Хавар болоод, ядаж байхад сонгууль дөхөөд зарим улстөрчийн “өвчин” хөдөлж байх шиг. Байсхийгээд л хэл аманд орооцолдож, олны анхаарал татдаг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ойрын өдрүүдэд хангалттай элийрэв. МоАХ фракцын тэргүүнийг нь баривчлах гэлээ хэмээн “Баянгол” зочид буудалд очин “хамгаалагч” хийж үзлээ.
“УИХ-ын гишүүд бүрэн эрхээрээ хамгаалсан тулдаа л хүн баривчилсангүй” хэмээн тэрбээр мэдэгдэв. Маргааш нь “МоАХ фракц Засгийн газраас дөрвөн сайдаа татна” гэлээ. Үнэндээ энэ талаар фракц дотроо ярьж тохирсон зүйл байгаагүй, өнөөх Х.Баттулга нь ч гайхсан сурагтай. Ер нь Х.Баттулга гишүүн үе үе айхтар ичдэг байх.
Өөрийг нь хүрээлсэн “долоогчид”-ын хэт нялуун үг, үйлдлээс тэр шүү дээ. Үйлдвэр, худалдааны сайдын албан тушаалаа өгч, давхар дээлээ тайлах үед нь түүний “чиргүүл” Д.Ганбат гишүүн бөгсийг нь улайтал магтсан юм даг. Харин одоо “улаан хамгаалагч” Л.Эрдэнэчимэг гэдэг гишүүнтэй боллоо. Нөгөөх нь сэтгэлийн хөөрлөөрөө элдэв мэдэгдэл хийж, даргыгаа эвгүй байдалд оруулж ханахгүй юм даа.