Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төслийг хэлэлцэн дэмжлээ. Үүгээр Ерөнхийлөгч, УИХын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилга, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлж буй. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дэмжээгүй юм. Эдгээр албан тушаалтантай хэн хариуцлага тооцох, үндэслэл нь юу байх, улс төрийн зорилгоор урвуулан ашиглах эрсдэлийг хэрхэн тооцсон, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн, эсэх, хэрэгжүүлэх цаг үе нь мөн үү зэргээр асууж, тодруулж байлаа.
Тус хуралдаанд төслийг санаачилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж болох зүйл бол хариуцлагын асуудал юм. Зөвхөн улс төрийн эр зориг гарган, болж буй үйл явцад дүгнэлт хийгээд, шийдэх боломжтой. Гишүүдийн адил би ч тогтвортой байдлын асуудалд санаа зовж байна. Төр нь хариуцлагагүй, хариуцлага тооцдог механизмгүй бол тогтворгүй байдал бий болдог. Тиймээс хариуцлагын хуультай болсноор нийгмийг тогтвортой байлгах үндэс гэж харж байна. Сонгууль болох гэж байгаа. Үүгээр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Зөвхөн ярих биш, хийх ёстой.
Гэхдээ эндээс нэг зүйлийг бүгдээрээ ойлголцъё. Бид хариуцлагын тухай яриад байдаг ч болгоомжилдог. Үүнээс болоод бид нийгэмдээ хариуцлагын тогтолцоо бий болгож чадаагүй. Шинэ хууль, харилцааг нэгтгэж, бүрэн томъёолох хэцүү байсан. Хамгийн гол нь хариуцлагын хуультай болох ажлыг эхлэх ёстой гэж бодож байгаа. Цаашид бүр тодорхой болгох боломжтой. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтад санаа зовж байгаатай санал нэг байна.
Ийм үйл ажиллагаа үргэлж болоод байх юм биш биз. Ард иргэд сонгохоос гадна УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооцдог, эгүүлэн татах эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрх эхэлснээс хойш болон дараагийн ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө эгүүлэн татах санал асуулга явуулахгүй гээд заачихсан. Ингээд хоёр жил нь алга болж байгаа. Бүх талыг нь бодсон” гэв.
МАНАЙ УЛС ӨРИЙН ДАРАМТАД ОРООГҮЙ ГЭВ
Үдээс хойш нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Засгийн газраас өрийн статистик мэдээллийг боловсруулах, бүртгэхдээ бусад орны нийтлэг мөрдөж буй ОУВС-гаас баталсан аргачлалын дагуу тооцож байгаа болно. Манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаг. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтад Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээдэггүй.
Манай улс 2012 онд бага орлоготой орноос дунд орлоготой руу шилжсэнээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, улмаар өрийн удирдлагын шинэ тогтолцоо бий болгож, зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлдэг олон улсын туршлага бий. Үүний дагуу Засгийн газраас гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж авахын зэрэгцээ олон улсын зах зээлд үнэт цаас гаргаад байна.
Энэ оны хоёр болон гуравдугаар сараас эхлэн түүхий эдийн үнэ сэргэх хандлага ажиглагдаж, мега төслүүдээ урагшлуулсан зэрэг нь эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болно. Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тарааж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамт үзүүлж буй нь сонгууль ойртсонтой холбоотой, ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна” хэмээн онцолсон. Мэдээлэлд дурдсанаар манай улсын нийт гадаад өр 2015 оны эцсийн дүнгээр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж буй аж. Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл өнгөрөгч оны эцэст 14.3 их наяд, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж буй нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаараас даваагүй үзүүлэлт болохыг тэмдэглэв.
Ерөнхий сайд өндөр хөгжилтэй зарим улсын нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг нэрлэсэн боловч өөрийн улсынхыг хэлсэнгүй. Харин “аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэй тухайн улс зээлээ төлж чадах, эсэхэд анхаарал хандуулдаг. Олон улсын жишгийн дагуу өрийн тогтвортой байдлын таван үзүүлэлтээс гурав нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг. Манай улс дээрх таван үзүүлэлтийн 1-ээс бусдыг бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна. Цаашид Засгийн газрын үнэт цаас гаргах замаар гадаад зээл авч, өрийг дахин санхүүжүүлэх, эргэн төлөлтийн хугацааг уртасгах, нэг жилд ногдох ачааллыг бууруулах, гаргасан үнэт цаасныхаа тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дүгнэлтийг дэд дарга Д.Хаянхярваа танилцуулж, зарим гишүүн асуулт тавин, байр сууриа илэрхийлсэн.
Д.Дэмбэрэл: -Эдийн засгийн бүхий л үзүүлэлт уначихлаа. Дифляц болж байгаа юм биш үү. УИХ-аас Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авахаас бусад эрхийг хааж, дотооддоо арга хэмжээ авч хэрэгжүүлбэл яасан юм бэ.
Л.Энх-Амгалан: -Ерөнхий сайд өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан өндөр хөгжилтэй улс орнуудын тоог дурдаад байна. Энэ нь өрийн сэрэмжлүүлэх түвшинг заахаас бус, энэ хүртэл өр тавь гэсэн үг биш. “Өрийн дарамтад ороогүй байна” гэсэн нь тун гэнэн дүгнэлт. Өнгөрсөн хоёр жилийн турш эдийн засгийн бүх үзүүлэлт унаж, ирэх хоёр жилд ч хүлээгдэж буй үзүүлэлт нь өөдрөг биш байхад Засгийн газар яагаад ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй байгаа юм бэ. Өндөр хүүтэй зээл авчихаад хөрөнгө босгосон гээд байх юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Байдал харанга дэлдэх хэмжээнд очоогүй байгаа. Бизнесийн орчныг тогтвортой болгохын тулд хувийн хэвшлээ дэмжиж ажилласан. “Оюутолгой”-н охин компанийн өрийг хүртэл оруулж тооцоход улсын өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг нийт иргэнд хуваавал хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж улс төр хийхээ болих хэрэгтэй.
Ж.Энхбаяр: -290 сая ам.доллар зээлэхийн тулд 55.6 саяыг нь суутгуулж байна. Засгийн газрын дотоод бондыг 16-18 хувийн хүүтэй гаргаж байна. МАН засгийн эрхийг барьж байхад зээлийн хүүнд 34.7 тэрбум төгрөг төлж байсан бол энэ онд 25 дахин ихийг төллөө. Үүнд ямар тайлбар хийх вэ.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: -“Самурай” бондыг гаргахдаа давхар баталгааны шимтгэлийг жилийн хоёр хувиар тооцож, Японы талд төлсөн. Бондын арван жилийн шимтгэлийг нэг дор буюу 56 сая ам.доллар суутгасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын үүрэх эрсдэлийг Японы тал бүрэн хариуцаж байгаа юм. Бусад улсад бонд гаргасан нөхцөлтэй харьцуулахад манайд харин ч илүү таатай боломж олгосон.
Ө.Энхтүвшин: -Намаараа ялгаралгүй өрийн талаар ярих хэрэгтэй. Яаж төлөхөө тооцсон уу. Биднээс хойш галав юүлсэн ч яах вэ гээд суугаад байна уу.
Ч.Сайханбилэг: -УИХ-аас тогтоосон өрийн хязгаар ДНБ-ий 58.3 хувиас хэтрэх ёсгүй. Эргэн төлөх тухайд Засгийн газар өрийн удирдлагын менежментийн асуудлаар журам, төлөвлөгөөгөө энэ оны эхэнд баталсан. Тодорхой зохицуулалт хийх бүрэн боломжтой.
Ч.Хүрэлбаатар: -Монголбанк мөнгө хэвлэж, төсвийн алдагдлыг нөхсөн. Ерөнхий сайд зээлээ хэрхэн төлөх талаар гаргалгаа хайсангүй. Манай гадаад өр валютын нөөцөөс хэдэн арав дахин давчихлаа. Тиймээс ч валютын ханш савлаад байна.
Ч.Сайханбилэг: -Ойрын хугацаанд төсвийн орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх төлөв алга. Дараагийн Засгийн газрын үед ч байдал ийм л байна. Гэтэл та нар зээлийн асуудлаар улстөржөөд, хөдөө очих бүртээ иргэдийг айлгаж байна. Манайх шиг хувийн хэвшлээ дэмжсэн Засгийн газар байхгүй. Бид мянга давсан аж ахуйн нэгжид зээл олгосон.
Б.УРАН