Нялхсын эндэгдлийг 60 гаруй хувь өсөхөд гол нөлөө үзүүлэн хүчин зүйл бол улаанбурхан хэмээн зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл таамаглаад буй. Тиймээс ч аюулын харанга дэлдээд буй эл өвчинтэй тэмцэх, улаанбурхан туссан бага насныхны эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг ХӨСҮТ-д хандивлах аян цахим ертөнцөд өрнөөд буй. Уг аяныг түүчээлж сүмогийн их аварга Асашёрюү уян зүү тавихад хэрэглэдэг судас гэрэлтүүлэгч, дуслын автомат шахуурга хэд хэдэн ширхэгийг худалдан авах захиалгаа өгөөд байгаагаа мэдэгдсэн.
Харин түүнийг ийн балчир үрсэд сэтгэл зовниж буйг дуулсан найзууд нь 1000 уян зүү, 1000 дуслын зүүг улаанбурхан туссан Монголын хүүхэд багачуудад хандивлахаар болжээ.