Б.МОНХОО
(“Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан)
“Өнөөдөр” сонин өвөрмөц байгууллага. 1996 оны есдүгээр сарын 20-ны өдөр анхны дугаар нь гарчээ. Өдөр тутмын чөлөөт хэвлэлийн анхных нь. Үүсгэн байгуулагч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж. 1996 оны намрын хавчилт, шахалтын “хөр цасан” дороос “хавартай өрсөж цухуйсан яргуй” юм даа. “Өнөөдөр” сонин ороход тотго нь намхан, босго нь өндөр, гарахад тотго нь өндөр, босго нь намхан байгууллага байлаа. Зорьж, зориглож ирсэн хэнийг ч цааргалахгүй ажилд авна. Авангуутаа шахаж өгнө шүү дээ. Одоо ч тийм байгаа байх.
Улс төрийн амьдрал сонирхолтой, хурдацтай үргэлжилж, уншигчид өөр өөр өнцгөөс бичсэн шинэ шинэ мэдээлэл уншихыг хэзээ хэзээнээс илүү хүсэж байсан нь энэ сонин үүдээ нээхэд түлхэц болов. Яг цагаа олж төржээ. Энэ утгаараа анхдагч нь. “Өнөөдөр”-ийг уншигчдын тоо өссөөр байлаа.
Тэр үед “Ардын засаг гэж юу байлаа, авдаг, өгдөг нь ч хэд байлаа” гэдэг шиг төр засаг солигдоод бөөн бужигнаан болж, нийгэм даяар хуучин бүхнийг устгаж өөрчлөх хөөрсөн сэтгэлгээнд автагдаад байв. Ийм үед шинийг хүсэх, хуучнаа хамгаалах сэдлээс үүссэн эсрэгцлийг даван туулахад “Өнөөдөр” сонин чухал үүрэг гүйцэтгэсэн. Сортолзуулж ч, тайвшруулж ч чаддаг байлаа.
“Өнөөдөр” сонины үнэт зүйл нь дуулиан шуугиан, сонин хачин мэдээллийн араас шуурдаггүй, намчирхаж талцдаггүй, шударга мэдээлэл түгээх үзэл санаа байв. Энэ бол Ц.Балдоржийн амьдралаа зориулсан ажил, зорилго, үйл ажиллагааных нь чиг баримжаа юм.
“Өнөөдөр” сонины анхны дугаарын төгсгөлийн нүүрт А.Баасандорж, Д.Баасанжаргал, Р.Байгалмаа, Ц.Балдорж, Д.Батцэнгэл, Б.Галаарид, Ш.Даваадорж, Д.Заяабат, Б.Лигдэн, З.Мэндсайхан, А.Мягмаржав, Ж.Орхон, Б.Нацагдорж, Б.Пүрэвдаш, Д.Энхболдбаатар, С.Энхжаргал, Р.Эрдэнэдэлгэр... гэсэн нэрс бичсэн байна. Энэ хүмүүс анхны дугаарын эзэд юм. Шинийг эхлүүлэх хэцүү. Гэхдээ эдгээр нөхөд сэтгэл, зорилго нэгдсэнээс гадна сонин гэж “юу вэ” гэдгийг мэддэг “архагууд” болохоор түүртээгүй биз дээ.
Ингэж “Өнөөдөр” гэдэг нэртэй “шинэ хүн” мэндэлж, бичдэг, уншдаг бүхнийг даллан дуудаж эхэлжээ. Тэр цагаас хойш хорин жил нэрээ дуудуулан, мөрөө гаргаж, хорвоогийн түм буман үйл явдлыг багтаасан мэдээллийг уншигчдадаа хүргэсээр, өглөө бүхэн хүлээлгэдэг, цаг барьдаг, бас бардаг зочин байсаар иржээ.
Хэвлэлийнхний дунд “Өнөөдөр”-ийн школа гэдэг үг гарч ирсэн. “Өнөөдөр”-ийн “академид” олон “оюутан” элсэн орж, амжилттай суралцан, даль жигүүр нь ургаж “дэгдээхэй” насаа үдэн мэдээллийн их далайд шумбан оджээ. Олон залуус амьдралын гараагаа энэ сониноос эхэлсэн юм. Тэдэнд мартагдахын аргагүй дурсамж үлдсэн байх аа.
“Өнөөдөр”-т байснаас Н.Лутбаяр “Хөх судар” хэвлэх үйлдвэр ажиллуулж байгаа. Т.Дашбалдан манай албанд ажиллаж байгаад АНУ руу яваад олон жил болж байна. Бичихийг шууруулдаг сурвалжлагч, сайн яруу найрагч. Б.Нацагдорж гэртээ. Ц.Энхмаа Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанд ажиллаж байна. Д.Заяабат “Үндэсний шуудан” сониныг эрхлэн гаргаж байна. Ш.Даваадорж “Үндэсний мэдээ” сонины ерөнхий эрхлэгч. Д.Сайнбаяр “Open door” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга. Т.Мөнхтунгалаг АТГ-ын ОНХА-ны ажилтан. Д.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн.
Г.Ганбат Эх орончдын намын дарга. Т.Бүдээхүү УИХ дахь МАН-ын бүлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. И.Отгонжаргал, Д.Бэхбаяр нар “Mongolian economy” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байгаа. Б.Оюунцэцэг ГЕГ-ын ХМА-нд ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. С.Батбаатар, Б.Энхцэцэг нар сайт ажиллуулж байгаа. Уншууртай юм билээ. Р.Энхтуяа чөлөөт уран бүтээлч. Х.Тэргэл Монгол, Америкийн хооронд амьдардаг сурагтай. Д.Баасанжаргал ХХЕГ-т хэвлэлийн албаны даргаар ажиллаж, хурандаа болсон. Ц.Баттайван, Х.Энхтуяа нар хувийн хэвлэлийн компанитай. Хамт ажиллаж байсан нөхөд маань сайн яваа нь энэ сонинтой ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж би боддог.
Тэр үед А.Түвшинтуяа, Т.Аззаяа, Д.Сандагсүрэн, Б.Янжмаа, С.Хишигсүрэн, Д.Мөнхбилэг, П.Ядамдорж, Г.Дэлгэрцэцэг, Ц.Мөнхцэцэг (Одоо МУБИС-д ажиллаж байгаа), Х.Тэргэл, Ц.Хулан нар сурвалжлагчаар ажиллаж байв. Компьютерийн албанд Д.Батцэнгэл, Р.Эрдэнэдэлгэр, Д.Бат-Эрдэнэ, Ч.Жавзанхорлоо, Р.Байгалмаа, Ц.Гарамханд, Д.Цагаанхүү, Тамара, А.Байгалмаа, Д.Тунгалаг нар ажиллаж байсан юм даг. Удирдлага, санхүү, аж ахуйд Б.Бунд, П.Гэрэлчулуун, Б.Даваажав, Н.Мөнх-Эрдэнэ, Я.Лувсанцэрэн, Д.Эрдэнэчимэг, С.Гүнсмаа, Г.Сүхбаатар, Л.Нарантуяа, Б.Халиун, Д.Сэнгээ, Н.Цэдэв, Ж.Дулмаа нар ажиллаж байв. Сонины хэвлэх үйлдвэрийнхнээс Т.Хишигтогтохыг сайн санаж байна.
Сонины ахмадууд болон эрхлэгч нар нь ажилтнууддаа аав, дарга, багш, зөвлөх, ах, эгч, бас анд нөхөр нь болсон, сайн санааны зөөлөн салхи үлээсэн, сайхан сэтгэлийн халуун дотно уур амьсгал ханхалсан өнөр гэр бүл юм.
Манай сонин чадварлаг зохион байгуулагчид, авьяаслаг зохиолч, уран бүтээлчид, туршлагатай сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарт хүч үзэхээр шийдсэн залуу үеийнхнээс бүрдсэн туршлагын лаборатори, туршилт, тэсрэлт байнга хийгдэж байдаг “талбай” шиг л байлаа. Дугаартай өдөр бүхэн тэр талбай дээр туршилт явагдана. Мэдээллийн бөөгнөрөл бий болно. Баяр, гомдол хэсэг хором холилдон үргэлжлээд, дараа нь ажил үүргээ хувааж аваад инээлдэж, шуугилдаад л “ав”-д мордоно доо.
Үдээс хойш бүгд хашлаганыхаа цаана суугаад нам гүм болчихно. “Олз”-оо чулуу болгох гэж байгаа нь тэр. Оройхондоо нас, хүйсээрээ ялгараад л, бүлэгхэн болоод л, шивэр авир гэлцээд эхэлнэ. Ажил тарж байгаа нь тэр.
Маргааш нь өглөөний 09.00 цагаас мэдээний наймаа явагдана. Яахав дээ, Лутаа, Заяа, Даваа, Гэрэлмөнх мэтийн залуу “гар”-ууд урьд орой нь шоудчихаад өглөө нь мэдээ олох гэж редакц дотроо шогшиж өгнө. Охид, хүүхнүүд хэн нь ганзага хоосон, мэдээ хайж байгааг андахгүй. Ханш нь тэр дороо өснө. Зарим нь зээлнэ, ацаглана. Маргаашийнхаа мэдээг даатгана гэсэн үг. Зарим нь шууд өдрийн хоолоор тулна.
Нэг удаа шуурхайгаа хийх гээд ширээнийхээ ард юм бичээд сууж байсан чинь “Эрхлэгч ээ, мэдээ байна уу” гэсэн дуу гарлаа. Харсан чинь Лхагвадорж толгойгоо маажчихсан зогсож байдаг байгаа. Уг нь надад мэдээ хэлэх үүрэгтэй хүн шүү дээ. Нэг иймэрхүү янзаар шинэ өдрийн ажил эхэлдэг байв.
Мэдээгээ өгөхгүй бол торгодог журамтай байсан юм л даа. Тэгээд л мэдээний эрэлд хатаж байгаа нь тэр. Чухамдаа богинохон хугацаанд жижигхэн зах зээл үүсдэг байсан юм уу даа, янз нь. Урд өдрийн сонингоо шүүнэ. Материалынхаа сайн, муу, алдаа, оноог нь ярина. Торгох, шагнах нь зэрэг явагдана. Торголоо гээд чанга дуугарч л байдаг. Туслах бичээд л авна. Сүүлдээ торгож байгаа нь ч шийдвэрээ гаргадаггүй, торгуулж байгаа нь ч тоохоо больчихсон. Сурвалжлагч нар маань ажилдаа гаршаад байгаа нь тэр л дээ.
Ц.Балдорж гэдэг эрхмийн тухай энд би юугаа бичих вэ дээ. Хэн бэ гэдгийг нь уншигчид сайн мэднэ. Намайг сонинд хөтлөн оруулж, бичих дөр суулгаж өгсөн буянтан.
Д.Цэдэн-Иш эрхлэгч. “Ардын эрх”-ээс хэдүүлээ тасрагчдын нэг. Бидэнтэй бараг харьцахгүй дээ. Намайг “Ардын эрх”-д анх ороход бас манай хэлтсийн дарга байлаа. Сүүлд нь Монголын радио, телевизийн орлогч дарга болсон.
Б.Пүрэвдаш эрхлэгч. Яруу найрагч Д.Цоодол гуайн айлдсанаар “Үүл нүүж цахилгаан бадарсан тал, үер бууж сүрийг үзүүлсэн газар” юм даа. Далайх нь хурдан ч, буух нь зөөлөн. Түүнийг нь мэдэхгүй шинэ залуучууд эмээдэг байсан гэдэг юм билээ. Нэг их сүрхий мэнчийгээд бухимдсанаа тав хүрэхгүй хормын дараа тамхиа зуучихсан өмднийхөө халаасанд гараа шургуулчихсан, хоёр тийшээгээ найгасхийн инээгээд алхаж явна даа. Хулгараа дэвсээд, нүдээрээ инээгээд эхэлбэл ч явдалтай даа. Дугаарын материалыг бол цоохорлож өгнө дөө.
Орлогч эрхлэгч Б.Лигдэн гуай байна. Бидэндээ бол аав. Цөмөөрөө “Лийгээ эрхлэгч” гэж хүндлэн дуудна. Залуучууд эмээдэг атлаа эрхлэнгүй хандана. Хааяа нэг дуугарахдаа жинтэй үг унагана. Алдааг харна ч, засна ч. Цочихоороо “хүүе” гэж чангаар дуу алдаад тэр том бие нь овгосхийх нь сүртэй. Бас ёжтой. Лхагвааг жижигхэн биетэй юм болохоор тамхиа барьчихсан “...хүү минь тамхилчих” гээд зогсож байх вэ дээ. Тэр үед Лхагваа эхнэр аваад хүүхэдтэй болчихсон үе л дээ. За ингээд орхих уу даа. Энэ үгийг нь одоогийн хэлдгээр аль ч “өнцгөөс” нь тайлбарлаж болох байх.
А.Мягмаржавыг залуус маань “Мягаа эрхлэгч” гэдэг. Орлогч эрхлэгч бөгөөд Эдийн засаг, бизнесийн хэлтсийг удирддаг байв. Онгоц дуунаасаа нэлээд урд нисэж явдаг биз дээ. Харин Мягаагийн дуу нь их биенээсээ 500 орчим метрийн өмнө сонсогдоно. Энэ нь тандалтаар нотлогдсон юм. Дэлбэрдэг ч үгүй, унтардаг ч үгүй галт уул л гэсэн үг. Халаасандаа гараа шургуулчихаад л шал шагайгаад алхаад байгааг нь харахад нэг их том юм бодоод байгаа шинжтэй. Гэвч тэр дүр нь шал худлаа. Ажилтнуудаа дарамтлах тактикаа боловсруулж байгаа нь тэр. Ер нь давшилт, ухралт хоёр нь зэрэг хийгддэг “генерал” даа.
Д.Цоодол гуай гэж “тэнгэрийн амьтан”. Тэр хүний тухай би юу ярих вэ дээ. Орж ирж байгаа нь харагддаг юм. Гараад л явчихсан байдаг. Ард нь нэг шог яриа үлдчихсэн байдаг.
С.Батбаатар “Таван цагариг”-аас “Өнөөдөр”-ийн орлогч эрхлэгчээр ирсэн. Дараа нь дэвшээд явсан. Сүүлд нь эргээд ирсэн дээ. Тайван гэдэг нь тамтаггүй.
Шог зохиолч Шаг.Цэнд-Аюуш эрэн сурвалжлах албыг нь удирдаж байлаа. Ширүүн дуугарч байхыг нь би сонсоогүй юм байна. Дүнсгэр мөрөн шиг чимээгүй урсаад, ямар ч хэл амгүй ажил нь урагшлаад л байдаг хүн дээ.
Зохиолч До.Цэнджав. Ажлаа ч хийнэ. Ажил дээрээ сууж байхдаа роман биччихсэн хүн дээ. До.Цэнджав, А.Мягмаржав хоёр дээр охидууд соронзонд татагдсан хадаас шиг шавчихна. Увдис байх даа.
Н.Лутбаяр хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Зүүн хойд талын буланд суудаг. Хашлаганыхаа араас улаа бутарсан толгой цухуйж байгаа нь яг намрын бурхи шиг харагдана.
И.Рэнчинханд арвин туршлагатай нь. Бичээд л, орчуулаад л туугаад байна. Гараас нь юм гарах нь үнэхээр хурдан. Бид хоёр хөдөө томилолтоор мөн ч их явсан даа. Юм юмаараа жинхэнэ багш юм шүү дээ. Хэвлэлээс урваагүй удаж байгаа нь Рэ байх. Нэлээд олон онигоотой нөхөр дөө. Шинэ, хуучин залуус маань Рэ ах гээд сүрхий хүндэлдэг юм. Бичсэн нь ямагт уншууртай. Одоо “Өнөөдөр” сонинд хууччуулаас бараг ганцаараа шахам үлдээ шив дээ. Ер нь Монголын хэмжээнд хэвлэлийн салбарт хамгийн олон жил тасралтгүй ажиллаж байгаа нь байх шүү. Сонинд цөөхөн ч гэсэн иймэрхүү хүн байх нь их хэрэг болдог юм билээ.
Р.Чулуун гуай Гэрэл зургийн албыг ахалдаг байлаа. Элдэв цуглуулга ихтэй, нуугдмал архив байв. Гэрэл зургийнхан аминчхан. Тусдаа өрөөтэй. Гэрэл зургийн архивыг ухвал олон сонин баримт олдоно байх. Энэ албанд Б.Тогтохдэмбэрэл (Тошка), С.Энхжаргал, Н.Байгалмаа, Т.Чимгээ, Ж.Орхон нар ажиллаж байлаа.
Зар сурталчилгааны алба гэдэг том алба. Дарга нь Н.Баярсайхан. Удирдлагад нь Н.Оюунчимэг, Л.Эрдэнэчимэг, Ч.Энхцэцэг, Д.Алтанцэцэг, Д.Бат-Оюун, Ж.Бурмаа, Ю.Төгсжаргал, Ц.Наранхүү гээд хэдэн “гал” бүсгүйчүүд ажиллаж байв. Ажлаа ч сайн хийнэ. Паян ч ихтэй. Хонгилд хүний дуу хадаж байвал тэд ирж байна, эсвэл гарч явна гэсэн үг.
Л.Болормаа орлогч эрхлэгчээр, Ж.Гэрэлмөнх, Б.Бумхүү, Сэсээр нар сурвалжлагчаар ажиллаж байлаа, хөөрхийс.
“Өнөөдөр” сонин хүмүүсийн нуугдмал авьяасыг төлжүүлдэг, өөрийгөө танихад нь тусалдаг, өөрийгөө тоох, голох, ухаанд суралцуулдаг, тэмүүллийн дөлөнд нь ямагт цучил нэмдэг шударга өрсөлдөөний талбар юм.
Энэ сониныг өдий зэрэгт хүргэж, Монголын өнцөг булан бүрт танилтай болоход нь авьяас, чадвараа зориулан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийн хувь нэмрийг үнэлж баршгүй.
Олон жилийн дараа бичиж байгаа болохоор мартагдсан зүйл их байна. Зарим хүний нэр багтаагүй бол орхичихсон юм биш шүү. Уучлаарай.
“Өнөөдөр” бол бүхий л амьдралыг багтаасан түүхийн сурах бичиг, судалгааны томоохон гарын авлага юм. Иймээс “Өнөөдөр” судлалыг бий болговол улстөрчид, улс төр судлаачид, түүхч, сэтгүүлчдэд ихээхэн хэрэг болно доо гэж надад бодогддог юм.
Манайхан мартагддаггүй юм аа. Би хүний зэрэгт хүртэл элдвийг сурч чадаагүй ч тэндээс идсэн “будаагаараа” л амьдарч явна. Та нартаа мөнхийн тэмүүллийг хүсье.