үнээ улам бууруулах боломж бүрдэнэ.
Барааны нэр төрөл |
Хуучин албан татвар (хувь) |
Нэмсэн шинэ татвар (хувь) |
Саахар болон бусад амтлагчийн хольцгүй, шингэн сүү, цөцгий | 5 | 15 |
Саахар, эсхүл бусад чихэрлэг амтлагч, үнэр оруулагч, жимс, самар, эсхүл какаогийн хольцтой, эсхүл хольцгүй, өртгөрүүлсэн, эсхүл өтгөрүүлээгүй зөхий, йогурт, тараг, хоормог, ферменжүүлсэн, эсхүл исгэсэн бусад сүү болон цөцгий |
5 | 15 |
Саахар, эсхүл бусад чихэрлэг амтлагчийн хольцгүй, өтгөрүүлсэн, эсвэл өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү |
5 | 20 |
Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос, өтгөн цөцгий | 5 | 15 |
Бяслаг ба аарц | 5 | 15 |
Шинэ, эсвэл хөргөсөн төмс | 5 | 20 |
Шинэ, эсвэл хөргөсөн улаан лооль | 5 | 20 |
Ногоон сонгино болон сонгины төрлийн бусад ногоо | 5 | 15 |
Бөөрөнхий байцаа | 5 | 20 |
Шар лууван | 5 | 20 |
Шар манжин | 5 | 20 |
Шинэ, эсвэл хөргөсөн урт өргөст хэмх болон дамжаа хэмх | 5 | 20 |
Төмс | 5 | 20 |
Какао агуулсан, эсвэл агуулаагүй зайрмаг, хүнсний зориулалтын бусад мөсөн бүтээгдэхүүн |
5 | 15 |
Хаалга | 5 | 6.5 |
Цонх | 5 | 6.5 |
Блокон хавтан, давхарлаж наасан хавтан, хавхалсан хавтан |
5 | 10 |
Хаалга | 5 | 20 |
Хаалганы хүрээ, босго | 5 | 20 |
Бүх төрлийн хэвлэмэл хуанли | 5 | 20 |
Худалдааны зар сурталчилгааны материал болон барааны каталог, түүнтэй төстэй бусад материал |
5 | 20 |
Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй, хонины сэмлэсэн ноосон ээрмэл |
5 | 10 |
Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй, хонины самнасан ноосон ээрмэл |
5 | 10 |
Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй, мал амьтны нарийн үс, ноосон сэмлэсэн, эвсэл самнасан ээрмэл |
5 | 10 |
Шивсэн эсгий, мяндсыг нь өөр хооронд нь хэрсэн бүтээгдэхүүн | 5 | 10 |
Хонины ноос, эсвэл мал, амьтны нарийн үс, ноосон | 5 | 20 |
Нэхмэлийн бусад материал | 5 | 20 |
Дамжлагын бөөний савлагааны зориулалттай, их даацын уян шуудай | 5 | 20 |
Хамар нь металл хамгаалалттай бусад гутал | 5 | 20 |
Эрдэс чулуун хөвөн | 5 | 15 |
Шаарган хөвөн | 5 | 15 |
Барилгын блок | 5 | 15 |
Силикат тоосго | 5 | 10 |
Зам талбайн бетонон хашлага | 5 | 20 |
Зам талбайн бетонон хавтан | 5 | 15 |
Барилгын ханын төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл | 5 | 20 |
Барилгын тааз, дээврийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл | 5 | 20 |
Төмөр-бетон шат, гишгүүр | 5 | 20 |
Төмөр замын бетонон дэр | 5 | 20 |
Барилгын бусад угсармал хийц, хэрэгсэл | 5 | 20 |
Барилгын тоосго | 5 | 20 |
Албан газрын зориулалттай модон тавилга | 5 | 20 |
Гал тогооны өрөөний зориулалттай модон тавилга | 5 | 20 |
Унтлагын өрөөний зориулалттай модон тавилга | 5 | 20 |
Бусад модон тавилга | 5 | 20 |
Хүнсний ногоогоор жишээ авъя. Манай тариаланчид эх орныхоо хэрэгцээний 60 орчим хувийг хангах хүнсний ногоо тариалдаг. “Хэрэгцээгээ бүрэн хангах хүнсний ногоог өөрсдөө тариалах боломжтой” гэж тариаланчид ярихыг сонссон байж магадгүй. Том газар нутаг, үржил шимтэй хөрстэй учраас мэдээж боломжтой. Гэвч хямд үнэтэй импортын хүнсний ногоотой өрсөлдөж чадахгүй, зах зээлийнхээ 40 хувийг алдсаар байгаа. Татвар нэмэхээр импортлогчид хятад ногооны үнийг өсөхөөс өөр аргагүй болно.
Ингэхээр монгол ногооны өрсөлдөх чадвар сайжирна гэсэн үг. Тариаланчид талбайнхаа хэмжээг 40 хувиар томруулж, бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно. Улмаар тариаланчдаас гадна сүү, цөцгий, цонх, модон тавилга, ээрмэл утас, тоосго, блок үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээгдэж байна.
Засгийн газар өнгөрсөн жил мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын татварыг нэмэгдүүлсэн. Цементийн импорт өнгөрсөн жил 46 хувь буюу 82 тэрбум, үхрийн махных 40 хувь буюу 84 сая төгрөгөөр буурчээ. Мөн зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр багассан байна. Тэгвэл цементийн экспорт 1.2, үхрийн махных хоёр, зөгийн балных 41 сая төгрөгөөр нэмэгджээ.
Манай улс 2015 онд 3.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнтэй харьцуулахад импорт 82 тэрбум төгрөгөөр буурсан нь бага үзүүлэлт юм. Хөрвүүлбэл, 41 сая ам.доллар л болно. Гэсэн ч чамлахаар чанга атга. Ингээд нийт 60 гаруй барааны импортын татвар нэмэгдэж байна. Дараа жил гэхэд илүү далайцтай үр дүн гарах нь ойлгомжтой.
Сүүлийн 20-иод жилд Монгол Улс барааны импортын татвараа өөрчлөлгүй, таван хувьд барьж иржээ. Бүх барааны татварыг таван хувиар тогтооно гэдэг бол гадаадынхнаас зах зээлээ хамгаалах талаар ямар хөшүүн бодлого баримталж ирсний илрэл. Гэхдээ эдийн засгийн хөгжил дорой, үндэсний компаниуд торниогүй байсан өмнөх үед ийм бодлого баримтлахаас өөр замгүй олдоогүй байх талтай. Одоо цаг өөрчлөгдөж байгаа.
Монголын эдийн засаг үйлдвэржилтийн шат руу дэвшихээр тэмүүлж буй энэ үед бодлогын хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй. Импортын татвараар дотоодын зах зээлээ хамгаалах нь зөв, буруу гэж эдийн засагчид одоо ч маргасаар байгаа. Гэсэн ч үйлдвэржсэн бүх улс орон импортын татвараа нэмэн зах зээлээ хамгаалж, үндэсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангаад, дараа нь экспортолсон байдаг. Монголчууд ч бар улсуудын замаар явж, амжилтад хүрэх ёстой.