Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.
Банкууд ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай”, “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тодруулбал, “Банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” зэрэг зөрчлийг ШӨХТГ-ын байцаагч нар тогтоон ХААН, “Хас”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк, “Ариг”, “Чингис хаан”, “Капитрон”, “Капитал”, Улаанбаатар хотын банк гэсэн есөн банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “Өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлсэн аж. Банкууд түүнийг нь илт хууль бус гэж үзсэн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” 2014 оны гуравдугаар сарын 7-ны 7/169 дүгээр албан шаардлага нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг нь хүчингүй болгосон аж. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 560 гаруй мянган төгрөгийг ШӨХТГ-аас гаргуулахаар болж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээлээ.
Г.ОРЧЛОН