Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх болжээ.
Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (АОЭНХ)-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-ны хамтарсан Үндэсний хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоодог. 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө буюу сард 192 мянган төгрөг байхаар тогтоосон байна. МҮЭХ-ноос доод хэмжээг 40 хувиар нэмэх ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ нь ажил олгогчдод хүндээр тусч, цалин хөлсөө тавих боломжгүйд хүрч, ажлын байр 3 хувиар буурах магадлалтай тул 25 хувь болгож бууруулсан хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллийн үеэр онцлов.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэдэн хором ярилцлаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байгаа хэдэн иргэд байна вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай иргэд нийт ажиллаж байгаа хүмүүсийн 4 хувийг эзэлж байна.
-Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмж олгоход хүндрэлтэй болж байгаа тухай ярих болсон. Энэ үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломжтой юу?
-Засгийн газар 2017 оны төсөвт 15.6 тэрбум төгрөг суулгана.
-Аль салбарт ажиллаж байгаа иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байна вэ?
-Худалдааны газар, туслах малчин зэрэг түр ажлын байраар хангагдсан иргэд ихэвчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байгаа.
-Цалингийн дундаж хэмжээ нэмэгдэх үү?
-Энэ бол цалингийн дундаж хэмжээг нэмэх чиглэлд хийж буй анхны чухал алхам гэж болно. Бид өмнөх хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нийт 90 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн. Уг хөрөнгийг энэ оны хамгийн эхний төсвийн тодотголоор шийдвэрлэнэ. Энэ бол Засгийн газрын үүрэг юм.
-Одоо цалингаа өгч чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэн олон байна. Эдгээр байгууллагууд цалингийн ачааллыг дааж чадах уу?
-2017 онд энэ өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Шийдвэр гаргаад шууд хэрэгжүүлж эхэлбэл хувийн хэвшилд энэ ачааллыг дийлэх хэмжээний хөрөнгө байхгүй. Эдийн засгийн хүндрэл бий болж, борлуулалт бага байгаа энэ үед хувийн хэвшил аль болох ажлын байраа хадгалж үлдэхийг хичээж байна. Тиймээс 2017 оноос хэрэгжүүлэхээр тогтсон.