Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр "Улаанбурхан" өвчний талаар салбар хариуцсан сайдаас мэдээлэл өгөхийг Г.Уянга гишүүн хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд эх нялхасын эндэгдэл жилээс жилд буурсаар байгаа. Тухайлбал 1990 онд 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 63.4 хувь байсан бол 2015 онд 15.3 хувь болж буурсан. Энэ үзүүлэлтээр НҮБ-ын "Мянганы хөгжлийн зорилт"-ыг амжилттай хэрэгжүүлсэн орны тоонд манай улс ороод байгаа юм.
Өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ оны эхний гурван сарын байдлаар 0-5 хүртэлх насны 918 хүүхэд нас барлаа хэмээн ташаа мэдээлэл тарааж байна. 2016 оны эхний гурван сарын байдлаар 491 хүүхэд эндсэний дотор 0-1 хүртэлх насны хүүхэд 420 байна. Гэхдээ энэ нь зөвхөн Улаанбурхан өвчнөөр бус юм. Харин 2016 он гарсаар Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 16270 бүртгэгдээд байгаагаас 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор энэ өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Энэ он гарсаар ХӨСҮТ-д Улаанбурханаар өвчилсөн 13515 хүнийг эмчлээд байна. Үүнээс 1431 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлээд байна. Ийм ачаалал урьд өмнө нь гарч байгаагүй юм.
Одоогийн байдлаар Улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас баралтын 50 орчим хувь нь хөдөө орон нутагт байсан бөгөөд эндсэн хүүхдийн ихэнх нь 0-0.8 настай буюу вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд байгаа юм. Нийт эндсэн хүүхдийн 70 хувь нь архаг суурь өвчтэй, хавсарсан өвчин буюу тураал, бронхит, цус багадалт, рахит, төрөлхийн дархлаа муу хүүхдүүд байсан. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгалгаа, 3.2 хувь нь бусад өвчнөөр хүндэрсэн байна.
Тус өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газар болон ЭМСЯ-наас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ЭМСЯ-ны сайдын тушаалаар санхүү нөөцийн баг бүрдүүлэн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэн, мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэн, хөдөө орон нутагт сургалт зохион байгуулж байгаа. Мөн 2015 оноос эхлэн 6 хүртэлх насны 300 гаруй мянган хүүхдийг Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулсан бөгөөд Засгийн газрын тушаалаар хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 48.3 сая төгрөгийг шийдвэрлэж 627500 тун вакциныг авчирч хийж эхэлсэн. Мөн эмнэлгийн ажилчдыг 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж байна. Өнгөрсөн долоо хоногт ЭМСЯ-ны сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтны илүү цагийн хөлс болох 114 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Түүнчлэн ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг 350 сая төгрөгөөр авах боломж бүрдүүлж, шууд худалдан авалт хийж байна. Одоогийн байдлаар төрсөн эх болон нярайд Улаанбурхан өвчин дархах магадлалыг 89 болтол буурч тогтворжих хандлагатай байна.
Ийм хүнд бэрхшээлтэй асуудлыг улстөржилгүй, хамтын хүчээр даван гарах шаардлага тулгараад байгааг онцолмоор байна" гэв.